COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Михаэль Линк: Монголын сонгуулийг ажиглах сонирхолтой байдаг

2017 оны 3 сарын 14
  • ...Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын  тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа...

Энэ тухай  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэрээ  онцлон тэмдэглэв.

Тэрбээр мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж буй талаар танилцууллаа. Ноён Михаэль Линк  цаашид шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ  илэрхийллээ.

Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай, сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсноо  тэрээр онцоллоо.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам  боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг тэмдэглээд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Төлөөлөгчид тус байгууллагын бүсийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц, байдалтай танилцах ажлын  хүрээнд ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.

Ноён Михаэль Линк  ХБНГУ-ын Гадаад харилцааны нэгдүгээр дэд сайд, Европын харилцааны асуудал хариуцсан төрийн сайд, мөн ХБНГУ-ын парламентын гишүүн  байсан.

Мөн өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд  Ц.Мөнх-оргилтой  ажил хэргийн уулзалт хийж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад  байгаа монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41629
0 эможи
keyboard_arrow_up