COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Батлан хамгаалахын салбарын хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018 оны 6 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэн сонсов.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааны эхэнд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн М.Билэгт чухал асуудлуудаа чуулганы хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэх санал гаргасан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлэв. Мөн Л.Энх-Амгалан гишүүн  Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүсэв. Гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг  өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж орууллаа.

Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Батлан хамгаалахын салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгснөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт зааж өгсөн байна. Нэмэлт, өөрчлөлт оруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй  “Дайчилгааны тухай” хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн 2.5.1-т заасан “дайчилгааны тогтолцоонд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны материаллаг болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээг ...”, 2.5.3-т “төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр хуульд заасан дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргээ биелүүлэх урьдчилсан бэлтгэлтэй байна” гэсэн зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.

Ажлын хэсгээс Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 20, хамт өргөн баригдсан бусад төслүүдийн талаар 2 саналын томъёолол, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар нэг саналын томъёолол бэлтгэснийг байнгын хороо санал хурааж шийдвэрлэсэн. Чуулганаар мөн саналын томъёоллыг хэлэлцэж шийдвэрлэснээр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58759
0 эможи

keyboard_arrow_up