COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө", “Их хуралдай” гэх мэт хэд хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар.

Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт гэхэд л тус бүрд нь хоёр тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан мэдээлэл бий. Азийн хөгжлийн банкны санхүүжилт ч орсон гэж дуулдсан.

Урлагийн гэх үнэлэмжид багтахаар хийц загвартай, үнэ цэнээ хадгалсан чансаатай аятайхан өргөө босгочихвол яриад байх юм алга. Түүхэн үйл явдал өрнөсөн уул ус, гэрэлт хөшөөнөөс өөр Чингисийн, Их Монголын гэхээр хөшөө дурсгалаар маруухан Хэнтийд нүд баясгаж, сэтгэл сэргээхээр хэдэн сайхан цогцолбор барьчихад болохгүй юмгүй. Гэтэл өнөө цогцолборынх нь зураг сошиал орчинд шуугиан дэгдээгээтэхлээ, хэд хоногийн өмнө.

Хэдэн тэрбумыг зарцуулж барьсан гэхэд итгэмээргүй ядруухан өнгө төрхтэй тэр байгууламжуудыг харсан хэн ч шүүмжилж бухимдахаар. Ур хийц тааруу, сүр бараа, өнге донж муутай, анх танилцуулсан загвар зургаасаа тэс өөр дүр төрхтэй байгууламжийг та харж байна.

Уран бүтээлчид ч хоёр тэрбумын өртгөөр боссон өнөө байгууламжийг шүүмжлээд эхэлчихэж. Зураач С.Цогтбаяр саявтар нүүр номондоо өнөө зургийг нь өөр олон хөшөө дурсгалын зурагтай эгнүүлж тавьж байгаад шүүмжилсэн харагдсан.

Мань эр “Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төсөл хэрэгжүүлэх явцдаа загвар дизайнаа, туслан гүйцэтгэгчээ зөв сонгохгүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавьж чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж, мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр.

Бид шоолж шүүмжлээд өнгөрөхөөсөө илүүтэй энэ алдаа эндэгдлийг яаж засаж үр дүнтэй байлгах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Монголд юу л байна зураач барималчид, гарын уртай авьяастнууд л байна.

Ямар сайндаа л Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхэд нь манай бүтээлчдийн ур ухаан шингэж байх вэ. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Хэтрүүлбэл бараг 100 айлын би чадначуудад хариуцуулаад байгаа юм биш үү” гэж ирээд нэлээд ширүүхэн дуугарсан байна лээ.

Төсвийн мөнгөөр баригдах ямар ч ажлын шат болгонд авлига цэцэглэсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Ноёд, түшмэдгүй улсын мөнгийг ашиг цавчаа болгож хувааж идсээр өнөөг хүрсэн нь ч булзах аргагүй бодитой үзэгдэл.

Уран бүтээлч нэрээр халтуур хийдэг хэсэг хүмүүсийн тухайд үлдсэн багахан мөнгөнд нь тааруулж хийдэг учраас иймэрхүү шавар цутгахаас аргагүйд хүрдэг байх.

Түрүү жил шиг санагдаж байна, “Андлалын өргөө”-ний гоё зурагтай тайлбар дотор “Энэ төсөл хэрэгжсэнээр ирэх жуулчдын тоо 280 мянга болж, шинээр 180 орчим ажлын байр бий болно” гэсэн өгүүлбэр харагдсан. Санаанд хачин тод үлдсэн энэ өгүүлбэр лав ажил болохгүй. Ийм хэцүү, ядруу байгууламжийг харах гэж жуулчид ирнэ гэдэг үлгэр, жуулчдын урсгалыг дагаж өчнөөн хүн доллартай болж амьдралаа цэцэглүүлнэ гэдэг мөрөөдөл.

Шавар амбаар төдийг харахаар өчнөөн мөнгө төлж Монголыг зорих гэнэн жуулчин гэж хаана байх вэ.

Хоёр тэрбумын цогцолборын мөнгө төгрөг, хөрөнгө мөнгө шийдэгдэхийн өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүхэн мэдэгдэл хийж байсан юм. Эдийн засаг сайнгүй байна, юун хөшөө дурсгал вэ, аминд тулсан асуудал л биш бол төсвийн мөнгийг хамаагүй цацах боломж алга гэсэн утгатай яриа хөөрөө эдийн засагчдын дунд ид өрнөж байсан цаг л даа.

Өнөө мөнгийг нь аялал жуулчлалд заръя, гэхдээ арай боломжтой газар нь бодитой ажил хийе гэсэн яриа өрнөсөн шиг байгаа юм. Ийм шалтгаанаар ЗГХЭГ-ын дарга бухимдаж сүйд болсон түүх өнгөрсөнд бий.

Л.Оюун-Эрдэнэ сайд хөмсгөө атируулж суугаад их л ширүүн дуугаар “Түүхэндээ хөренгө оруулалт хийЧихье гэхээр заавал яагаад ийм, болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Болгох талаас нь хамтарч ажиллах ёстой болохоос болохгүй тацаас нь шалтаглаад сууж болохгүй. Тэр Батсансар гэж хүн хаана байна? Энэ нэг гурван үсэгтэй хэдэн компанийн утсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү. Монголд төр гэж байгаа шүү.

Компани төрийн дээр гарч байсан түүх гэж байхгүй. Тэгээд урагшилсан нэг ч улс байхгүй. Хатуу тэмцэх болно шүү. Энийг бас сануулчихъя. Хариуцлага тооцох санал гаргана. Тэр Батсансар гэж хүнийг зайлуулах хэрэгтэй. Батсансар гэдэг хүнд хэн чиглэл өгсөн бэ гэдгийг би мэдэж байгаа. Цаашид энэ төсөл дээр ямар нэг байдлаар Монгол Улсын түүхийн эсрэг ажиллавал улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэж мэдэгдсэн удаатай. Өнөө бичлэг нь сошиалын гол сэдэв болчихсон яваа учраас уншигч та ч олоод харчихсан байх.

Энэ бичлэгийг сөхөж, эрхэм сайдын мэдэгдлээс эшилсэн нь цаанаа учиртай. ЗГХЭГ-ын даргаар өнөө ч ажиллаж яваа Л.Оюун-Эрдэнэд үг дайх гээд байгаа юм.

Их хааныг алдаршуулах төслийг хэрэгжүүлэхэд садаа болсон хэнийг ч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, хариуцлага тооцно, хална, хөөж явуулна гэж өндөр дуугарсан шигээ их хааны нөхөрлөл, сүр хүчийг алдаршуулах хөшөө дурсгал цогцолборыг шавар овоохой шиг, сум, аймгийн угтах хэсэгт харагддаг самбар шиг хийчихсэн нөхдөд хариуцлага тооцмоор байна.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субъект биш.

Шавар овоолчихсон юм шиг нунж дорой харагдах Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт төсөвлөсөн мөнгөнөөс хувь хүртсэн шат шатны ноёд, түшмэдүүдэд хариуцлага тооцмоор байна.

Энэ төслийн зарцуулалтад аудит хийлгэж, энэ төсөлд хамаатай албан тушаалтнуудыг ажлаа яг таг, зөв шударга хийсэн эсэхэд шалгалт оруулж, шаардлагатай бол АТГ-т хандмаар байна, сайд аа. Түүхэн дурсгал барих мөнгөнөөс хувьдаа завшиж, бүтээл биш, шавар болгосон явдал ч бас тусгаар тогтнол, түүхийн эсрэг гэмт хэрэг гэдэгтэй та санал нийлэх байх.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субъект биш. Баялгийг, бүр тодруулж хэлбэл төсөвт цуглардаг мөнгийг эрхэм сайдын гурван үсэгтэй гэж илүү үзэж, төр дээр нь байх ёстой гэж адалдаг компаниуд, ажлаа хийгээд цалингаа авч яваа татвар төлөгч жирийн иргэд бүрдүүлдэг юм.

Компани, иргэдээс татвар хураамж хэлбэрээр татаж цуглуулсан төсвийн мөнгөнөөс Л.Оюун-Эрдэнэ сайд бас цалинжиж, сайдын ямба хангамж эдэлдэг суугаа. Ийм учраас жирийн иргэдэд төсвийн мөнгөнд хяналт тавих эрх бий.

Өөрийнхөө өгсөн мөнгөний зарцуулалт нь ямархуу явааг хянах, шүүмжлэх эрх Монгол Улсын бүх иргэнд байгаа. Тийм болохоор л иргэд сошиалд “Төсвийн хоёр тэрбум дэмий зарлага болчихлоо” гэж халаглаж, шүүмжлээд байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
619073
4 эможи

bayar
2020-08-11 23:45
zailaa yu yum
Зочин
2020-08-11 18:09
МОНГОЛ ХҮН ЯРИЖ ЗОГСОЖ БУЙ ХОЁР ХҮНИЙ ДУНДУУР ГАРДАГГҮЙ ЁС ЗАНШИЛТАЙ ХАРИН ОДОО АНДГАЙ ӨРГӨЖ БАЙГАА ХОЁР ЭРИЙН ДУНДУУР ГАРАХААР УТГА УЧИРГҮЙ ХӨШӨӨТЭЙ БОЛЖЭЭ. ЦЕМЕНТ ЭЛСЭЭР ХИЙСЭН ЮМ БОЛ МӨНГӨӨ Л АСАР ХЭМНЭЖ ХИЙЖ ДЭЭ ХЭМНЭСЭН МӨНГӨ НЬ САНГИЙН ЯАМНЫ ДАНСАНД БИШ САЙН НАЙЗУУДЫН ДАНСАНД ОЛОГО АШИГ БОЛОН ОРСОН БОЛ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ. ЯВЖ ЯВЖ ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЭНХ-АМГАЛАН ГЭЖ ХҮН ЧИНЬ ШУДАРГА ХҮН БАЙСАН БОЛОЛТОЙ.
2
2020-08-11 16:42
vnendee l tur nertei hodhin shog
2
2020-08-11 16:42
vnendee l tur nertei hodhin shog
Зочин
2020-08-11 13:21
keyboard_arrow_up