COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхийг гишүүдийн 66.7% нь дэмжлээ

2019 оны 3 сарын 20

Холбоотой Зураг

УИХ-ын өнөөдөр болж буй ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг гишүүдийн 66.7%-ийн саналаар дэмжлээ. 

Энэхүү хуулийг хэлэлцэн баталбал, алт олборлогчид 2023 он хүртэл 2.5%-ийн татвар төлөх боломж бүрдэнэ. Харин яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс алт олборлогчид алтны 5% ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5% гээд 9-10%-ийн татвар төлж байгаа юм. Энэ нь алт тушаалт буурах шалтгаан болж буй. 

Тодруулбал, татварын хэмжээ нэмэгдсэнээр Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 81% буураад буй. 

Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд алт тушаалт нэмэгдэж, 2018 онд 20 тонн алт худалдан авсан. 2017, 2018 онд огцом өссөн алт тушаалтаар Монгол Улс 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлснийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ээлжит бус чуулганы үеэр мэдээлсэн. 

Уг хуулийн төслийн талаар гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, Ж.Бат-Эрдэнэ гишүүн задарсан алтны компаниудын хяналтыг чангатгах шаардлагатай гэсэн бол М.Билэгт байгаль орчныг доройтуулж буй алт олборлогчдыг дэмжихийн оронд хөдөө аж ахуйн нөөц боломжоо ашиглан экспортоо нэмэгдүүлэх замаар валютын нөөц бүрдүүлэх боломжтой гэв. Мөн гаалийн хяналт шалгалтыг сайжруулж, хууль бусаар алт гаргахтай тэмцэх ажлыг ч хөндсөн. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалтаар 66.7% нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихээр болж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдэх үүргийг Эдийн засгийн байнгын хороонд өглөө. 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан 18.00 цагаас эргэн хуралдаж, Татварын багц хуулийг талаар хэлэлцэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601324
0 эможи

Иргэн
2019-03-20 22:42
Улс гэж байгаа ,төр гэж байгаа бол татвараа ав хил гааль ажилаа хий чадахгүй байгаа бол алт олборлож газар нутагаа бузарлаад хэрэгүй ,ард бид татвар авч чаддаг хүнийг 2020 - сонгуулиар сонгоод өгөе!!!
keyboard_arrow_up