COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: ЗТХ-ийн яаманд зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна

2018 оны 10 сарын 05

Я.Содбаатар: Зам тээврийн салбарт гэлтгүй бүх салбарт шинэчлэл хийх шаардлагатай Arslan.mn

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ. Тус яамны сайдаар томилогдож буй Я.Содбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хариуцлагатай албыг та хүлээж авлаа. Хамгийн түрүүнд хаанаас ажлаа эхлүүлэх вэ?

-Монгол Улсын сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХЯ-ны сайдад намайг нэр дэвшүүлсэн. УИХ мөн бүрэн эрхийнхээ хүрээнд тус яамны сайдаар ажиллах хариуцлагатай албанд миний биеийг томиллоо. Хариуцлагатай цаг үед  миний бие сайдаар очиж байна. Юуны түрүүнд би хэд хэд асуудалд анхаарч ажиллана. Гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээд саналыг хэлж захиж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол МАН Засгийн эрх барих хугацаанд хэрэгжүүлэх ёстой бодлого. Үүнд тусгагдсан зам тээврийн хөгжлийн чиглэлийн бодлогын үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгох ажлууд бий. Хоёрдугаарт, энэ удаагийн УИХ парламентийн бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны шинэчлэлт хийгдэж байгаа. Төрийн албаны сахилга батыг чангатгах чиглэлээр хэд хэдэн томоохон шийдвэрүүд гарсан. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах асуудал манай салбарт хамгийн чухал. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах асуудал чухлаар тавигдаж байна. Учир нь ЗТХ-ийн яамны онцлог нь техник зохицуулалт ихэд шаардагддаг. Тиймээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг гишүүд ч, иргэдийн зүгээс ч хэлж байгаа. Хэд хэдэн чиглэлд бодлогын асуудлууд УИХ-аас гарсан. Иргэний нисэхийн  либералчлал  шинэ төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, тээврийн зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудал бий. Яаманд энэ чиглэлийн эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох тал дээр ажлын хэсэг гарч  түрүүчээсээ бэлэн болж байгаа юм билээ. Энэ бүхнийг эрчимжүүлнэ. Яамныхаа мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож байж энэ салбарт хийгдэх бодлого, чиглэл, үйл ажиллагааг улам тодорхой болгоно.

-Ажлаа хүлээж аваад халгаа сэлгээ хийх үү?

ЗТХ-ийн яаманд болсон асуудалтай холбогдуулж Засгийн газар, УИХ тодорхой шийдвэрээ гаргасан. Үүний дагуу яамны Төрийн нарийн бичгийн дарга,  зарим төрийн захиргааны газрын дарга нарт хариуцлага тооцсон. Энэ хүрээнд  дээрх орон тоонууд үүрэг гүйцэтгэгчээр байгаа. Төрийн албаны зөвлөл өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд дээрх орон тооны асуудлыг шийдвэрлэнэ.

-Халгаа сэлгээ хийгдэхгүй гэж ойлгох уу?

-Мэргэжлийн хүмүүсийг байх газар нь ажиллуулж, мэргэжлийн хүмүүсийн санал, судалгаанд нь түшиглэж ажиллана.

-Хэрвээ ЗТХ-ийн яаманд өмнөх удаагийн шиг олон удаагийн аваар осол хариуцлагагүй асуудал гарахад УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ шиг танд  хариуцлага хүлээж ажлаа өгөх чадвар байх уу?

-Өнөөдөр төрийн албаны шинэчлэлийн хүрээнд яригдаж байгаа гол зүйл нь мэргэшсэн байх, тогтвортой байх гэсэн асуудлыг тавьж байна. Нөгөө талаасаа хариуцлага, сахилга бат эзэнтэй байх ёстой. Тийм учраас энэ чиглэлд анхаарч ажиллаарай гэж олон хүн хүсэж байгаа. Энэ хүсэлтийг хангаж ажиллана.

Яаманд одоо ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүсийг халах уу?

-Мэргэжлийн хүмүүс нь  мэргэжлийн ажлаа хийх ёстой. Мэргэшсэн албан хаагчид маш их дутагдалтай байгаа. Өнөөдөр гэнэт ийм болчихсон асуудал ч биш. Сүүлийн жилүүдэд  Засгийн эрхийг барьж байсан улс төрийн хүчнүүдийн бодлогын үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн албанд халгаа сэлгээ хийгддэг энэ асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр өнөөгийн У.Хүрэлсүхийн Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. УИХ-аас ч гэсэн дэмжиж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орууллаа. Энэ хүрээнд төрийн албаны  шинэчлэлийг цааш нь гүнзгийрүүлэх ёстой гэдэгт санал нэг байгаа.

– “Хөшигийн хөндий”-д баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал  хугацаандаа ашиглалтад орох нь эргэлзээтэй байгаа шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд  Япон улсад явах үеэрээ нисэх онгоцны буудал барих төсөлд  гарын үсэг зурсан. Энэ үед тус асуудлыг би хариуцаж  ажлыг хэсгийг нь ахалж байсан. Үүнээс хойш бүтээн байгуулалтын ажлууд явагдсан. Явцын дунд хоёр ч удаагийн нэмэлт гэрээгээр өнөөдөр 600 сая ам.долларыг тус төсөлд зарцуулаад байгаа. Нисэх онгоцны бүтээн байгуулалтын ажил энэ оны сүүлээр дуусах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэвч салбарын хүмүүсийн хэлж байгаагаар, ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гаргаад шахаж ажиллаж байгаа юм билээ. Засгийн газраас шаардагдах хөрөнгийн асуудал нь  шийдвэрлэгдсэн. Хурдны автозам ирэх жил бүрэн ашиглалтад орно.

Таныг мэргэжлийн бус гэх шүүмжлэл их явлаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сайд бол улс төрийн албан тушаалтан. УИХ-аас тодорхой шийдвэр гаргаж хариуцлага хүлээлгэж байна надад. Би инженер мэргэжилтэй, энэ салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллаж, анхаарлаа хандуулж байсан хүний хувьд салбарын хүмүүстэй хамтраад энэ ажлыг хийж болох байх аа.

Эх сурвалж: NEWS.MN                     ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595641
0 эможи

keyboard_arrow_up