COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барьж дуусгана

2017 оны 11 сарын 22

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та саяхан Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтын нөхцөл байдалтай ирлээ. Тэнд үүсээд буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой байна вэ?

-Засгийн газрын нэн тэргүүний бодлого бол эдийн засгийг чадвахжуулах. Үүний нэг хэсэг нь уул уурхайтай холбоотой асуудал байгаа. Тэр тусмаа Тавантолгойн нүүрсний орд тойрсон асуудал.

Сүүлийн үед хятадын талаас хяналт шалгалтаа чангатгасан. Үүнээс улбаалаад 100 гаруй км газар дараалал үүссэн нөхцөл байдал бий болсон байна. Тодорхой хэлбэл нэг жолооч арав гаруй хонож байж хил гарч нүүрсээ буулгах жишээтэй. Яг энэ асуудалтай газар дээр нь очиж танилцах, тээврийн асуудал дээр нь тодорхой зохицуулалт хийх шаардлага гарч Гашуунсухайтад ажиллаад ирлээ.

Тээвэрчидтэй уулзаж байхад төрийн зүгээс зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Үүнтэй холбоотойгоор Цагаан хадны боомтыг сэргээх асуудал нэн шаардлагатай байна гэдгийг нүүрс олборлогчид хэлж байна. Миний хувьд үүнтэй санал нэг байгаа.

-Зам  харилцааны асуудалтай ч шууд холбогдох байх. Өмнөх Засгийн газрын үед баригдаж байгаад санхүүжилтийн улмаас зогсчихоод байгаа Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр зам энэ Засгийн газрын үед баригдах уу. Үүн дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Зам тээврийн хөгжлийн яамнаас нэн тэргүүнд хийгдэх ажлын жагсаалтад энэ төмөр замын асуудал орсон байгаа. Сая явахдаа өмнө нь хийгдсэн төмөр замын ажлуудаа үзээд ирлээ. Ямар ч байсан нийт ажлын 50 гаруй хувь нь хийгдсэн байна. Мөн ус, бороонд элэгдсэн, сэтэрсэн зэрэг зүйлүүд анзаарагдсан. Цаашдаа бидний тооцоолж байгаагаар хөдлөх бүрэлдэхүүнтэйгээ нийлээд 500 орчим сая ам.доллараар энэ төмөр замын асуудал цогцоороо шийдэгдэх юм байна гэж харж байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан.

Манайхтай хамгийн ойрын зах зээл бол БНХАУ. БНХАУ-ын талтай элчин сайдын хүрээнд өнгөрсөн хугацаанд тодорхой яриа хэлцлийг хийсэн. Элчин сайдын зүгээс олборлолт, тээвэрлэлт, худалдан авалт гэх мэт цогц байдлаар нь авч үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг нь шийдэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэдэг саналыг гаргасан байгаа.


-Сайхан мэдээ байна. Ойрын үед Засгийн газраас Зам тээврийн салбарт ямар томоохон  бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа бол?

-Эхний ээлжинд Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барьж дуусгана.  Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлтэй холбоотой ганц хоёр замыг шинээр барих шаардлагатай байна.

Урд хөрш рүү нүүрсээ гаргахын тулд одоо ашиглагдаж байгаа Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замын нэвтрэх бололцоог нь өргөтгөх, Ханги мандал зэрэг боомтууд руу шинээр зам тавих шаардлага байгааг сая явж ирэхдээ олж харлаа. Энэ утгаараа уул уурхайн замуудаа сайжруулж, шинээр зам барихад түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой байна.

Мөн Улаанбаатар хотоо бүх аймгуудтайгаа автозамаар холбох ёстой. Энэ Засгийн газрын үед таван аймгийг автозамаар Улаанбаатар хоттой холбох төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажил хийгдчих юм бол үндсэндээ бүх аймгийн төвүүд Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдчих юм. Дараагийн ээлжинд уул уурхай, аялал жуулчлалын замуудаа бид барих ёстой. Хаана мөнгө эргэлдүүлж, ашиг бий болгож болж байна, тэр газрууд руугаа аялал жуулчлалын зам тавих ёстой.

Төмөр замын хувьд босоо тэнхлэгийн төмөр замынхаа хүчин чадлыг сайжруулах шаардлагатай болсон байна. Одоогийн байдлаар бид төмөр замаар 24 сая тонн бараа тээвэрлэж байна. Цаашдаа энэ тоог богино хугацаандаа 30 сая тонн, урт хугацаандаа 70 сая тонн болгох зорилготой байгаа. Энэ зорилтдоо хүрэхийн тулд 400 гаруй км зам засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Ачаа тээвэрлэлтээ нэмэгдүүлхийн тулд хөдлөх бүрэлдэхүүнээ ч мөн шинэчлэх хэрэгтэй байна. Дараагийн нэг чухал зүйл бол МИАТ компанийн асуудал. Бидний хувьд МИАТ-ийг тодорхой хэмжээгээр дэмжих зайлшгүй шаардлага бий.

МИАТ-ийг өрсөлдөх чадвартай болгож, агаарын хаалгаа нээснээр маш их жуулчид манай улсыг зорих боломжтой болно. Ингэж байж том хэмжээний орлого улсын төсөвт орох учиртай. Одоогийн байдлаар манай агаарын зам хаалттай шахуу байна.

-Та “Шинэ хөдөө” нэртэй хөтөлбөр эхлүүлээд ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж, төсөөлж байгаа вэ?

-Нэг сонин юм хэлэхэд, “Баяжицгаая” гэж уриалмаар байгаа юм. Ингэж хэлэхээр зарим нь шоолох байх. Гэхдээ иргэд баян болж байж улс орон маань хүчирхэг болно. Сүүлийн үед “баяжих” гэдэг энэ үгнээс их цэрвэдэг болж. Гэхдээ энэ үгний цаана сайхан амьдаръя л гэсэн санаа байгаа. Баяжицгаая гэдэг маань товчхондоо амьдарлынхаа өртөг, амжиргааныхаа чанарыг нийтээрээ дээшлүүлье л гэсэн үг. Солонгост “Шинэ тосгон”, японд “Нэг тосгон - Нэг бүтээгдэхүүн” гэдэг хөдөлгөөн өрнөөд удаж байгаа. Эдгээр улсуудын тухайд үүнийгээ брэнд болгоод дэлхий нийтэд тарааж байна. “Шинэ хөдөө” гэдэг бол үүний л нэг хувилбар нь.

Бидний хэрэглэж байгаа гол нэрийн бүтээгдэхүүнүүд үндсэндээ хөдөө аж ахуйн гаралтай байна. Мал, мах, ноос, цагаан идээ, арьс шир гэх мэт. Үндсэндээ шинэ хөдөө төслийн зорилго нь хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр нэмэгдлүүлэх явдал юм. Өнөөдрийг хүртэл бид зах зээлийг төрийн зохицуулалт бодлогын гадна хаясаар ирсэн байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр ажиллаж чадсан нь амьдар гэдэг хатуу зарчмаар явж иржээ. Энэ бол тийм ч зөв шийдэл биш.

Ойрхоны жишээ гэвэл хятад байна. Тэнд яаж байна гэхээр иргэндээ тариа ногооны үрийг нь өгч газрыг нь олгоод эргэлтийн хөрөнгө зээл гэх мэт асуудлуудыг нь шийдэж өгөөд “амьдар”гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнийхээ дараа та нарын бий болгосон бүтээгдэхүүнийг чинь энэ компани худалдаж авна гээд заагаад өгчихөж байна.

Энэ мэтээр зохицуулалт хийгээд зах зээлийг нь нээгээд өгөхөөр хүмүүс дор бүртээ амжиргаатай болж хувирч байгаа юм. Тэгэхгүйгээр зах зээлийнхээ хуулиар та нар амьдарцгаа гээд зөнд нь орхичихоор болохгүй байна шүү дээ. Үүнийг л “Шинэ хөдөө” хөтөлбөр шийдэх юм.

-Таны хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг саналтай байсан гишүүдийн нэг. Энэ утгаараа таныг “32-ын бүлэг”-ийг төлөөлж энэ Засгийн газарт ажиллаж байгаа гэх хардлага бий?

-Нам гэдэг улстөрийн инститүц улс орныг удирдан жолоодож авч явах өөрсдийн хувилбарыг боловсруулдаг. Манай нам ч ялгаагүй тэр хувилбараа ард түмэндээ танилцуулж сонгуульд ялалт байгуулсан. Энэ утгаараа “Хэрвээ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа бол нам дээр очиж тайланг нь тавиулъя. Нам нь эргээд хариуцлагаа тооцог. Нам дээрээ очиж Засгийн газрынхаа алдаа дутагдлыг ярь” гэдэг шаардлагуудыг бидний хэсэг гишүүдийн зүгээс анхнаасаа тавьсан.

Нөгөө талынхан маань юу гэж хэлсэн гэхээр, “Үгүй ээ. Ийм зүйл байж болохгүй. Энд нам ямар ч хамаагүй. 65 гишүүн бүлэг дээрээ асуудлыг шийдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийм л зөрөлдөөн болсон. Зарчмын зөрүүтэй энэ мэт үл ойлголцлоосоо болоод МАН хоёр хуваагдсан фракци маягтай болчихлоо.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудал гишүүдийн дунд багагүй талцал, маргаан үүсгэсэн. Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүнийг ингэж гадаад улсад элчин сайдаар явуулах нь зөв зүйл мөн үү. Улс төрч, УИХ-ын гишүүнийхээ хувьд та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Элчин сайд гэдэг бол гадаад оронд улсаа төлөөлж, улсынхаа бүх л нууцтай холбоотой асуудлуудыг барьж байдаг хүн. Энэ утгаараа нэг их буруудаад байх зүйл байхгүй болов уу.

Харин Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан зарим нэг нууцтай холбоотой байж болзошгүй хэлж, ярьсан үгнүүд нь хэрвээ үнэн бол ёс зүйн болон хариуцлага талаасаа байж болохгүй зүйл. Нөгөөдүүл нь ч бас тэгж яриулах зүйлтэй байж л байдаг. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг зүйл байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50055
1 эможи
keyboard_arrow_up