COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулна

админ
2019 оны 1 сарын 16

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 52,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Болорчулуун:

-Газар аваад хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй бол газрыг нь хураах хэрэгтэй. Яг үүнтэй адилхан хайгуул хийгээд хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй бол зөвшөөрлийг нь цуцлах байдлаар хууль эрх зүйн зохицуулалт хийх боломжтой юу. Зохицуулалт тодорхой бус байдгаас түүхийн дурсгалт газрууд эрсдэлд орж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 гаруй жил түүхийн дурсгал, соёлын өв уул уурхайн олборлолтод өртөж, устаж байна. Засгийн газраас 22 газар буюу 3,2 сая га газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулж ирж байна. Хамрын хийд бол маш том хэмжээний соёлын өв хадгалагдаж буй газар. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ мэт газруудыг улсын хамгаалалтад авах шаардлагатай байна. Яамнаас нэмэлтээр устаж үгүй болж байгаа цаашид нэмэгдэх магадлалтай тусгай хамгаалалтын газруудыг оруулж ирэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Тусгай хамгаалалтад авлаа гээд нутгийн иргэдийг байгалийн баялгаа ашиглах тал дээр явцын дунд журмаар зохицуулах шаардлагатай байх. Тусгай хамгаалалт гээд ганц мод ч огтлох эрхгүй болдог. Тиймээс тусгай хамгаалалттай газрын ашиглалтын асуудлыг тодорхой болгох нь зөв. Аялал жуулчлалын бүсэд тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл өгдөг. Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хангах зохицуулалт хиймээр байна. Нөгөө талаас тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай газрууд бас байдаг. Монголд сумын төв нь тусгай хамгаалалттай газарт байдаг хоёр л сум байдаг гэсэн. Үүнтэй холбоотойгоор зарим айл, өрхийн хэрэгцээний газрыг тусгай хамгаалалтаас гаргаж иргэдийг газраа эзэмших, өмчлөх эрхийг нь нээж өгмөөр байна шүү.

Тусгай хамгаалалтад авах газрууд:

1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг 100 хувийн саналаар УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тиймээс энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов тогтоох, ажиглагчаар оролцох хүний тоог тогтоох, мөн ажлын хэсгийн ахлагчийг томилох юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Ерөнхий хяналтын сонсголоор хэлэлцэх асуудал нь юу вэ. Бас ямар асуудал хэлэлцэх юм бэ. Агаарын бохирдолтой холбоотой асуудлаар УИХ-аас өнгөрсөн жил тогтоол гаргасан. Үүний биелэлтийг хэзээ хэлэлцэх вэ. Агаарын бохирдол хэрээс хэтэрч, өвчлөл нэмэгдэж байхад төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна уу. Төрөөс сонсгол зохион байгуулж байгаа бол тодорхой шийдэл байх хэрэгтэй. Өнөөдөр бүх эмнэлэг өвчтөнөөр дүүрсэн байна, төр ямар шийдэл гаргах юм бэ. Энэ сонсголын үр дүнд юу хийх юм бэ. Зургаан дүүрэгт хүүхдийн клиник байгуулахад хамгийн багадаа нэг эмнэлэг 10 тэрбум төгрөг болно шүү дээ. Өнөөдөр ажил хийж шийдэл гаргах хүн байгаа юм уу. Шийдэл байхгүй төр боллоо.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:

-УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага хяналт, үнэлэлт тавих зорилгоор сонсгол зохион байгуулна. Манай байнгын хорооноос ажлын хэсэг байгуулаад байнгын хорооноос чиглэл өгөөд явах боломжтой. Ер нь бол сонсголын талаар шийдвэр гаргахгүй бөгөөд тухайн асуудлаар хийгдэж буй мэдээллүүдийг танилцуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийн дагуу сонсгол даргалах, ажлын хэсгийн ахлагчаар байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг томилохыг байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Батзориг нарыг томиллоо. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар тогтсон бөгөөд сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтоолд тусгасныг байнгын хороо дэмжлээ.

Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN

Эх сурвалж: News.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599334
0 эможи

keyboard_arrow_up