COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“…Монгол Улс иргэдийнхээ эрхэнд халдлаа” гэж дэлхийд зарлах уу

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Уламжлал ёсоор эрх баригч МАН-ын парламент энэ сарын 20-ны өдөр 2020 оны сонгуульд зориулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Хуулийн гол заалт нь тэдний төлөвлөсөн 30 дугаар зүйлийн 30.8 дахь “…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэх агуулга байлаа.

Ийм саналыг АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан ТББХ-ны хурал дээр бичгээр гаргасан. Байнгын хороо дэмжиж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжлээ.  Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн 2008 оны тавдугаар сарын 20-ны тогтоолтой зөрчилдсөн учраас ажлын хэсэг нь хасах саналыг гаргасан байна. Энэхүү зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжжээ. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжээгүй. Батлаад явуулсан юм.

Энэ заалт хэнд зориулагдаж байгааг хүн бүр мэдэж буй. Гэхдээ эрх баригчид нэг хүнийг харж энэ заалтыг “шахсан” дараа нь томоохон аюул дагуулж мэдэхээр боллоо.

Нэгэнт баталчихаад, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй эрх баригчдад Монгол Улсын хууль дүрэм, хүний эрхийн талаар сануулах хэрэггүй биз. Тоох ч үгүй.

Харин энэхүү “богино улс төр”-ийн шийдэл нь Олон улсын гэрээ, конвенц хэрхэн зөрчиж байгааг тайлбарлах хэрэгтэй юм. Тэд мартсан байж мэднэ.

Монгол Улс 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж бий. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны арьанхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон. Одоогийн байдлаар пактыг үзэглэсэн 74, соёрхон баталсан 167 улс байдаг байна.

Энэхүү пакт нь  хүний  амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох,  сайн дурын үндсэн дээр гэрлэх, өрх тусгаарлах,  өмчтэй байх,   хүн бүр хуулийн өмнө адил тэгш  хамгаалуулах, улсынхаа дотор чөлөөтэй зорчих, амьдран суух газраа чөлөөтэй сонгох зэрэг хүний иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг багтаасан  Хүний эрхийн баримт бичиг юм.

Пактын 25 дугаар зүйлийн “…Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ” гэсний 25-ын Б-д “…Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар  хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” гэснийг зөрчжээ. Энэ маш ноцтой юм.

Пактын 2 дугаар зүйлийн 2.1-т  “…Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй”, 2.2-т “…Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй” хэмээн заасан. Мөн 3 дугаар зүйл дэх “… Энэхүү Пактад оролцогч улс бүр дараахь үүрэг хүлээнэ” гэсний А-д “…Энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн аливаа хүнийг, ийм зөрчлийг албаны үүргээ гүйцэтгэж байсан этгээд үйлдсэн байсан ч үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар хангах”, Б-д “…Эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх” гэсэн байна.

Тэрчлэн 5 дугаар зүйлийн 5.1-т “…Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй”, 5.2-т “…Энэхүү Пактад оролцогч аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа үндсэн эрхийг тус Пактад хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаар хязгаарлах буюу бууруулж болохгүй” гэжээ.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэгдүгээр протоколд Пактын  зорилгыг цаашид биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх үүднээс Пактад туссан аль нэг эрх нь зөрчигдөж хохирсон хэмээн мэдүүлэх хувь хүний мэдээллийг энэхүү Протоколд заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэх эрхийг уг пактад зааснаар байгуулсан Хүний эрхийн хороонд олгожээ.

Протоколын 2 дугаар зүйлд “…Пактад заасан аль нэг эрх нь зөрчигдсөн хэмээн мэдүүлж байгаа бөгөөд дотоодын эрх зүйн хамгаалалтын бүхий л арга хэрэгслийг барагдуулсан этгээд бичгээр гаргасан мэдээллээ Хороонд хэлэлцүүлэхээр илгээж болно”,

4.1-т “…Хороо энэхүү Протоколын дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг Пактын аль нэг заалтыг зөрчсөн гэгдэж буй оролцогч улсын сонорт хүргэнэ” гэсэн байгаа юм.

Хэрэвзээ, “…УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь заалт хүний эрхийг зөрчлөө” гэсэн мэдээлэл Пактын Хүний эрхийн хороонд очвол наад зах нь Пактад нэгдсэн дэлхийн 167 оронд “…Ардчилсан хэмээх Монгол Улс иргэдийнхээ эрхэнд халдлаа” гэж зарлагдана гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.24  МЯГМАР  №254  (6221)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611903
0 эможи

Зочин
2019-12-24 19:28
keyboard_arrow_up