COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улстөрийн намуудаас саналаа ирүүлжээ

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа илрүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.07.05) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ уншиж танилцууллаа.

Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлжээ 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус холбооныхон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дараах саналыг гаргажээ. Тухайлбал,

Нэгдүгээрт, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцээс 1996, 1998, 2000 онд гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай.

Хоёрдугаарт, шүүх эрх мэдлийн зохицуулалтын хүрээнд Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ гэж тоо заасныг өөрчлөх хэрэгтэй. Улсын дээд  шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна гэжээ.

 

Хөдөлмөрийн үндэсний намаас төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг дэмжжээ

 

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд, “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ.

Мөн тус нам хоёр асуудалд төслийн үзэл баримтлалаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол Улс УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг энэ удаа авч үзэхгүй, Монгол Улсын хөгжлийн загвар бодлоготой хамт нийт монголчууд, стратеги судлаачид, нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэргэжилтнүүдийг оролцуулан, одоогийн төслөөс тусад нь, дангаар нь шийдэх асуудал гэж үзэж байна гэжээ.

Харин Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна.

Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605669
0 эможи

keyboard_arrow_up