7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд оролцов

админ
2019 оны 8 сарын 14

Arslan.mn

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2019 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Зуучлалын үр дүнд байгуулах олон улсын маргаан шийдвэрлэх хэлэлцээрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болон Дээд хэмжээний хурал зохион байгуулагдав.

“Сингапурын зуучлалын конвенц” (Singapore Mediation Convention) хэмээн нэрлэгдээд буй энэхүү конвенцийг гурван жилийн хугацаанд 85 гишүүн-улсын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 оны 12 дугаар сард баталсан. Олон улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-оос 2002 онд Олон улсын арилжааны Загвар хуулийг боловсруулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой, түргэн шуурхай, санхүүгийн алдагдал багатай арга зам хэмээн үздэг. Монгол Улсын хувьд тухайн салбарын олон улсын конвенциудад нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын хууль тогтоомждоо зохих шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг оруулсаар ирсэн.

Конвенцид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд 70 гаруй улсын төлөөлөгч оролцсоноос 46 улсын төлөөлөгч Конвенцид гарын үсэг зурав.

Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, дээд хэмжээний хуралд тус тус оролцсон юм.

Сингапур Улс энэхүү конвенцийг байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан тул тус арга хэмжээнд онцгой анхаарал хандуулж зохион байгуулав.

Улмаар хүндэтгэлийн арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Ли Хсиенг Лүүнг, Шадар сайд Хенг Сви Киат, Хууль зүй, дотоод хэргийн сайд К.Шанмугам зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайханд Бүгд Найрамдах Сингапур Улсын Хууль зүйн яамны төрийн тэргүүн сайд Эдвин Тонг бараалхаж, хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Айлын талаас олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн уг конвенцийн ач холбогдлыг дурдахын зэрэгцээ Монгол Улс Конвенцид ойрын хугацаанд нэгдэн орно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.

Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ оны 8 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд “Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулж, улмаар 17 улсын 39 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон “Mediation Work” баг ялалт байгуулж, алтан медаль хүртэж, Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрхийг олж авлаа.

Амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан биечлэн баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606791
0 эможи

keyboard_arrow_up