COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НӨХӨН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

2019 оны 2 сарын 14

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сард бүртгэнэ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль юу болов? Arslan.mn

Хэнтийд нөхөн сонгууль болох сураг гарсаар хоёр он дамнав. УИХ-ын 42 дугаар тойргоос нэр дэвшиж төр төлөөлөх эрхтэй болсон Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсний жилийнх нь ойн дээр нөхөн сонгууль болох тов гарлаа. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сард тус тойрогт нөхөн сонгууль явуулах байсан ч нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар боломжгүй болсон. Үүний цаана МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших гээд бэлтгэлээ базаасан учир ямар нэг шалтаг олж хойшлуулсан гэх яриа ч тухайн үед гарч байв. Цаашлаад МАН үнэмлэхүй олонх байгаа энэ үед 42 дугаар тойрогт төр төлөөлөх эрхгүй бүрэн эрхээ дуусгахаар ярилцсан хэмээн яриа ч чих дэлсэж байсан.

Гэвч МАН ээлжит сонгууль болохоос жилийн өмнө парламентыг “бүтэн” болгохоор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулав. Хууль сонгуульд өрсөлдөх сонирхолтой төрийн албан хаагч сонгууль товлон зарлагдсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах гэсэн заалтаар өөрчлөгдөв. Энэ заалтын дагуу уг хугацаа маргаашаар дуусгавар болж буй. Өөрөөр хэлбэл, СЕХ-ноос хоёрдугаар сарын 10-наас сонгууль товлон зарлахаа мэдэгдсэн билээ.

Ямар боловч Хэнтийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүс төрийн албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байх. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр судалгаа хийж буй гэх мэдээлэл байна. Тэрээр жил гаруйн өмнө бүлгийнхээ хуралд мэдээлэл өгөх үеэрээ “Хэнтийд өрсөлдөхгүй. Надад хангалттай олон давхар дээл байна” хэмээж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд түүний рейтинг өмнөх онуудаас өссөн судалгаа гарчээ. Иймд төрсөн нутагтаа нэр дэвшээд үзэх сонирхол бий аж. Хэрэв сонгогдвол нам дотроо өрнүүлж буй “их цэвэрлэгээ” нэртэй акц нь улам бэхжинэ гэж үзжээ.

Үүнээс гадна АН-аас тус тойрогт 2016 онд нэр дэвшээд унасан Засаг дарга асан Ж.Оюунбаатар өрсөлдөх сураг бий. Хэрэв тэр дэвшээд сонгогдвол АН-ынхан Лу.Болдыг царайчлалгүй УИХ-д бүлэгтэй байх боломж бүрдэнэ. Тиймээс энэ сонгууль АН-ын хувьд ихээхэн ач холбогдолтой. Харин МАН-аас У.Хүрэлсүх бодлоо өөрчилбөл Засаг дарга Н.Ганбямба нэр дэвшихээр яригдаж байгаа. Нэг бус удаа У.Хүрэлсүх түүнд санал тавих "шахахын" хооронд яриа өрнөсөн гэдэг.

Дараагийн хүчтэй өрсөлдөгчид яригдаж буй хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Гэхдээ тэр сонгуульд өрсөлдөх хүсэл сонирхлоо орхиогүй бол шүү дээ. Магад ээлжит сонгууль болоход ганцхан жил үлдсэн учраас хүчээ 2020 онд гаргая гэж хойш суусан байхыг ч үгүйсгэхгүй. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Эрүүгийн хуулиар ялтайд тооцогдох хугацаа байхгүй болсон. Тиймээс Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй” гэсэн юм. Гэхдээ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хэнтийн 42 дугаар тойргийг “усалж” байсан Н.Энхбаяр одоо нам гүм байна. Хэнтий тийш залах хүлгийн жолоогоо хазаарласан гэх яриа ч нэг бус удаа гарсан. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ нам, эвслүүд тавдугаар сарын 1-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны хооронд мэдээллээ хүргүүлэх аж.

Н.Энхбаярын хувьд рейтинг нь иргэдийн дунд одоо ч өндөр хэвээр буй. Өнгөрсөн зунжингаа Хэнтийд ажилласан учир нэр дэвшвэл гарах магадлал ч өндөр аж. Гэхдээ тэр эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. 42 дугаар тойргийн хувьд 2016 онд 16519 сонгогчтой байсан бол одоо 17450 болжээ. Нөхөн сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь оролцох боломжтой юм байна. Сонгуулийн зардлын хэмжээг УИХ-аас 287.6 сая төгрөгөөр баталсан бол Үндэсний аудитын газраас нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоох аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600240
0 эможи

keyboard_arrow_up