7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ламжав: Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-аас биш, арай өргөн бүрэлдэхүүнээс сонговол эрх мэдлийг нь хязгаарлахад чухал алхам болно

админ
2019 оны 10 сарын 28

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ энэ ондоо багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ энэ ондоо багтаан оруулах, ээлжит сонгуультай хамт ирэх жил Ард нийтийн санал асуулгад оруулах, эсвэл тулга тойрсон улс төрийн маргаанаа даван туулж чадахгүй ямар ч нэмэлт, өөрчлөлт хийж чадахгүй хоцрох ийм хувилбарууд байна.

УИХ-ын тогтоол эхний хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан байх. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал зөвхөн манайд биш, ардчилсан тогтолцоотой ямар ч улсад улс төрийн өргөн маргааныг дагуулдаг. Нэг нь нөгөөг нийтийн өмнө буруутгаж улс төрийн оноо цуглуулахын тулд элдэв арга сэддэгийн дотор илүү чухал шийдвэрийг зогсоохын тулд ялихгүй хуулийн заалтаас чаргуулдан эсэргүүцдэг. Нэмэлт, өөрчлөлтийг баталж чадах эсэх нь УИХ-д суудалтай намуудын удирдлагууд улс төрийн манлайллаа хэрхэн хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүдийн хариуцлагатай байдлаас хамаарна.

-Ард нийтийн санал явуулахгүй байхаар шийдсэнд Та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-аар батлагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ онд багтаан Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Ингэснээр батлагдсан төслийг илүү сайжруулах, зөвшилцлийг илүү хангах боломжийг нээсэн хууль зүйн гэхээс илүү улс төрийн чухал шийдвэр байлаа.

-Гуравдугаар хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдээгүй гурван ч саналыг эргэж харна гэж МАН-ын бүлгийн дарга хэлсэн. Тодруулбал, АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, холимог тогтолцоотой болох, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх зэрэг саналуудыг оруулахыг зорьж байна. Энэ тухайд?

-Эдгээр бол хоригийг хүлээн авахад хүргэсэн улс төрийн томоохон шалтгаануудын нэг болов уу. Уул уурхайгаас хэт хараат байдлаас гарахын тулд эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэж манай эдийн засагчид ярьдаг. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай малын түүхий эд боловсруулах зэрэг үйлдвэр байгуулахад улсын хэмжээнд төвлөрсөн, харьцангуй удаан хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай.

Гэтэл сонгуулийн мажоритар тогтолцоо нь төсвийн хөрөнгийг үр ашиг муу, ирээдүйгүй зүйлд цацдагийг монголчууд бид нүдээр үзэж, биеэр амслаа. Намын хаалттай жагсаалтад тулгуурласан сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, ингэхдээ пропорционалиар сонгогдох суудлын тоо мажоритарынхаас илүү байх нь чухал.

Асуултад тавигдсан гурван санал бол хэдэн сонгууль дараалан нэг нам засгийн эрхийг толгойлох магадлалыг нэмэгдүүлнэ. Хөгжлийн тогтвортой бодлого хэрэгжих боломжийг нээнэ. Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-аас биш, арай өргөн бүрэлдэхүүнээс жишээлбэл, УИХ-ын 76 дээр нэмэх нь 76 төлөөлөн сонгогчтой бүрэлдэхүүнээс сонгож болно. Ингэвээс Засгийн газартай эрх мэдэл булаацалддаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахад чухал алхам болно.

-Үндсэн хуулийн ийм нэмэлт, өөрчлөлтийг дахин сонгогдохоо хүлээж буй Ерөнхийлөгч, гурван жил тойргоо усалсан гишүүд зөвшөөрөх болов уу?

-Наймаалцах хэрэгтэй болно. Ерөнхийлөгчийг сонгох заалтыг 2025 оноос, УИХ-ын гишүүдийг сонгох холимог тогтолцоог 2024 оны ээлжит сонгуулиас дагаж мөрдөхийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хавсралтад тусгаж болно.

-Гэхдээ Журмын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр зарим хуульч Цэцэд мэдээлэл гаргаад нэмэлт, өөрчлөлтийг зогсоочих гээд байгаа юм биш үү?

-Цэц бол 64.2-т заасны дагуу гагцхүү Үндсэн хуульд захирагдан, Үндсэн хууль зөрчигдсөн эсэх талаар Үндсэн хуулиар тогтоосон тодорхой хязгаарлалтын дотор шийдвэр гаргадаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр 68.1-д заасны дагуу саналаа УИХ-д оруулах бүрэн эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг маргааны журмаар хянан шийдвэрлэх эрхийг Үндсэн хууль Цэцэд олгоогүй. Үндсэн хуулийн суурь зарчим болон түүний хамгаалалтыг Үндсэн хууль дотор нь хийж өгдөг. Эхнийх нь бүр байхгүй. Хоёр дахь нь хангалтгүй хийгдсэн гэж УИХ үзсэн учраас 2010 онд жирийн хуулиар, тодруулбал “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар хамгаалалт хийсэн. Энэ нь хэтэрсэн хамгаалалт болсон гэдэг утгаараа Үндсэн хуулиа зөрчсөн хууль юм. Эдгээрийн заримыг засаж залруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

“Илүү чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд бага зэрэг муу юм хийх хэрэгтэй болдог” гэсэн үг байдаг. Асуудлын ач холбогдлын зэрэглэлд, асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэхэд орон зай үлдээх хэрэгтэй. Ийнхүү орон зай үлдээх нь хуулийг мушгин гуйвуулахад ч бас орон зай үлдээх болно гэдгийг мартаж болохгүй. Энэ бол “эрх зүй дэх нэг ёсны тодорхой бусын зарчим юм”. Бүх юмыг хуулиар тогтоож цэгцлэх гэж оролдох нь эрх зүйн тогтолцоогоо хэврэг болгох эрсдэлтэй гэдгийг бодолцмоор. Үүнтэй холбоотойгоор олон мал хулгайлсан гэдэг шалгуурыг 24 мал хулгайлснаар тогтоох хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдсэн жишээг ч дурьдаж болох юм.

                                                                       

                                                                       Ярилцсан О.АРИУНЦЭЦЭГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609777
0 эможи

Jagaa
2019-11-12 00:35
Ard tumneesee songo
Зочин
2019-10-28 18:18
Зочин
2019-10-28 13:49
keyboard_arrow_up