COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Бид ТАТВАРАА ТЭГЛЭЧИХЛЭЭ, одоо олон улсын зах зээлийн үнээс бүх зүйл шалтгаална

2018 оны 1 сарын 24

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор А80, АИ92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг өнөөдөр гаргасан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар ямар нөхцөл байдлыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан бэ?
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний Онцгой албан татварын хэмжээг өөрчлөх тухай хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 2017 оны 7 дугаар сараас эхлээд олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45-аас 65 ам.доллар хүртлээ өсөөд байна. Судалгаанаас харахад 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй. ОУВС-гийн хөтөлбөрт хамарч байсан өнгөрсөн оны үед нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас өнөөдрийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын хуралдаанаар А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр гадуур бий болоод байгаа шатахууны хомсдол өнөөдрөөс бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Бусад автобензин, дизелийн түлшний тухайд?
-Евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гарсан.

-Онцгой албан татвар хэвээр үлдээснээр үнэ хэт өсөх эрсдэл үүсэхгүй юу?
-Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад улсын зүгээс дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй, зах зээлийн зарчим яах аргагүй баримтлагдаж явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс гадна А95, А98 автобензинийг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А80, АИ92 нь суурь үнээ хөдөлгөх эрсдэлтэй байгаа учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлүүлэхээс сэргийлж ийм шийдвэр гаргаж байна.

-Татварыг тэглэснээр дээрх шатахууны үнэ өсөхгүй байх баталгаа бий юу?
-Бид татвараа тэглэчихлээ. Тэгэхээр олон улсын зах зээл дээрх үнэ хэрхэн хөдлөхөөс бүх зүйл шалтгаална.

-Онцгой албан татвар ногдуулах замаар төсөвт бүрдүүлэх орлого тэгэхээр өөрчлөгдөх байх. Үүнийг хэрхэн нөхөхөөр тооцсон бэ?
-А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон.

-Шатахуун импортлогчдын зүгээс зарим шатахууны үнийг нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэж иргэд бухимдаж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах бол?
-Үнийн зөвлөл өмнө нь хуралдаад үнэ нэмэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Гэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ өсчихсөн, Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хүлээлт үүсчихсэн байсан учир татан авалт дээрээ хязгаарлалт хийж, багасгасан байсан болов уу гэж бодож байгаа. Үүнээс үүдэн хомсдол, дараалал үүссэн байх. Засгийн газар яах аргагүй хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх эрсдэл байсан учир өнөөдөр ийм шийдэлд хүрлээ.

-ОУВС-тай уг шийдвэрийг зөвлөлдсөн үү? Хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг ОУВС-тай ярилцаад, саналаа солилцсон. Албан ёсны хэлэлцээрээ маргаашнаас эхэлж хийнэ.

-Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргаж, Мүүдиз агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай улсын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг бататгаж байна гэж харж болох уу?
-Өчигдөр Европын холбооноос албан ёсоор “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орны жагсаалт”-аас Монгол Улсыг хассанаа мэдэгдсэн. Гэхдээ хаслаа гээд бүх асуудал шийдэгдэж байгаа зүйл биш. Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Зээлжих зэрэглэлийн тухайд, 2017 оны 11 дүгээр сард Мүүдиз агентлагийн төлөөлөгчид манай улсад ирэхдээ зээлжих зэрэглэлийг нэмэхгүй гэж мэдэгдэж байсан. Харин хоёр сарын эргэж судлаад, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж байгаад үнэхээр баяртай байна. Учир нь 2012 оноос хойш Монгол Улсын зээлжих зэрэглэлд Мүүдиз-д таван шатлал унаж, хамгийн доод ангилал буюу С зэрэглэлд очсон байсан. Харин одоо В зэрэглэлд орсон нь манай улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн өсөлт, валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, сахилга бат сайжирч байгаагийн илрэл. Эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогууд ойлгомжтой тодорхой болж байгаатай холбоотой юм.

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
52852
3 эможи
keyboard_arrow_up