COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ УИХ-ын гишүүд ХОНОЦЫН СЭТГЭЛ гаргаад эхлэх шив

2019 оны 6 сарын 04

Arslan.mn

Уг нь үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Гэхдээ Монголын ард түмэн ирэх жилүүдэд үүрэх ачаагаа энэ УИХ-ын гишүүдээр татуулахгүй гээд ч яах билээ, итгээд төрийнхөө жолоог атгуулчихсан хойно.

Гишүүдийн хувьд хэн нь суудалдаа хоноцын сэтгэлээр хандаж, хэн эзний зүтгэл гаргахаараа ялгарахад ердөө л ганц жилийн хугацаа үлдэж. Өнгөрсөн хугацаанд сэтгэл, зүтгэлээрээ ялгарсан үйлдэл нэг бус удаа гаргасан. Энэ удаад тэр бүрийг нуршилгүйгээр УИХ-ын гишүүд ирэх сонгуулийн жил, түүний цаадах хүнд сорилтуудыг хэрхэн харж байгааг авч үзье.

Зүй тогтлоороо улстөрчид ирэх жил сонгогчдодоо хайр зарлах учиртай. Хайр зарлахдаа өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүй мөртлөө төсвийн мөнгийг жинхэнэ утгаар нь цацаж өгнө дөө. Өөрөөр хэлбэл, цаагуураа юу санаж явдгийг баталж буй хуулиуд нь хэлээд өгчихдөг. УИХ өнгөрсөн долоо хоногт 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсөөллийг ач холбогдол өгөлгүй баталж, дараагийн сонгуулиар бүрэлдэх парламентад Монгол Улсын цаашдын асуудлыг даатган орхилоо. УИХ-аас баталсан ирэх гурван жилийн төсвийн төсөөлөл бол Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зураг юм.

Хэлэлцүүлгийн явцад үүнд нээх цаг зав зарцуулахгүйн үүднээс өөрчлөлт хэлэх гишүүн гараагүй бөгөөд анх өргөн барьсан хэлбэрээр нь батлан дараачдаа үлдээв. Засгийн газраас ирэх оны төсвийн орлогыг 11.1 их наяд төгрөг, зарлагыг 13.2 их наяд төгрөг байхаар өргөн мэдүүлснийг ийн УИХ-ын гишүүд таалжээ. Сонгуулийн дүнгээр өөрсдөө парламентын гадна үлдэж ч мэдэх учраас тэдэнд хамгаагүй байж болно. Тэгвэл энд нэг тоо дурдах шаардлагатай нь ирэх жилүүдийн Монгол Улс ашиг олох, эсвэл алдагдал хүлээх эсэх явдал юм.

Төсөв өнгөрсөн оны төгсгөлөөс эхлэн ашигтай гарсаар байтал, 2020 онд улсын төсөвт хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээлгэхээр баталж байгаа нь ч сонгуультай холбоотой байхаар харагдаж эхэллээ. Зөвхөн энэ он гарсаар төсөв 286 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ эерэг байдал уул уурхайн орлого, дотоодын эдийн засгийн идэвхжилийн нөлөөгөөр он дуустал, магадгүй ирэх жилдээ хадгалагдах төлөвийг ажиглагчид ам уралдан хэлж байгаа.

Гэтэл эдийн засаг өсөлттэй үед хөгжлийн төлөвлөгөөгөө ийнхүү хэт том онгорхой цоорхой гарган баталсан нь улстөрчдийн хүссэн дүн, сонгуулийн санхүүжилт байж болох ч улсын ирээдүйн хувьд хэтэрхий өндөр бооцоо байж мэднэ. Нөгөө талаар хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээнээс авахуулаад нийгэм мөнгө шаардаж байгаа нь үнэн.

Харин нэг их наяд гаруй төгрөгөөр 20 орчим аймгийн төвөө нийслэлтэйгээ холбосон туршлагатай улсын хувьд ирэх сонгуульд хэтэрхий өндөр өртгөөр оролцохоор муйхарлаж буйгийн илрэл хоёр их наядын том цоорхой биш гэж үү. Үүнийг хоноцын сэтгэлээр хандлаа гэхээс өөр юу гэж үзэх билээ. Энэ нь 2021 -2022 оны төсвийн төсөөллөөс харагдах бөгөөд сонгуульд ялалт байгуулчихвал ганцхан жилийн дотор алдагдлаа нэг их наяд төгрөгөөр бууруулчихна гэж тооцоолжээ.

Тэр үед дааж давшгүй гадаад өрөө дахин зээл хийж санхүүжүүлэхээр төлөвлөсөн улсын хувьд бас л хэт том тоо шүү. Үүний оронд их наядаар зодож сонгуульдахгүй, их хаадаараа авгайлсан бондуудаа төлөх хуримтлал бий болгох улс төрийн зориг гаргах гишүүн энэ УИХ-д даанч алга. Ирэх жилүүдэд үүрэх өндөр дүнтэй өрийн шаардлагаар бол УИХ-ын гишүүд ирэх аравдугаар сард 2020 оны төсвийг батлахдаа, одоогийн төсөөллөө үндсээр нь өөрчилж таарна.

Харин энэ удаад ирэх жилийн төсвийн зардлыг хэт хөөсрүүлж, маш том алдагдал хүлээлгэхээр тооцсоныг үзэхэд, сонгуулиас цааш бидэнд хамаагүй үзэж байгаа бололтой. Учир нь Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд түүхэндээ байгаагүй буюу 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлнө.

Тодруулбал, 2021 онд Мазаалай бондын 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларын Чингис бонд, 2023 онд 600 сая. ам.долларын Хуралдай бонд, 2024 онд 800 сая ам.долларын Гэрэгэ бондын төлбөрийг хийх хуваарьтай байгаа. Үүн дээр хувийн хэвшлийн гадаад өрийг нэмэхэд, монголчууд гаднынханд нийтдээ 28.7 тэрбум ам.долларын өртэй гэдэг тоон мэдээлэл бий.

Энэ нь манай улсын гадаад валютын нөөцөөс 8.1 дахин их үзүүлэлт бөгөөд одоогоор Монголбанкны нөөцөд 3.6 тэрбум ам.доллар байгаа. Үндсэндээ Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байдаг. Эдгээр өрийн дийлэнхийг гадаад зах зээл дээр дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр дарахаас өөр аргагүй.

Тиймээс төсвийн алдагдлаа бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын түншүүддээ амласан амлалтаа биелүүлэх шаардлагатай байгаа. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэх нь илүү чухал баймаар юм.

Сүүлийн гурван жилд барьсан санхүүгийн сахилга батаа цаашид ч үргэлжлүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөрөнгө оруулагчид, рейтинг тогтоогч байгууллагууд анхааралтай харж байгаа. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад валютын албан нөөцөө 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг аль эрт гаргачихсан юм.

2021-2024 онд төлөх өрөө эдийн засагт дарамт учруулахгүйгээр өрийн менежмент хийхээр төлөвлөж буйгаа дээрх тогтоолуудын хамт батлуулсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигтээ дурдсан байна. Тэр болгонд нь төсвийн сахилга бат гэдэг нэгдүгээрт бичигдсэн байх юм. Гэтэл Үндэсний аудитын газраас 2016-2018 оны улсын өрийн удирдлагад хийсэн дүгнэлтдээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан 2018 оноос хойш Засгийн газрын өр буурсан ч гадаад зээллэг өндөр түвшинд хэвээр байгааг анхааруулсан.

Түүнчлэн УИХ-д Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулахыг зөвлөсөн шигээ Ерөнхий сайдад төсвийн үргүй ашиггүй зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах санал хүргүүлжээ.

Мөн дээрх баримт бичгүүдэд 2020-2022 оны эдийн засгийн өсөлтийг зургаан хувь гэж тооцсон байгаа юм. Энэ нь 2018 оны гүйцэтгэлээс нэг, 2019 оны өсөлтийн төлөвөөс хоёр хувиар бага дүн болж байна. Азийн хөгжлийн банк хамгийн сүүлд гаргасан тайландаа Монгол Улсын эдийн засаг 2019-2020 онд зургаан хувиас өндөр өснө хэмээн таамагласнаа танилцуулсан.

Тэгвэл манай Засгийн газартай хамтран эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС манай эдийн засгийн өсөлтийг найм хувиар зураглахдаа төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давна гэж лав тооцоогүй. Дэлхийн банк ч Монголын эдийн засгийг найман хувийн өсөлт үзүүлнэ гэж харж байгаа бөгөөд удааширсан тохиолдолд зургаагаас өндөр гэж харсан.

Харин энэ УИХ-ын гишүүд юу гэж харж байгаа нь ирэх өдрүүдэд улам бүр тодрох биз. Магадгүй, манай улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувьтай болж хүндхэн байдалд ороод байсан үеийг санагалзсан юм болов уу.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604313
0 эможи

keyboard_arrow_up