Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтийн нөхөн сонгууль эрх баригчдын “толгойн өвчин” болно

2018 оны 12 сарын 11

Arslan.mn

УИХ ЭНЭ САРД НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ ЗАРЛАХГҮЙ БОЛ ХЭНТИЙНХЭН 2020 ОН ХҮРТЭЛ ХОХИРОХ НЬ ЭЭ

Хэнтийн нөхөн сонгуулийн товыг түдгэлзүүлсэн шийдвэрээ ҮХЦ өнгөрсөн сарын сүүлээр дахин баталсан. Сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуулийг жилд хоёр удаа буюу зургаа, аравдугаар сард явуулах ёстой. Харин парламент эл асуудлаар цэцийн хаалга дахин татахгүйн тулд УИХ тус тойргийн нөхөн сонгуулийг энэ сард багтаан зарлах ёстой болж байна.

Өнгөрсөн намар цэц “УИХ нөхөн сонгуулийг товлон зарлахдаа үндсэн хуульд заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, “Төрийн байгууллагын бусад шийдвэр үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн” гэж дүгнэсэн юм. 

Өөрөөр хэлбэл УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн 125.5 дахь заалтыг ойшоож үзэлгүй нөхөн сонгууль зарласан гэж буруутгав.

Сонгуулийн тухай хуулийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэж заасан буй.

Цэцийн дээрх шийдвэр УИХ нөхөн сонгуулийг явуулахаар бол өмнөх жилд нь товлон зарласнаар үндсэн хуульд нийцэхийг тогтоогоод өгчихлөө. Үүгээр УИХ-аас хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар зарлахын тулд 2019 оноос өмнө шийдвэр гаргах ёстой болж байна.

Ийм шийдвэр гаргаж чадахгүй бол ирэх онд ч нөхөн сонгуулийн тов зарлаж чадахгүйд хүрч мэдэх нь. Учир нь УИХ-ын ээлжит сонгуулийн жилд нөхөн сонгууль явуулахыг хориглосон хуулийн заалттай. 

Харин УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үүнийг өөр байдлаар шийдвэрлэх боломжтойг тайлбарлаж буй. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн дүгнэснээр хэнтийн нөхөн сонгуулийг УИХ энэ сард багтаан зарлаж, төрийн албан хаагчдыг нэр дэвших эрхийг хангах болж байна. харин бид үүнийг өөр хуулийн зохицуулалтаар шийдэхээр болсон.

Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхдөө 45 хоногийн өмнө албаа өгнө

Тухайлбал, шинэчлэн батлагдсан төрийн албаны хуульд “Сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалтан 45 хоногийн өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ёстой” гэсэн өөрчлөлт хийсэн.

Тэгэхээр Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сард хийхээр төлөвлөж, 45 хоногоос өмнө товлон зарлахад болчих байх” гэв. Болчих байх гэдгийн цаана холбогдох хуульд бас зохицуулалт хийх шаардлага байгааг хэлж буй хэрэг.

Хэрэв төрийн албаны тухай хуульд зохицуулалт хийсэн бол Сонгуулийн тухай хуулийн 125.5-р зүйлд ч өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэтэл сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахын тулд сонгууль явуулахаас зургаан сарын өмнө батлах ёстой гэсэн хуулийн заалт бас бий. Энэ мэт хуулийн зөрчил эрх баригчдын “толгойн өвчин” болох шинжтэй. Зохицуулалт хийж чадахгүй бол 

“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг парламент бас л цаг хугацааны хайчинд орно. Харин тэр хооронд хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид парламентад төлөөлөлгүй 2020 онтой золгож мэдэх нь. Тус тойргийн Жаргалтхаан, Мөрөн, хэрлэн сумдын 16.6 мянган иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй.

Тэдгээр иргэний санал, хүсэлт парламентын гадна үлдэж үндсэн хуулийн бас нэгэн зөрчил үүсэх ч магадлалтай. Өнгөрсөн намар төрийн албан хаагч өргөдөл гаргаж ҮХЦ-ийг хуралдуулсан бол энэ удаад жирийн иргэн эрхээ хамгаалахаар бичиг бариад ирэхэд үндсэн хуулийн маргаан үүсгэх боломж нээлттэй байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598067
0 эможи

keyboard_arrow_up