COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Айсуй сонгуулийн чимээ: БАЯН-ӨЛГИЙ

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог болох  Баян-Өлгий аймгийг онцолж байна. Тус аймагт сонгуулийн дөрөв, тав, зургадугаар тойрог хамаардаг. Ямар ч нам, сонгуулийн системийн үед Баян-Өлгий аймагт мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид ерөнхийдөө МАН-д давамгай ялалт өгч байжээ.  АН-д ганц удаа итгэж үзсэн нь ердөө 2004 оны сонгууль байв.  Харин бусад зургаан удаагийн сонгуульд МАН  үнэмлэхүй ялжээ.   Задалж үзвэл долоон удаагийн сонгууль болоход МАН-6,  АН-1 удаа Баян-Өлгийд ялж байв. Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж улс төрийн хүрээнд ярьдаг.  Баян-Өлгий аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.

1992 он: МАН

1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сонгуулийн дөрөвдүгээр тойрог болох Баян-Өлгий аймгаас МАН/МАХН/-аас нэр дэвшсэн А.Болат 67.7 хувь буюу 23349 санал, МАН-аас нэр дэвшсэн Х.Володя 54.6 хувь буюу 21481 санал,  мөн МАН-аас нэр дэвшсэн Т.Султан нар олонхийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна.

1996 он: МАН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.   76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Баян-Өлгий аймгийн  дөрөвдүгээр  тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Сандалхан ялалт байгуулсан. Тавдугаар тойрогт мөн МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Султан ялж, гишүүн болсон. Зургадугаар тойрогт А.Болат нэр дэвшиж өрсөлдөж, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.  Баян-Өлгийчүүд нийт сонгогчдын цөөнхийн саналын төлөөлөл болж МАН-ын гишүүдийг багаар нь дэмжсэн юм.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. Баян-Өлгийн дөрөвдүгээр тойргоос МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Сандалхан ялалт байгуулав. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тус тойрогт АН-аас Ч.Куланда өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Харин тавдугаар тойрогт  МАН-аас О.Нигамет нэр дэвшиж ялалт байгуулав.  Түүнчлэн зургадугаар тойрогт МАХН-ын гишүүн Х.Жекей ялалт байгуулсан байдаг.  Баян-Өлгийн сонгогчид дахин МАН-д итгэл үзүүлсэн нь энэ юм. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байв.

2004 он: АН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Энэ онд сонгуулийн салхи арай өөрөөр сэвэлзэж эхлэв.  Баян-Өлгийд ч ялгаагүй.  Нэр дэвшигч А.Мурат, А.Бакей гээд АН-ын гишүүд ялалт байгуулсан он байлаа.  Мөн бие даан нэр дэвшсэн К.Сайран УИХ-ын зургадугаар тойргоос гишүүн болсон байдаг. Энэ онд Баян-Өлгийчүүд МАН-д итгэл үзүүлээгүй билээ.

2008 он: МАН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид мөн л  МАН-д итгэл үзүүлж, багаар нь сонгожээ.  Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Х.Жекей, А.Тлейхан,  Х.Баделхан нар олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдов.   Харин тэдэнтэй АН-аас Х.Ержан, А.Мурат, А.Бакей нар өрсөлдсөн байдаг. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Тус аймагт МАН-аас А.Тлейхан,  Х.Жекей нар өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг.  Харин АН-аас  А.Бакей  олонхийн санал авсан юм.   Мөн АН-аас Ч.Куланда, МАХН-МҮАН эвсэлээс А.Хавсад , А.Нота,  ИЗНН-аас С.Бакинтан нар өрсөлдөж ялагдсан байдаг.

2016 он: МАН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Улаан хэмээн нэрлэгддэг Баян-Өлгийн тойргууд ч МАН-даа л итгэл үзүүлсэн. Дөрөвдүгээр тойрогт АН-аас А.Бакей МАН-аас Г.Солтан  нар өрсөлдөж,  Г.Солтан 51.4 хувийн санал авч ялалт байгуулсан. Тавдугаар  тойрогт Х.Баделхан олонхийн санал авсан.  Түүнтэй АН-аас Х.Ержан,  БНН-аас Н.Самат өрсөлдөн ялагдсан байдаг.  Харин зургадугаар тойрогт  АН-ын гишүүн Д.Мурат олонхийн санал авсан.  Түүнтэй МАН-аас  А.Тлейхан өрсөлдөж,  МАХН-аас Д.Чинзориг нар өрсөлдсөн байдаг.

2020 он:

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана.  Сонгуулийн товыг зургадугаар сарын 24-нд хэмээн тогтоосон билээ. Мөн мандатын тоог тогтоод байна. МАН-аас нийслэлд мандатын тоог багасгаж, зарим аймагт нэмээд байгаа билээ.  Одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна.  МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас АН-аас А.Бакей, Х.Ержан, Ч.Куланда нарын  нэр ч яригдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613415
0 эможи

Сауля гэх хаа-н дэд сайд авгай бол зайлаа
2020-02-07 12:33
УИХ Сауля гэдэг хаа-н дэд сайдаа хийж чадахгүй ямар ч чадваргүй орон гаран ухаан муутай чавганцаар дутаж гэнэ
АВИЛГАЧИН БАКЕЙГ СОНГОХГҮЙ
2020-02-07 12:31
БАЯН-ӨЛГИЙЧҮҮД
Зочин
2020-02-06 14:12
keyboard_arrow_up