COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түр Засгийн газрууд бүрмөсөн хямралд хөтлөх вий

2017 оны 9 сарын 12

Түр Засгийн газрууд бүрмөсөн хямралд хөтлөх вий

Парламентад олонхийн суудалтай МАН өөрсдийн эмхлэн байгуулсан Засгийн газраа өнгөрсөн долоо хоногт огцруулав. 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш ийм олон гишүүнтэй бүлэг парламентад бүрдээгүй. УИХ-аасаа хэт хамааралтай учир 2004 оноос хойш Үндэсний эв нэгдлийн, хамтарсан гэх тодотголтой Засгийн газрууд байгуулагдаж, бүгд л бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорч байсан юм. Засгийн газрын энэ тогтворгүй байдал улс орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа гээд олон салбарт сөргөөр нөлөөлсөн.

Тиймээс 65 гишүүнтэй МАН-ын “бүдүүн бүлэг”-ийг тогтвортой ажиллах нь гэсэн  хүлээлт олон нийтэд байв.

Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар ганцхан жилийн л настай байжээ. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайдыг, эсвэл танхимынх нь сайд нарыг сайн, муу ажилласан гэж дүгнэхийг хүссэнгүй. Гагцхүү Засгийн газрын нас улам л богиносоод байгаад хамаг учир байна. Энэ бол Монгол Улсын хувьд хамгийн хор хохиролтой зүйл.

Засгийн газар нь тогтворгүй байна гэдэг гадаад ертөнцөд Монголын тухай хамгийн таагүй мэдээлэл болж очно. Ялангуяа хөрөнгө оруулагчдад энэ бол хасах оноо л гэсэн үг. Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт дөнгөж хамрагдаад байгаа энэ цаг үед Засгийн газар огцорно гэдэг таатай биш. Тэд мэдээж манай улсын улс төрийн нөхцөл байдлыг хэнээс ч илүү анхааралтай ажиглаж, дүгнэлт хийж суугаа. Монголын төр засаг тогтворгүй, жил болоод л солигддог, гэрээ хэлэлцээ хийгээд эргэхэд л нөгөө хүн нь огцорчихсон байдаг. Тиймээс хөрөнгө оруулахад тааламжгүй улс. Гадаадынханд ийм мессеж л очно.  

Гадаадын хэвлэлийн агентлагууд ч ийм өнгө аястай мэдээллүүдийг цацаж байна. Тухайлбал, өмнөд хөршийн “Синьхуа” агентлаг “Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт дөнгөж хамрагдан, хэрэгжилтийн үед ийнхүү огцорч байгаа нь далайд гарцгүй энэ орны хувьд улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдлаа харуулснаараа хөтөлбөрийг гацаах хэмжээний эрсдэлд хүргэж мэдэхээр байна. Тэр дундаа Монгол Улсын тогтвортой байдлын тухайд байнга санаа зовж байдаг олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншүүд МАН-ын тэргүүлсэн Монголын Засгийн газрын тогтвортой байдалд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан юм. Гэсэн ч МАН улс төрийн байдлыг тогтвортой болгоно гэсэн хөрөнгө оруулагчдын найдвар талаар өнгөрлөө” хэмээн бичжээ.

“Ройтерс” агентлаг “Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээж, тус улсын голлох экспорт болох нүүрсний үнэ өсч байгаа энэ үед Засгийн газар нь огцорлоо” гэж онцолсон бол “Вашингтон пост” “Тус улсын дотоодын өр 23 тэрбум долларт хүрээд байгаа энэ үед Засгийн газар огцорсон нь гадны хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэх, томоохон эрсдэлтэй байна” хэмээсэн байна.

Засгийн газар тогтворгүй байгаагаас болж дотоодод ямар сөрөг үр дагаврууд үүсэх вэ гэвэл хамгийн түрүүнд төрийн албанд халаа сэлгээ үргэлжилнэ. Шинэ сайд нар томилогдсоны дараа бүх яамдын газар, хэлтсүүдэд доргилт үүснэ. Тэр байтугай төрийн нарийн бичгийн дарга нар ч солигдож мэднэ. Уг нь бол төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч. Ямар ч сайд ирлээ гэсэн, тэр ч бүү хэл аль ч нам засгийн эрхэнд гарсан тэднийг халах ёсгүй. Албан ажилдаа ноцтой алдаа гаргаагүй л бол шүү дээ. Гэхдээ Монголд өөр “хууль” үйлчилдэг тул төрийн нарийн бичгийн дарга нар улс төрийн халаа сэлгээнд хамгийн түрүүнд өртдөг. Засгийн газар огцорсны дараа халаа сэлгээнд өртөх вий гэж хамгийн их айдастай байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид. Төрийн албан хаагчид мэргэшсэн, тогтвортой ажиллах боломжгүй, Засгийн газартайгаа хамт огцорч, өөрчлөгдөж байгаа нь хамгийн хор хөнөөлтэй.

Энэ нь эцэстээ төрийн албыг хүчгүй, чадваргүй, сул дорой болгож байна. Олон улсын нисэх буудлын даргаар дунд ангийн багш хүн ажилладаг, ажилдаа тэнцэхгүй F оноо авсан албан хаагч агентлагийнхаа Тамгын газарт дэвшин, даргынхаа хамгаалалтад шигддэг жишиг Монголын төрийн албанд л бий.

Түр Засгийн газрууд бүрмөсөн хямралд хөтлөх вий

Засгийн газар тогтворгүй байгаагийн олон жишээг дурдаж болно. Наад зах нь өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт гээд цаг үеийн ажлууд улс төржилтөөс болж цалгардаж байна. Нийслэл хотод л гэхэд  өдийд “Намрын ногоон өдрүүд” эхлэн, шинэ ногооны үзэсгэлэн худалдаа хэдийнэ нээгдэж, Улаанбаатарынхан ургацын далайд умбаж байдаг. Гэтэл энэ жил сураггүй. Төмөр замын буудал хавьд шороотой гудамжинд овоолсон төмс, ногоогоо зарж суугаа хэдэн ногоочдоос өөр төвлөрсөн худалдаа алга. Хөдөө орон нутгаас ногоочид ургацын дээжээ ачаад нийслэлийг зорих гэж байсан ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан “Юун намрын ногоон өдрүүд”, улс төрд халуун өдрүүд эхэллээ гээд таг зогсоожээ.

Боловсролын салбарынхан ч гэсэн үймж бужигнасан хүмүүсээр дүүрэн. Хотын дарга нь гэнэт л их, дээд сургуулиудыг хотоос гаргах санаачилга гаргалаа гэж мэдэгдээд л. Сайдынхаа барааг ч харж амжилгүй огцруулчихсан энэ салбарынханд жил жилийн намар үүсдэг олон асуудлууд овоорсон хэвээр. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж, өнөөдөр 21 аймаг болон нийслэлийн багш нар нэгдэн мэдээлэл хийлээ. Даанч үүрэг гүйцэтгэгч сайдтай багш нар хөөрхий. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг явах сайдад ямар ч үг хэлээд нэмэргүй.

Энэ мэтээр Засгийн газрын тогтворгүй байдал бүх салбарт, бүх шатанд мэдрэгдэж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг энэ. Түр Засгийн газрууд нүүдлийн шувууд шиг ирээд буцна. Харин улс орон маань бүр хямралд орох вий гэсэн айдас иргэдэд байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46880
0 эможи
keyboard_arrow_up