COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хаянхярваа ХХААХҮ-ийн сайдад хандаж, ЖДҮХС руу утсаар яриад 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ

админ
2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Жил гаруйн өмнөөс ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн “ЖДҮ-гийн хэрэг”-т эрх баригч МАН-ын ихэнх гишүүн холбогдсон байдаг. Тухайн гишүүдийг үлдсэн хэсэг нь үзэж харж чадахгүй байгаагаа хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлсээр ирсэн.

Тийм гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байв. Тэрээр тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байлаа. Д.Хаянхярваа 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд мэдээлэл хийж “Бүлгийн даргын хувиар биш хувь гишүүний зүгээс ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна” гэж байсан юм.

Тэрээр “ЖДҮХС-г тойрсон маргаан намжихгүй байна. УИХ, Засгийн газар, намын түвшинд тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг огцруулснаар шуугиан намжих байх гэсэн хүлээлттэй байгаа юмуу гэж харж байна. Олны анхаарлыг татсан асуудалд яагаад Ерөнхий сайд, Намын дарга дорвитой хариулт өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нийгмийн анхаарал татсан энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг үүднээс өнөөдөр шаардлага хүргүүлж байна” гээд ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах, УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах, дээрх сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг нягтлан шалгах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байв.

Гэвч Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдоод авсан байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хожим энэ талаар ярихдаа “Би компанийг нь мэдэхгүй байна. Албан хүсэлтээр хандаж байсан байхыг үгүйсгэхгүй” гэж талбарласан байна.

Гэтэл 2018 оны хавар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт дэмжих шаардлагатай компаниудын нэгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн гэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн нэрийг хэлжээ. Түүнийх нь дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн дарга Ж.Баасандоржийн гар утас руу залгаж, “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн талаар хэлж сануулсан байна. Тухайн үед ЖДҮХС-гийнхан “Д.Хаянхярваа гишүүн хаанаас утасны дугаар олчихов оо” гэж ихэд гайхсан байгаа юм.

Улмаар дээрх компани нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаалд багтаж 900 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Уг санхүүжилт 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн данс руу шилжсэн байна.

“Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн хувьд Дархан-Уул аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 40 хүнийг тогтмол ажилтай орлоготой болгож 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нээлтээ хийж байжээ.

Тус компанийг тухайн үед “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Г.Ганболдын эзэмшлийнх, Г.Ганболд нь Д.Хаянхярваагийн сонгуулийн менежер зэргээр ойр дотно явсан гэх мэдээлэл тарсан. Гэхдээ энэ нь худлаа болж, дээрх компани Г.Ганболдын биш И.Ганболд гэгчийн эзэмшлийнх болж таарсан.

Харин “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн талаар Гадаадын иргэн харьяатын газрын 2019 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 25-ны хоорондох ажлын тайланд “Дархан-Уул аймаг дархан сум III баг 103 тоотод байрлах “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-д БНХАУ-ын иргэн Li Fengbo /1977 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, EG8448925 дугаарын паспорттай/ нь 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр “В” ангиллын, 30 хоногтой визтэйгээр Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсад ирэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 16.2-1.4 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авагдан, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт болон Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.7 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин нэвтрэх эрхгүйгээр албадан гаргах саналыг Хяналт шалгалтын газарт хүргүүлсэн” гэх мэдээлэл дурдагджээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614313
1 эможи

Зочин
2020-03-03 21:02
худалч шоучин хаянхярвас
2020-03-03 15:49
Эрдэнэтийн шахаачдын нэг
Зочин
2020-03-03 12:40
Энэ мэтийн нөхдөөс ирэх сонгуулиар салж нэг амрах юмсан.
уншигч
2020-03-03 09:54
Энэ нөхөр хятад хүнд ждү-гээс зээл авч өгсөн болж таарахнээ энд бичсэнээр тэгж ойлгогдож байна энэ хүн ер ни тун муу хүн шиг байгаа юм
Zochin
2020-03-03 09:19
Toirogiin humuusiin huseltiig ulamjilhad yahvsee oortoo avsan bish
keyboard_arrow_up