COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцлийг тодруулах зорилготой орон сууцны тооллогыг 2020 онд явуулна

2017 оны 12 сарын 08

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.  

Эхлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулсан байна. 

ХҮН АМЫН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

Монгол Улсын хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулсан, үүнээс хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад тус бүр тооллого хийж байжээ. ХXI зуун гарснаар анхны ээлжит тооллогоо 2010 онд хийсэн бөгөөд хүн ам, орон сууцны завсарын тооллогыг 2015 онд зохион байгуулсан аж.

Хүн ам, орон сууцны тооллого бол хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, орон сууцны нөхцөлийн талаарх суурь мэдээллийг агуулсан үр дүнг нь нутаг дэвсгэрийн хамгийг бага нэгж, түүнээс нарийвчилсан түвшинд гаргах боломжтой цор ганц мэдээллийн эх үүсвэр юм. Тооллого зохион байгуулахад төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний оролцоо болон хөрөнгө хүч шаардсан улсын хэмжээний хамгийн том компанит ажил байдаг.

Иймээс уг үйл ажиллагааг Статистикийн тухай хууль болон тусгайлсан хууль болох Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу зохион байгуулдаг юм.  Статистикийн тухай хуулийн Долдугаар зүйлийн 7.1.а-д “…хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам…”,  Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн Наймдугаар зүйлийн 8.2-т “…Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана…”, мөн хуулийн Арвангуравдугаар зүйлийн 13.2-т “… Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна…” хэмээн тус тус заажээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Гучин зургаадугаар зүйлийн 36.1-д “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль, тогтоомжид заасан бол холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг үндэслэн 2020 онд зохион байгуулах ээлжит тооллогын тов тогтоох тухай болон Улсын комисс байгуулах тухай Улсын Их Хурлтын тогтоолын төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүн амын бүртгэлийг цахимжуулах болон орон сууцны тооллого явуулах шаардлагын талаар тус тус тодруулсан юм.

Хүн ам, орон сууцны улсын тооллого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсарын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Иргэдийн цахим бүртгэлд суурилсан тооллогыг хийж, цахим бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэлжлүүлэх хяналтын тооллогыг давхар явуулсан гэлээ.

1969 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН ФОНДЫН БҮРТГЭЛ ХИЙГДЭЭГҮЙ

2020 онд хийгдэх тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Эрүүл мэндийн сан, Боловсролын сан, Ажил эрхлэлтийн сан гэх зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх санг нэгтгэх, хоорондын мэдээллийн зөрүүл арилгаж төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх анхан шатны ажлууд хийгдэж байгаа аж. Холбогдох ажлын төсвийн талаар мөн танилцуулсан.

Орон сууцны тооллогын тухайд 1969 оноос хойш Монгол Улсад барилгын фондын бүртгэл хийгдээгүй, иймд Барилга хот байгуулалтын яамтай хамтран 2019 онд барилга орон сууцны тооллогыг явуулах аж. 

Харин 2020 онд иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцөлийг тодруулах зорилготой орон сууцны тооллого явуулах юм байна. Үүний үр дүнд иргэн бүрийн амьдарч буй сууцны чанарыг тодорхойлох, холбогдох стандартуудыг тогтоох, энэ чиглэлд төрийн бодлогыг тодорхойлоход суурь мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлсэн.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, Ерөнхий сайд ахлан ажиллах “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Арилжааны банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар тогтов.

Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50859
0 эможи
keyboard_arrow_up