COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Тавантолгой төмөр зам” компани байгуулав

2018 оны 7 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болов.

Мөн компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олголоо. Дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажилыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтов.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагч нараас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэх юм.  

Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн боомтын зориулалттай нарийн царигийн төмөр зам барьж ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн 51 хувиас доошгүй хувийн оролцоотой “Нарийнсухайтын төмөр зам” компанитай хамтарсан “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулахаар болов.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай
холбогдуулан Ажлын хэсэг байгуулав

Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.

Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгууллаа.

Эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангана

Дулааны цахилгаан станц, дулааны станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх, үндсэн болон туслах тоноглолын засвар зэргийг хугацаанд нь хийхийг сайд нарт даалгав.

Мөн “Багануур”, “Шивээ овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангах хэмжээний дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр боллоо.

Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, суурин газруудын дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний их болон урсгал засвар, туршилт, тохируулга зэргийг хугацаанд нь чанартай хийх,  явцад нь хяналт тавихыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ:

-   “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм.

-  “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барихаар төлөвлөж байна. 

-  24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

-  Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг батлав. Манай улсад жил бүр 20 гаруй нэрийн халдварт, гурван нэрийн гоц халдварт өвчин бүртгэгдэж байна.

-  Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгана. 2016 оноос хойш цаатан иргэдийн НДШ-ийг тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд нэг хувиар төлж байгаа. Үүнийг энэ онд 11 хувь, ирэх онд 11.5 хувь, 2020 ба түүнээс хойш 12.5 хувь байхаар өөрчиллөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59438
0 эможи

keyboard_arrow_up