COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулна

2018 оны 1 сарын 11
Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудлыг тусгаад буй. Энэхүү заалттай холбогдуулж үг хэлсэн гишүүдийн зарим нь өмнө ажиллуулж байсан "Цэвэр агаар" сан шиг удирдлагууд нь хууль бус үйл ажиллагаа явуулж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан явдал давтагдах юм биш биз хэмээж байв. Мөн хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан. Энэхүү заалтыг оруулж өгснөөр амны хаалт үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа саарч, дотоодын үйлдвэрлэлээ унагах шалтгаан болох вий гэх ч гишүүн гарч байсан юм. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд хилээр оруулж ирэх амны хаалт нь тусгай шүүгчтэй байна гэсэн тайлбарыг хийсэн.

УИХ-ын гишүүдийн хувьд Улаанбаатарын гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн оновчтой хувилбар. Гэхдээ бүх айлыг орон сууцжуулна гэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдахаар байгаа тул ойрын жилүүдэд гэр хорооллын өрхүүдийг халаалтаа цахилгаан эх үүсвэрээс шийдвэрлэдэг болоход ажлаа чиглүүлэх ёстой гэв. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ үеэр ипотекийн хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ирүүлж буй иргэдийн 13 хувь нь л арилжааны банкнаас тавьж буй шаардлагыг хангаж байна гэсэн мэдээллийг өгч байсан. Түүнчлэн хуулийг 2019 оны эхнээс хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва нар эсэргүүцсэн бөгөөд тус заалтаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй.

Ингээд зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Үүний дараа тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52202
0 эможи
keyboard_arrow_up