COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН болж байна

2017 оны 10 сарын 20

ARSLAN.mn

У.Хүрэлсүхийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Бид өргөтгөсөн хуралдааныг Ийгл телевизийн эфирээс ШУУД дамжуулж байна. 

Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байгаа юм. 

ARSLAN.mn

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2018 онд дутагдалтай байгаа үр тарианы зарим хэсгийг импортоор оруулж ирэх шаардлагатай. Төсвийн тодотголд 5.3 тэрбум төгрөг тусгаад байна. 

65.7 мянган тонн мах нөөцлөх боломжтой байна. 2018 оны хавар 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхэд 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байгаа. 

ARSLAN.mn

Мөн хүн амын хэрэгцээнд 191 мянган тонн хүнсний буудайг импортлох шаардлагатай байгаа бөгөөд нийт 220 мянган тонн улаан буудай импортлох шаардлагатай байна" гэв. 

"НҮҮРСНИЙ НӨӨЦ БЭЛТГЭХЭД САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ГАРАХ НЬ"

Үүний дараа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.  Тэрбээр "Гол хүндрэл санхүүгийн асуудал байна. Манай төвийн эрчим хүчний гол үүсвэрийг хангаж байгаа Багануур, Шивээ Овоогийн уурхай өртэй байна.  Нийт өглөгийн гол хэсгийг Япон улс, Дэлхийн банкнаас авсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр эзэлж байгаа. Үүнийг Засгийн газар, Сангийн яамтай хамтарч шийдвэрлэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ.

Нүүрсний нөөц бэлтгэхэд санхүүгийн хэрэгцээ шаардлага гарах нь. Тухайлбал дулааны станцууд дээр 12 тэрбум төгрөгийн төсвийн зээл авах асуудлыг баталсан юм билээ. Энэ ажил Сангийн яам дээр яригдаж байгаа. Асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бид тодорхой ажлууд төлөвлөсөн. 68 нам даралтын зуухыг дулааны нэгдсэн системд холбоно. Төсөвт өртөг нь 58 тэрбум төгрөг байхаар төсвийн тодотголд тусгасан." хэмээв. 

ARSLAN.mn

"НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ 88.1 ХУВЬТАЙ БАЙНА"

ARSLAN.mn

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ "Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт 88.1 хувьтай байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад тулгарч буй гол асуудал нь авто зам, гүүрийн бэлэн байдлыг хангахад 14.3 тэрбум төгрөг шаардлагатай байна.  Өвөлжилтийн бэлтгэлд нийтдээ 25 тэрбум төгрөг шаардлагатай байгааг харьяа газрууд хэлж байна. 

Замын цагдаа, онцгой байдлын газраас гамшигт үзэгдлийн үед хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.  Улаанбаатар төмөр замаас нүүрс тээвэрлэх ажлыг саадгүй зохион байгуулж байна. 

Баруун болон Хангайн бүсийн уулархаг нутагт олон жилийн дунджаас илүү цас орж, замын нөхцөл хүндэрч магадгүй. Ийм үед хамгийн их хэрэгтэй хайрга, дайргыг ойролцоо газраас зөөж ирэх даалгаврыг компаниудад өгч ажиллаж байна" гэв. 

"ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 53 ХОНОГИЙГ ХАНГАХ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ БАЙНА"

ARSLAN.mn

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "10 дугаар сарын байдлаар ердийн хэрэглээний 53 хоногийг хангах газрын тосны бүтээгдэхүүний нөөц байна. Газрын тосны бүтээгдэхүүний 2018 оны компанийн нөөцийг 94.7 тонн буюу 30 хоногийн хэрэгцээтэй тэнцүүлэн бүрдүүлэх ажлыг хийж байна. 

Багануур ХК өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд 77 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл нь 95 хувьтай байгаа. Шивээ-Овоо ХК өвөлжилтийн бэлтгэлийг хангахад 42 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл нь 72 хувьтай байна" гэв. 

"ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА"

ARSLAN.mn

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Цаг агаарын хүйтрэлтэй холбогдуулан ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Дэгдэлтийн үеэр 840 ор бэлэн байлгахаар ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын ажил чухал байна. 220 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. АНУ-аас тусламжаар авах 50 мянган хүн тун вакцин ирсэн. 

Ханиад томуу дэгдсэн үед хүний нөөцийн асуудал чухал. Бэлтгэл ажил хангагдсан. Энэ жилийн хувьд эмнэлгийн ажилтнуудаа хоёр ээлжээр ажиллуулна. 2,200 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Хүн ам ихтэй дүүргүүдэд ханиад дэгдэлтийн үед коридорт 1-2 хоног орон дээр хэвтүүлж магадгүй байна. 

Хөдөө орон нутгийн хэд хэдэн эрүүл мэндийн төвүүд өртэй байна. Өрийн асуудлыг шийдэх хөрөнгө мөнгө төсвийн тодотголд суусан. Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахууны хангамж бүрдэнэ. Нийт 54 эмнэлгийн байгууллагуудад засвар үйлчилгээ хийгдэж 84 хувьтай явж байна. Зарим аймагт дутагдалтай байгаа түргэн тусламжийн машиныг авах хөрөнгө мөнгө төсвийн тодотголд суусан.

Өвөлжилтийн бэлтгэлд 8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэв. 

"177.4 МЯНГАН МАЛЧИН ӨРХӨД 65.9 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ"

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь гантай байна. Гандуу аймаг сумдад өвс хадлан бэлтгэх боломжгүй болсон. Санхүүгийн бэрхшээл гарсан.  Мөн тал тарга хүчээ дутуу авч, ургац буурсан, усан хангамж дутагдаж, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нөхцөл байдал үүсжээ.  177.4 мянган малчин өрхөд 65.9 сая толгой мал өвөлжинө. Байгалийн гамшиг, өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэн үед 3,756 тонн өвс, 4,777 тонн малын тэжээлийн үлдэгдэлтэй байна.  Нэмэлт өвч, малын тэжээл бүрдүүлэх ажил 25-50 хувьтай байна. 11 дүгээр сарын 30-ны дотор өвс, тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Долоон аймаг, 35 сум, дүүрэгт шүлхий өвчин гарч 7,651 толгой малыг устгасан. Одоогийн байдлаар 4 аймгийн 7 суманд хорио цээрийг дэглэм тогтоосон байгаа.  Шүлхий өвчний вакциныг өндөр эрсдэлтэй аймгуудад хүргүүлж, 656.2 мянган толгой мал хамрагдаж, 62 хуввьтай явж байна.  Вакцинжуулалтыг 11 дүгээр сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөсөн. 

Цаашид гантай байсны улмаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас өвч тэжээл бэлтгэх 4.4 тэрбум төгрөгийг хорогдуулахгүй батлах шаардлагатай" гэв. 

"УЛСЫН ТӨСӨВ 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХААР БАЙНА"

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хоёр сар үлдсэн боловч 3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд санхүү, хөрөнгийн удирдлагыг оновчтой болгож хүлээгдэж буй гүйцэтгэлийг түргэн шуурхай гаргана.  

660 сая ам.долларын бондын төлбөрийг яаралтай хийх ёстой. Нийт дүнгээрээ 5 их наядын төлбөрийг ойрын 4 сарын хугацаанд хийнэ. Үүнийг цаг хугацаанд нь хийж дуусгана. 

2017 оны төсвийн тодотголд өвөлжилтийн бэлтгэлийг хангахад 93.4 тэрбум төгрөгийг тусгасан. 

Үүсээд байгаа 38.9 тэрбум төгрөгийг тусгасан. Сангийн яамны зүгээс төсвийг цаг хугацаанд нь санхүүжүүлэх ажлыг өнөөдрөөс зохион байгуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48371
0 эможи
keyboard_arrow_up