COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Би сэхээтэн хүн, намын цагаан хоолой биш”

2017 оны 9 сарын 26

-Монгол насанд хүрч өгөхгүй, хүүхдээрээ л байгаад байна. Бидэн шиг цэвэр, бохир цус ярьж байгаа ард түмэн хаана байна-

Түүний философийг масс ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр нийгмийн хар масст зориулж “тоглолт” хийдэг, ном бичдэг, лекц уншдаг нэгэн биш. Үзэл бодолдоо үнэнч, өөрийнхөөрөө байгаа нь түүнийг биднээс өвөрмөц, өөр сэтгэлгээтэй харагдуулдаг ч байх. 

“Монголчууд ном бүтээдэг ард түмэн биш. Ном шатаадаг ард түмэн шүү дээ...” гэсээр угтсан философийн ухааны доктор, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ бид хоёрын ярилцлага түүний шинэ номоос эхэлсэн юм.

-Байх ба биш. Яагаад номоо ингэж нэрлэсэн юм бэ?

-Утгачилбал байгаараа байх, байсан шиг байх гэсэн үг. Хүн шиг бай, хүн бай гэсэн утгатай. Философийн нэр томьёо хатуу байх ёстой юм. Хүн шиг байх нь амар асуудал биш. Хүн шиг байна гэдэг өөрөө асар өндөр ёс суртахуун шаарддаг. Монголд хүн шиг хүн цөөн болсон. Хүн чанар хөлийнх нь чигчий болчихсон гэж ярьдаг даа. Тийм хүмүүс манай нийгэмд олширч байна. Хүн чанартай хүнийг өнөөдрийн нийгэм бараг доог тохуу болгож байна шүү дээ. 

-Тэгвэл БИШ нь юу гэсэн утгатай вэ?

-Биш нь тэр ч биш, энэ ч биш гэсэн утгатай. Бидний амьдрал дээр байгаа бүхэн ихэнх нь “БИШ” байдаг. Хорвоо дээр байгаа ч юм шиг бас байхгүй гээд хаячихаж болохгүй. Харуулж, үзүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө мөн гэж бодож явтал тэр нь биш байх жишээтэй. Тухайлбал, бурхан байна. Бурхан байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг.

-Тэгэхээр хоосон чанарын илэрхийлэл гэсэн үг үү?

-Шашинд үүнийг хоосон чанарын илэрхийлэл гэдэг. Хүн юуг нь мэдэхгүй учраас хоосон гэж шашин дүгнэдэг. Харин философичид бол тэр бол биш, энэ бол биш, гэхдээ нэг юм байна гэж үздэг. Шинэ юм. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Харсандаа шууд үнэмшиж болохгүй гэж философичид заадаг. 

-Та бас 'Zizek Lectures' гэх цуврал лекцээ эхлүүлсэн. Хэр олон хүн сонирхож байна?

-Дажгүй ээ, наддаа хангалттай. Би масст зориулж лекц уншдаг хүн биш л дээ. Сарандаваа бид хоёрын ялгаа энэ байх. Олон хүнээс илүү цөөн чанартай, мэдлэг хүссэн хүмүүст би лекцээ зориулдаг. Жил болгон би олон нийтэд зориулж лекц уншдаг юм. Энэ удаад Жижекийг барьж авсан. Жижек бол 21 дүгээр зууны философийг тодорхойлж байгаа нэгэн. 'Big Other' болон түүний 'Nothing' юуг хэлж буй талаар лекцийнхээ үеэр ярилцаж байгаа. Хүсвэл очиж суугаарай. Жижекийн 'Nothing' гэсэн ойлголтыг хоосны онол гэж хэлэх дуртай хүмүүс олон бий. Гэтэл Жижек хоосон чухал биш харин хоосноос илүү дутагдал хэцүү гэсэн байдаг. 

-Хоосноос илүү дутагдал хэцүү гэж үнэн л үг байна. Гэхдээ таны философийг ойлгодог хүн Монголд цөөхөн. Эсрэгээрээ Б.Сарандаваагийн даллагад суухаар танхим дүүрэн хүмүүс ирэх жишээтэй. Энэ л манай нийгмийн дутагдал болчихлоо?

-Монголчууд философигүй ард түмэн шүү дээ. Бурханы шашин бол хэдэн зуун жил монголчуудыг балар харанхуй байлгаж ирсэн . Тэгвэл, түүхээс харахад Монголын гэх нэг ч эрдэмтэн бидэнд философийн ном бичиж үлдээсэнгүй. Герман, Франц, Итали, Англи, Хятад, Япон, Оросын философичид нь хэдэн зуун жилийн өмнө ном бичээд, номын сангаа байгуулаад ард түмэндээ үлдээчихсэн. Тэд чинь өвөөтэй, өвөөгийнхөө бичиж үлдээсэн философиор амьдарч яваа ард түмэн. Харин манай өвөг дээдэс ном бичихээс илүү номын сангаа шатааж ирсэн. Номоос хол хөндий, харин байгальд ойр ард түмэн шүү дээ, монголчууд. Тэгээд ч философи бол сэхээтний үйл ажиллагаа, учир нь хар масст зориулагдсан мэдлэг биш. Масс намайг үнэлэх эрхгүй ш тээ. Үнэлэх чадвар ч байхгүй. Дуурийн театр ороод дуурь үзсэн үзэгчээс сэтгүүлч танд дуурь таалагдав уу гэж асуухаар “сайхан байлаа” гэж нөгөөх нь хариулдаг. Уг нь захын үзэгчээс асуух хэрэггүй. Харин мэргэжлийн үзэгчээс асуух хэрэгтэй байхгүй юу. Түүнтэй адилхан намайг Сарандаваатай харьцуулах биш мэргэжлийн хүмүүстэй, философичидтой харьцуулж, тэднээс асуух хэрэгтэй.

-Та философич, багш хүн. Нийгмээ соён гэгээрүүлж, мэдлэг түгээх нь философичдын хийх нэг ажил биз дээ?

-Сэхээтэн хүмүүс нийгэмдээ номоо зориулдаг. Энэ нийгмийг чирч явах хүмүүс нь сэхээтнүүд. Тиймээс миний хувьд нийгэмдээ зориулж номоо бичээд л суугаа. Номыг маань худалдан авах, авахгүй нь массын өөрийнх нь асуудал. Миний номыг уншаад баяжна гэж хэлэхгүй ч бусдад мэдлэг өгөхийн тулд би номоо бичиж, лекц уншиж байна. Монголчуудын нэг том дутагдал байдаг. Сав л хийвэл гарч давхих, гарч барилдах дуртай.

Барилддаг, уралддаг хүмүүстээ жигтэйхэн хайртай. Гэтэл ном бичдэг хүмүүсээ огт үнэлдэггүй. Үнэндээ над шиг хүмүүс ном бичнэ үү гэхээс морь унадаг, бөх барилддаг хүмүүс ном бичихгүй ш тээ.

Монголд ном зохиодог, ном уншдаг хүн ховор болсон. Ном гэж “book”-ийг хэлж байгаа юм шүү. Сурах бичиг зохиож байна гээд их сургуулийн багш нар энэ тэндээс гүүглдэж олсноо эвлүүлчихдэг. Ном уншихгүй болохоор нийгэм маань асар их бухимдалтай. Аймаг, сум,нам фракцаараа талцсан хүмүүс унасан машин, өмссөн хувцас, байшингаараа л өрсөлдөж байгаагаа хөгжил гээд ойлгочихсон. Шулуухан хэлэхэд монгол хүн өөрөө асуудал болсон байна.

-Яг юу нь?

-Бусдыг залилдаг, хуурдаг, тэсвэр, хатуужилгүй, хулгайч, худалч, хувийн дэг журамгүй, сахилга батгүй. Дээр нь ариун цэвэрч биш. Мэндлэх хүндлэх ёс мэдэхгүй. Хүний нийгэмд байх ёстой бүх шаардлагыг монголчууд хангаж чадахгүй байна шүү дээ. Бүгд хүний нийгэмд гологдож байна. Манай 150 их дээд сургуулиас хүний нийгмийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн нэг ч төрөхгүй байна. Бүгд худалч, хулгайч, залилан мэхлэгчдийг бэлтгэж байна. Нийгмийн эсрэг массыг их, дээд сургуулиуд үйлдвэрлэж байна.Тэгэхээр сэхээтэн яаж төрөх вэ. Сэхээтэнгүй байна гэдэг Монгол Улсын хувьд том асуудал болсон. Эмгэнэл ч гэж хэлж болно.

-Эх орноо гэсэн сэтгэл байхад боловсрол юунд хэрэгтэй гэж.... Ингэж хэлдэг хүмүүс олширсон шүү дээ?

-Манай нийгэмд гарч байгаа бүх асуудал, бүх алдаа боловсролгүйн гай. Бүгдээрээ дээд боловсролтой, бүгдээрээ доктор профессор, гэхдээ бүгдээрээ боловсролынхоо мөн чанарыг ойлгодоггүй. Боловсролыг заавал эзэмших хэрэгтэй. Боловсролгүй хүн нийгэмд гарвал нийгмийн аюул болно. Сэтгэл бол бүх хүнд л байдаг ш тээ. Гол нь чадах. Чадахын тулд мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай байх ёстой. Тэр муу ганц сэтгэл яадаг юм бэ. Хүүхэд л сэтгэл ярина уу гэхээс том хүн сэтгэл ярьж болохгүй ш тээ. Жишээ аваад хэлэхэд, Оросын В.Путин хуульч мэргэжилтэн. Хятадын Си Жиньпин Марксаар докторын зэрэг хамгаалсан. Германыг Маркель физикээр докторын зэрэг хамгаалсан. Тэд тэгээд сэтгэл яриад байна уу.

-Таныг ингээд хэлэхээр олон хүн С.Молор-Эрдэнэ гажиг гээд шүүмжлээд эхлэх байх даа?

-Монголчууд зөв шүүмжлэлийг ердөө хүлээж авдаггүй. Харин буруу магтаалд дуртай. Магтаад байгаа хүндээ жигтэйхэн хайртай. Шүүмжлэл хэлсэн хүндээ дургүй. 

-Тэр ч үнэн шүү. Тэр тусмаа философичдод бүр дургүй...?

-Монголын нийгэм хөл толгой нь солигдоод удаж байгаа. Уг нь хамгийн мундаг нь хамгийн дээр байх байтал хамгийн бүтэхгүй, хамгийн тааруухнаа хамгийн дээрээ л залдаг. Яагаад гэвэл тэд улс төрийн намаар ороод ирдэг, тийм зальтай. Ер нь философичид хоёр юмыг байнга шүүмжилж ирсэн. Нэг нь сүм хийд, шашин шүтлэг. Хамгийн том ламтай үзэлцэнэ гэсэн үг. Монголынхоор бол Чойжамц хамба эсвэл Түвдийн Далай лам. Хоёрт, төр байдаг юм.

Төр гэдэг маань өнөөгийн нам, улстөрчид. Харамсалтай нь, манай улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэл ч алга, боловсрол ч алга. Яаж хуйвалдаж, хулгайлж, залилж идэх вэ гэсэн хүмүүс боловсролыг алгасаад улс төрийн намаар төрд гарч байна. Өнөөдөр залуучууд яагаад нам, нам гэж туйлшраад байна вэ гэвэл ном уншихгүйгээр, мэдлэг боловсролтой болохгүйгээр албан тушаалд дэвшихэд улс төрийн нам хэрэгтэй. Бүх мэдлэг боловсролын замыг товчлоход улс төрийн нам шиг хэрэгтэй юм алга байна.

Төрийн байгууллагуудад нь боловсролыг тойрчихсон хүмүүс сууж байдаг. Боловсролтой нь чимээгүй номоо бичээд, туурвиад амьдардаг. Хамгийн муугаа хамгийн дээрээ залаад, боловсролтой хүмүүсээ огт тоодоггүй ард түмэн шүү дээ. Танайх гээд нэг айл байлаа гэхэд хамгийн мундаг, хамгийн боловсролтойнхоо л үгэнд орно биз дээ. Түүнээс хүн зоддог, хулгай хийдэг танхай дүүгийнхээ зааснаар явах уу. Улс орон бол нэг том айл л гэсэн үг биз дээ.

-Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь хар амиа бодоод чимээгүй байхаар арга байж уу?

-Ухаантнуудынхаа үгийг сонсохгүй байна. Бичсэн номыг нь уншихгүй байна ш тээ. Их сургуульд сурч байгаа оюутнууд нь хүртэл ном уншдаггүй. Чи их сургуулиар ороод хараарай, ном уншиж биш утсаа маажаад сууж байгаа оюутнуудтай л таарна. МУИС нэг сайхан том номын сан барилаа. Тэнд тавих ном байхгүй ш тээ. Номын тавиур дүүрэн оюутны өндөр түвшний ном хаана байна, байхгүй. Харин хамгийн боловсролгүй хүмүүс нь нийгэмд яаж таалагдахаа сайн мэддэг. Монгол ялна л гэнэ. Хэнийг ялах гээд байгаа юм, бидний дайсан хэн юм бэ. Хэн нэгэн дайсныг л ялж таарах нь байна шүү дээ.

-Бүх муу муухайн эхлэл нь улс төр юм биш үү. Улс төрийг улстөрчдөөс цэвэрлэхийн тулд юу хийх ёстой вэ. Монголын засаглалын хямрал Монголын үзэгдэл болчихлоо шүү дээ?

-Феномен. Бүх зүйлийн шалтгааныг хайхын тулд эхлээд 1921 оны Ардын хувьсгал руу очих хэрэгтэй. Ардын хувьсгал орчин үеийн Монгол байгуулагдах анхны цэг нь байсан. Байгалиас хамааралтай амьдрахаа больж, орчин үеийн амьдралд шилжих, олон жил мунхруулж ирсэн шашнаасаа салах, бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох гээд 1921 оноос орчин үеийн Монголын түүх тоологдох байх. Ер нь Орос, Хятад хоёр дэмжиж байгаад Улаанбаатар хотыг монголчуудад барьж өгсөн. Монголчууд өөрсдөө Улаанбаатарыг байгуулчихсан юм биш. Монголчуудад бичиг үсэг заасан анхны багш нар нь хятад, орос, буриад хүмүүс байсан. Харамсалтай нь, бид нөгөө л монгол хүний зангаараа зальдаад, мэхлээд, хурдлаад товчлоод социализмтай нүүр тулсан. Социализмаа ч бүрэн дүүрэн ойлгосон, зөв орчуулсан хүн байхгүй ш тээ. 

Дараа нь ерээд онд дэлхий бужигнаад эхлэнгүүт дагаад бужигначихсан. Хөнгөн, хүний үг сонсдоггүй ардчилал гэдэг юм руу дураараа гараад шидчихсэн. Социализмынхаа сайн, мууг ялгалгүй бүгдийг нь муухай гээд хаячихсан. Социализмд сайн юм олон байсан. Эдийн засгаа төлөвлөдөг, тэр дагуу хийдэг байсан. Одоо Монгол эдийн засгаа төлөвлөж чадаж байна уу. Нэг улстөрч нь гарч ирээд нөгөө улстөрчийнхөө хийсэн ажлыг нураагаад явж байна. Социализмын үед арай ч нэг нэгнээ ил цагаан залилж мэхлээд, хулгайч, дээрэмчдээрээ төр бариулдаггүй байсан шүү. Уг нь социализмаас хэрэгтэй юмыг нь аваад, хэрэггүйг нь хаяад явах байтал нийгмээ тэр чигээр нь нураагаад одоо байшин барих гэж яаж зовж байгаагаа хар л даа. Орос, Хятад социализмаасаа авах ёстой юмаа аваад улс орон нь яаж хөгжиж байна, бид ямар байна. Ингэхэд ардчилал Монголд юу авчирсан юм бэ?

-Хүний эрх, эрх чөлөө......?

-Үгийг чинь тасалчихъя. Харин ч социализмын үед жинхэнэ хүний эрх байсан. Бүгдээрээ сургуульд сурдаг, бүгдээрээ эмнэлэгт үзүүлдэг. Одоо мөнгөгүй бол эмнэлэгт үзүүлж чадахгүй ш тээ. Бид хариуцлагаас зугтаахдаа л ардчилал, хүний эрх ярьдаг. Уг нь эрх чөлөө дандаа хариуцлагатай хамт явдаг. Эрх чөлөөтэй байж болно, харин хариуцлагаа ухамсарлах ёстой. Гэтэл хариуцлага хувь хүнд ч, айл өрхөд ч, төрд ч алга. Харин ч социализмаасаа дор цус мус яриад явж байна. 

-Үнээн, үнэн?

-Цэвэр цустай эсэхийг нь хэн мэдээд байгаа юм бэ. Нөгөө хүний эрх, эрх чөлөө яав. Өнөөдөр Монгол шиг цус ярьж байгаа ард түмэн хаана байна. Монгол ялна ч гэх шиг балай юм ярьдаг. Хужаа гэдэг үг чинь хуйдаа гэдэг үгнээс гаралтай юм шүү дээ. Монголчуудыг мориороо сүрэглэн дайраад ирэхээр өмнөөс хуйдаа, хуйдаа гэдэг байхгүй юу даа. Гэртээ харь гэсэн утгатай. Гэртээ харьдаггүй, гэртээ тогтдоггүй ард түмэн бол ганцхан Монгол байна. Монголын бүх бүтээн босголт, бидний хэрэглээ Хятадаас гаралтай ш тээ. Талбай дээр гараад хар. Оюутнуудын өмсөж зүүсэн бүхэн бүгд Хятадынх. Бидний барьж байгаа барилгын материалууд бүгд Хятадынх. Улаанбаатар хотын өндөр барилгуудыг хэн барьж байна гээч, хятадууд. Тэгэхээр уучлаарай, бас нэг улс байна, Монгол ялна энэ тэр гэж тэнэгтэж болохгүй шүү дээ. Бидний тэнэглэлийг харж л байгаа. Монгол хүн ер нь худлаасаа салах хэрэгтэй байгаа юм.

-Худлаагаасаа салах аа?

-Тийм, нэг худлаа хүмүүс олон байна шүү дээ. Худлаа ярьдаг, худлаа уйлдаг. Инээж байгаа ч нь худлаа. Монголчууд бүгд худлаа хүмүүс болсон.

-Таныхаар улс төрийн энэ их хэрүүл, нийгмийн хямрал, бухимдлаас гарах гарц нь юу байна? 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бид нар үндсээрээ, ард түмнээрээ улсаараа асуудалд орчихоод байна. Үндсэн хуулиа улс орноороо зөрчиж байна ш тээ. Тэгэхээр нийгмээ эмчлэхийн тулд Үндсэн хуулийг яаралтай сайжруулах хэрэгтэй. 

 

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дөрвөн парламент дамжин ярьж байгаа ганц сэдэв болсон. Өнөөдөр ч яригдсаар байгаа. Гэхдээ намууд Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолгүй байх шиг санагддаг. Ардчилсан нам гэхэд л Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэх болсон?

-Үндсэн хууль тунхаг бичиг байхгүй юу. Бид нар хууль гэж буруу орчуулаад байдаг юм. Үндсэн хуулийг өөрчлөх биш сайжруулах ёстой. Өөрсдөө бид шинэчлэгдэхгүй бол болохгүй байна ш тээ. Алийн болгон ардчилал гэдэг үгээр хулгай хийж, худлаагаа ярих ёстой юм бэ. Тэгвэл тэр ардчилал нь хаана байна. Барьж үзье, харъя. Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэсэн юм байхгүй. Харин ч Үндсэн хуулийг хууль биш гэрээ шиг хандах хэрэгтэй. Төр ард түмэн хоорондоо гэрээ хийе. Үндсэн хууль дээрээ бүх хүсэл эрмэлзлээ оруулъя. Ямар ч улс орон аль ч тохиолдолд Үндсэн хуулиа л ярьдаг. Улс орон хямарвал Үндсэн хуулиа ярина, улс төр хямарвал Үндсэн хуулиа л ярина. Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлэх биш Үндсэн хуулийг сайжруулах ёстой. Үндсэн хууль бол шашны юм уу, библи шиг догматик юм биш. Сайжирч хөгжих ёстой. Одоогийн Үндсэн хууль шаардлага хангахгүй байна ш тээ. Тунхаг бичиг чинь ёс суртахуунтай, бидэнд зориулсан бичиг байх ёстой. Түүнээс айлгасан, хэрэгт хийх гэсэн хууль биш шүү дээ. Сүүлийн үед дэлхийн улс төрийн онолчид чөлөөт сонгууль бол маш осолтой юм байна гэж ярих болсон. Сонгогч бүхэн чадваргүй учраас, сонгуульд орох сонгогчийг сонгож үнэмлэх өгөх ёстой гэсэн яриа ч явж байгаа.

-Тэгэхээр манайхаар бол 18 нас хүрсэн хүн бүхэн биш тодорхой мэдлэгтэй хүмүүс сонгуульд оролцох ёстой гэсэн үг үү?

-Мэдлэг, боловсрол, юмыг тунгаан бодох, эргэцүүлэх гээд олон чадварыг нь харгалзаж сонгогчийн үнэмлэх өгөх ёстой гэсэн асуудлыг дэлхийн улс төрийн онолчид дэвшүүлэх болсон. Түүнээс тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр “Монгол ялна” гээд санал өгчихдөг. Дараа нь Богд хаан шиг “би юу хийчихэв ээ” гэж амаа барьдаг сонгогчид олон байгаа учраас л чөлөөт сонгууль маш осолтой гэсэн яриа ардчилсан сонгууль хийдэг улс орнуудын улс төрийн онолчид яриад эхэлсэн байна л даа. Сэтгэлийн хөдөлгөөнтэй биш юм боддог сонгогч хэрэгтэй, тиймээс сонгогчийн үнэмлэх гэж гаргаж ирье гэж АНУ-д одоо яригдаад эхэлсэн.

-Тэр үнэмлэх нь манайд тараадаг шиг үнэмлэх мэдээж биш биз дээ?

-Үгүй, үгүй, боловсролын үнэмлэх. Энэ хүн бол сонгуульд оролцож сэтгэлийн хөөрлөөр биш эргэцүүлэн бодож, дүгнэлт хийгээд, биеэ дааж сонголтоо хийх чадвартай гэдгийг нь тогтоосон боловсролын үнэмлэх. Харин энэ хүн бол сонголт хийх чадваргүй, бусдад уруу татагдаж сонголтоо хийдэг  гэдэг ч юм уу. АНУ-д шоронд орсон хүн бүх насаараа сонгуульд оролцох эрхгүй байгаа ш тээ. Хэрэв сонгуульд оролцох эрхээ авъя гэвэл 10 мянган доллар төлнө. Тиймээс манайх ч бас энэ мэтээр ярих нарийн ширийн олон асуудал байна л даа. Хүнээр бол Монгол насанд хүрч өгөхгүй, хүүхдээрээ л байгаад байна. 

-Уг нь Монгол 800 жилийн түүхтэй ард түмэн байдаг?

-Тэр найман зуун жилийн өмнөх Чингис чинь энэ Улаанбаатар, энэ газар нутагтай ямар ч холбоогүй юм шүү дээ. 1940-өөд онд л бид хил хязгаараа тогтоосон. Энэ газар нутгийг өвөг дээдэс үлдээсэн л гэдэг. Үгүй шүү дээ. Энэ газар нутгийг 1924 оны Хиагтын гэрээгээр л баталгаажуулсан. Орос, Хятад хоёр хил хязгаарыг маань тогтоогоод бидэнд өгсөн юм шүү дээ. Найман зуун жилийн өмнө газрын зураг ч байгаагүй шүү дээ. Түүхээ ч бас мэдэхгүй байна. Монголын түүх бол Ардын хувьсгалаас л эхэлж байгаа, уучлаарай. Түүхээ худлаа бичнэ. 

-Ингэхэд та улс төрд оръё гэж бодохоо бүр  больсон уу?

-Улс төрөөр зөндөө явсан. Гэхдээ би ном бичих л дуртай хүн юм. Яах вэ, улс төрд хамтаръя , хамтарч ажиллахыг хүссэн хүмүүс хэргээ гүйцэлдүүлсэн. Тэгээд за тар нарын хэрэг дууссан бол би явж номоо бичлээ гэсэн. Би бол олон нийтийн сэхээтэн. Улс төрийн намын цагаан хоолой биш. Надад энэ амьдрал маань таалагддаг. 

-Та Н.Энхбаяр даргатайгаа уулзаж байгаа юу?

-Үгүй, үгүй. Н.Энхбаяр гэдэг чинь хэн билээ. Хаанахын ямар дарга вэ,  тийм дарга байдаг юм уу. 

-МАХН-ыг бид хоёр байгуулсан гэж та ярьдаг л байсан ш тээ?

-Өө, үгүй, үгүй. Бид хоёр өөр, өөрийнхөө зам мөрийг хөөсөн. Н.Энхбаяр мухар сүсэг, би боловсролыг сонгосон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47436
0 эможи
keyboard_arrow_up