Д.Энхцэцэг: Сонгогдохын тулд хоосон амлалт өгдгөөс болж улстөрчдөд залуус итгэхээ байсан Д.Энхцэцэг: Сонгогдохын тулд хоосон амлалт өгдгөөс болж улстөрчдөд залуус итгэхээ байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхцэцэг: Сонгогдохын тулд хоосон амлалт өгдгөөс болж улстөрчдөд залуус итгэхээ байсан

2020 оны 10 сарын 12

Arslan.mn

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг ярилцлаа.


-Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар залуучуудын дийлэнх нь УИХ, улс төрийн намуудын үйл ажиллагаанд сөрөг хандлагатай гэж. Залуучуудын УИХ-д сөрөг хандлагатай байгаа шалтгаан нь юу вэ?

-Сүүлийн жилүүдэд улс төрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн жил залуучуудын хэдэн хувь нь сонгуульд оролцож саналаа өгч байна гэсэн судалгаа хийгдсэн байсан. Энэ судалгаагаар 25 хүртэлх насны залуучуудын 50-иас илүү хувь нь сонгуульд орохгүй байна гэж гарсан. Үүнтэй холбоотой олон иргэний нийгмийн байгууллагууд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, ардчилсан улс төрд өөрийн дуу хоолойгоо хүргэх нь яагаад чухал вэ гэдгийг таниулах, саналаа өгөх идэвхийг нь сэргээхэд чиглэсэн олон үйл ажиллагаа хийгдсэн. Үүний үр дүнд өнгөрсөн сонгуулиар залуучуудын сонгуулийн идэвх 10 орчим хувиар нэмэгдсэн байсан. Энэ жилийн сонгуулиар залуучуудын 62 орчим хувь сонгуульдаа оролцсон гэж мэдээлсэн байсан. Тиймээс залуучуудын идэвх нь нэмэгдэж байгаа сайн үзүүлэлтүүд байна.

Гэхдээ яагаад залуучуудын улс төр, сонгуулийн идэвх нь муу байна. Залуус яагаад улс эх орны хөгжилтэй холбоотой асуудалд өөрсдийн дуу хоолойг гаргаж оролцохгүй байна гэдэг асуудлын шалтгаан нь янз бүр байдаг. Гэхдээ ихэвчлэн “Төрд итгэхгүй байна, сонгуулиар сайхан зүйлүүд амладаг ч амлалт нь биелдэггүй, төрд сонгогдчихоороо бидний дуу хоолойг сонсдоггүй, залуучуудтай хамтарч ажиллахдаа сул байдаг” гэсэн шалтгаануудыг дурддаг. Өөрөөр хэлбэл, төр бүхий л бодлогын асуудалд хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа залуучуудыг оролцуулж байх хэрэгтэй. Уг нь залуучуудыг оролцуулах эрх зүйн орчин нь сайн бүрдсэн байдаг. Тухайлбал, ард иргэдийг сонсох Нийтийн сонсголын хууль 2015 онд батлагдаж 2016 оноос хэрэгжиж эхэлсэн.

-Мөн судалгаагаар хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь авлига гэж үзсэн байсан. Засгийн газраас ч энэ чиглэлд маш муу ажилладаг гэж дүгнэсэн байсан. Залуучуудын улс төрийн идэвх муу байгаа нь юутай холбоотой вэ?

-Залуучуудын санаа зовж байгаа авлигын тодорхой асуудалд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол хийгддэг. Мөн ИТХ, УИХ-ын түвшинд ч авлигын асуудал ч юм уу өөр бусад асуудалд сонсох хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байдаг. Хууль тогтоомжийн дагуу олон хэлэлцүүлэг хийдэг. Гэтэл залуучууд өөрсдөөс нь төр хол юм шиг дүгнэдэг болгочихсон. Энэ хэмжээгээрээ төр өөрт нь огт хамаагүй юм шиг боддог болчихсон. Бид ардчилсан нийгэмд амьдардаг. Бүх зүйл төр засгийн зөвшилцөл ард түмний өөрсдийнх нь өгсөн мандат дээр үндэслэдэг. Энэ зарчмаа амьдралдаа хэрэгжүүлмээр байгаа юм. Аливаа асуудлыг сонгогдсон хэдхэн хүн шийддэг бус иргэдээ сонсдог, зөвшилцөж хэрэгжүүлдэг тал руу алхмаар байна. Саяхан бид баруун аймгуудаар явж иргэний нийгмийн байгууллага, залуучуудын байгууллагатай уулзлаа. Тэгэхэд нэг талаас төр тэдний оролцоог сайжруулах, дээр хэлсэнчлэн сонсох зөвшилцөх, зөв зүйтэй шийдвэр гаргахын тулд иргэдийн оролцоог хангах ажил сул байгаа нь ажиглагдсан. Нөгөө талаас иргэд ч яаж оролцохоо мэддэггүй, мэдээлэлгүй, өөрт ямар боломж байна гэдэг иргэний эрх зүйн боловсрол дутмаг байна. Иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөдөө орон нутагт хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалж улс төрийн идэвх бага, залуучуудын оролцоо сул өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн юм болов уу гэж харагдсан.

-Олон улстай харьцуулахад манай улсын залуучуудын оролцоо хэр түвшинд байна?

-Бусад улсуудтай харьцуулахад манай улсын иргэдийн сонгуулийн ирц тийм ч муу биш. Зөвхөн залуучууд гэж хязгаарлахгүйгээр ерөнхийд нь хэлбэл сонгуулийн ирц гайгүй. Энэ зуны УИХ-ын сонгуулиар ирц 74 хувьд хүрсэн. Гэхдээ ардчилал дөнгөж эхэлж байхад хийж байсан сонгуультай харьцуулахад буурсан. Анх 90 гаруй хувийн ирцтэй байсан. 2016, 2020 оны сонгуулиар ирц цөөн хэдэн хувиар нэмэгдэж байна. Харин энд хэн сонгуульд оролцож байна гэдэг л гол асуудал. Мэдээж залуучуудын оролцоо сул байсаар ирсэн.

-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Иргэдийн, тэр дундаа залуучуудын оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?

-Орон нутгийн түвшинд сонгогчдын 50 гаруйхан хувь нь л оролцож байна. Орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоо бүр багасдаг. Угтаа ИТХ-д нэр дэвшиж гарч ирж буй төлөөлөгчид иргэдийн өдөр тутмын асуудлыг шийддэг, иргэддээ хамгийн ойр ажилладаг, иргэдийг шууд төлөөлөх хүмүүс. Гэтэл орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо маш бага байдаг нь харамсалтай. Эрх баригчдын зүгээс болгоомжилж 50 хувийн ирцээр сонгуулийн ирцээ баталгаажуулах заалт энэ удаагийн сонгуульд оруулсан.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг ирцгүй явуулах шийдвэрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ирц хүрэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой байх. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргахын оронд хуулиасаа 50 хувийн босгыг авчихвал ирцээс үл хамаарч сонгууль хүчинтэй болж, хэн ч сонгогдсон төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм байна гэсэн логик харагдаж байна. Энэ нь мэдээж урт хугацаандаа явуургүй арга. Энэ нь сонгуулийн хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөх чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх ухарсан хуулийн шинэчлэл гэж үзэж байгаа. Иргэд нь идэвхтэй байж төлөөллийн байгууллагын чанар сайжирна. Гэтэл энэ чанарыг сулруулсан заалтыг оруулж хуулиа өөрчилсөн байна. Ер нь иргэн хүчирхэгжиж байж сайн засаглал бий болно. Гарч байгаа шийдвэр иргэдийн оролцоотой, зөвшилцөлтэй явах ёстой. Төр иргэн хоёрын гүүрийг аль болох өргөтгөхөд анхаарах ёстой. Ингэж дараа дараагийн асуудал аяндаа сайжирна.

Залуус сонгууль өгөхдөө нэг зүйлийг анхаармаар байна. AUDIT.mn руу ороод харвал нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд байдаг. Ихэвчлэн хоорондоо төстэй мөрийн хөтөлбөр байна. Явган хүний зам барих, түгжрэлийг бууруулна гэх зэргээр олон амлалтууд харагдана лээ. Гэхдээ бидний алдаа нь мөрийн хөтөлбөрийг уншилгүй үзэмжээрээ сонгодог. Энэ бол маш буруу. Мөрийн хөтөлбөрийг нь уншиж байж сонгодог, дараа нь амласан амлалтаа биелүүлсэн эсэхэд анхаарлаа хандуулдаг баймаар байна. Тэр дундаа шийдвэр гаргагчдын амлалт төсөвт яаж нөлөөлж байна гэдгийг ч харах хэрэгтэй. Угтаа манай улсад төсөв батлахад иргэд оролцох боломж байдаг. Мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгохын тулд үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв гарч байгаа шүү дээ. Гэтэл төр нь сайхан мөрийн хөтөлбөр амлаж сонгогдохоо л боддог болохоос иргэдэд амласан амлалтаа биелүүлэхээ мартчихаад байдаг нь үнэн. Гэтэл төсөвт оролцох эрх зүйн орчин байдаг. Тодруулбал, төсвийн сонсгол хийж болно, залуучуудад хамааралтай ийм зүйлийг хотын мөрийн хөтөлбөр дээр тусгасан. Ийм төлөвлөгөөнд ийм төсөв гаргасан гэдгийг сонсох эрх зүйн орчин нь байгаа хэрнээ сонсдоггүй. Иргэдэд олон амлалт мөрийн хөтөлбөрөөс шүүж гаргах хэцүү юм бол та намайг сонсох уу, бидний оролцоог хангах уу, ардчилсан зарчмаар засаглах хүн мөн үү гэдгийг нь асууж сонгомоор байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620375
0 эможи

Зочин
2020-10-12 11:48
keyboard_arrow_up