COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Засгийн газраас өнгөрсөн оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол дээр гишүүд байр суурийн зөрүүтэй байсан тул Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байв. Иймээс уг асуудлыг бүлгийн хурлаар дахин ярилцаж гишүүд нэгдсэн нэг ойлголттой болсон учраас хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжтойг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааны эхэнд хэлсэн юм.   

Сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байгаа.

Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл систем бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ, шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталж хэрэгжүүлснээр ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөрөөс төсөвт төвлөрсөн орлогыгусны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах бөгөөд орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар төсөлд тусгажээ. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг зарим салбарт тодорхойхувиар бууруулах, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгоход чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, холбогдох бусад мэргэжилтнүүд орж ажиллажээ. Улмаар тус Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байсан юм.

Ингээд энэ удаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах явцад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, чуулганы маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэж санал хураалтыг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 3.1.5, 3.1.6 дахь заалтыг нэгтгэн “3.1.5.“улсын эталон” гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг” гэж,  төслийн 3.1.13 дахь заалтыг “хэмжил зүйн мэргэжлийн байгууллага” гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх бүхий хуулийн этгээдийг;” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийг “Хэмжил зүйн бодлого” гэсэн 15 дугаар зүйл болгон өөрчлөн найруулж, “Хэмжил зүйн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх” гэсэн 5 дугаар бүлэгт оруулахаар боллоо. Үүнд,Хэмжил зүйн бодлого нь улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, худалдаан дахь техникийн саад, тотгорыг багасгахад чиглэсэн хэмжил зүйн тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд оршино. Хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг Засгийн газар батална” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 6.3 дахь хэсгийг “Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулахыг  дэмжсэн бол төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авч чадаагүй тул төслөөрөө үлдэв. Харин төслийн 11.6 дахь хэсгийн “журмыг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Хэмжил зүйн зөвлөл батална” гэснийг “журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж өөрчлөхөөр найруулахаар болов.

Мөн хуулийн зарим нэр томьёотой холбоотой төслийн заалтыг доор дурдсанаар найруулахаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал,  “нэгж дамжуулалт” гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг”, “хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” гэжхэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг”, “стандартчилсан загвар” гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэгэн төрлийн жишиг бодис, материалыг”, “хэмжих хэрэгслийн загварын туршилт” гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Түүнчлэн төслийн 5.1 дэх хэсгийг “Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж дуусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээЧуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн бол тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогджээ. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10-12 сая тонн бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалж нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас үүдэлтэйгээр уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа аж.

Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин болон аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулснаар БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, тус улсын төмөр замаар дамжин гуравдагч зах зээлд хүрч экспортын шинэ гарцыг бий болгох зорилгоор тус чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоолгохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат сүүлийн үед төмөр замын асуудал ихээхэн яригдах болсон ч нэгдсэн бодлого, тодорхой шийдэл харагдахгүй байна, нөгөө талаар салбарын сайдыг байлцуулж асуудлыг хэлэлцэх шаардлагатай гээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхээр болж,  уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөтгөх замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Шивээхүрэн нь ихээхэн нөөцтэй ордын нэг, тиймээс нүүрсний экспортоо дэмжих стратегийн бодлогын үүднээс асуудалд хандаж, төмөр зам барих зайлшгүй шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төслийг дэмжиж байна, гэхдээ төмөр замын бодлогоо нэг мөр цэгцэлж, зөв шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.

Төсөл санаачлагч илтгэлдээ, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавх, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулахад хүргээд байна. Иймээс улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд “шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” зэрэг нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгасан. Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан өмнөх хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болж хэрэгжихээр зохицуулсан. Үүнтэй уялдуулж шинээр нэмэгдэх байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулахаар төсөлд тусгасныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулахаар зохицуулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тусгаж өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэх зэрэг хэлбэртэй байхаар тусгасан байна.

Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээрээ гэрээт ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжээчээр ажиллах зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Н.Учрал, Б.Баттөмөр, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд шинжлэх ухаан, технологийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх, төрийн бодлогын аливаа асуудалд шинжлэх ухаанчаар алсын хараатай хандах, инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны бүтээмжийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудал тулгамдаж буйг онцлоод эдгээр асуудлыг шийдэхэд энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлж байв. Иймээс Байнгын хорооноос томоохон ажлын хэсэг гаргаж, энэ чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй байна гэсэн саналыг зарим гишүүн илэрхийлж байлаа.

 

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602708
0 эможи

keyboard_arrow_up