COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мона Лиза яагаад тийм онцгой урлагийн бүтээл вэ

2019 оны 7 сарын 22

мона лиза зурган илэрцүүд

Францын нийслэл Парис хотын Луврийн Музейд хадгалагдах сэргэн мандалтын үеийн их мастер Леонардо Да Винчигийн нэрийн хуудас болсон, алдарт Мона Лиза хөрөг зургийг өдөр бүр мянган мянган жуулчид ирж сонирхох аж. Хэдий хүн төрөлхтний түүхэнд үлдсэн маш олон агуу бүтээлүүд тус музейд зочилсон хүн бүрийн хувьд нээлттэй ч чухам яагаад Мона Лиза бусдаасаа тийм их онцгой анхаарал татна вэ?  

Мона Лизагийн ард нуугдах, тайлагдашгүй нууц

Леонардо Да Винчигийн намтрыг бичсэн хамгийн анхны хүн болох Жиоржио Васаригийн тэмдэглэн үлдээснээр тус нууцлаг бүсгүй нь Франческо дел Жоконда гэх чинээлэг торгоны худалдаачны хоёр дахь эхнэр байсан аж. Тиймээс Мона Лиза хөрөг зураг нь Жоконда гэх өөр нэрээрээ алдаршсан байдаг.

Судлаачдын үздэгээр Леонардо Да Винчи 1500-аад оны эхэн үед Италын Флоренц хотод ирж суурьшин, уран бүтээлээ туурвих болсон бөгөөд тэрээр тус хотын төв цамхгийн хананд өнөө хэрнэ байх алдарт “Ангхиарын тулаан” зургаа зурах итгэл, найдвар тээн анх ирсэн гэдэг. Тэрээр уг зурагыг зурах эрх олж авахын тулд Флоренц хотын эрх мэдэл бүхий эрхмүүдийн хөрөг зургийг зурж өгснөөр өөрт нь боломж олдоно гэж үзжээ. Тухайн үед их мастерын туслах байсан Никколо Мачиавелли гэх хүний тэмдэглэлд тэрээр 1503 онд Лиза дел Жокондагийн хөрөг зургийг зурсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Түүний томоохон шүтэн бишрэгч, Италийн өөр нэгэн алдарт уран зураач болох Рафаил 1505-1506 онд Мона Лизагийн хар зургийг зурсан байна.

Харин Леонардо Да Винчи 1516 онд Франц улс руу нүүх үедээ уг бүтээлээ дуусгаагүй чигээр нь авч явсан аж. Урлаг судлаачдын үздэгээр Мона Лиза нь Леонардо Да Винчигийн туурвисан сүүлийн бүтээлүүд дундаас арга барил, техникийн хувьд үнэхээр онцгой илүү байдаг нь өөр хүн үүнийг зурж дуусгасан байж болзошгүй гэх маргаан дагуулдаг.

Үүнээс хойш 1517 онд их мастерын ивээн тэтгэгч асан Жюллиано де Медици Лионаордо Да Винчигийн гэрт зочилсон тэмдэглэлдээ Мона Лизатай төстэй бүсгүйн хөрөг зургийг харсан тухайгаа бичиж үлдээжээ. Харин Жиоржио Васари Жюллиано де Медицигийн харсан гэх зургийг Мона Лизагаас өөр зураг байсан ч байж болно гэж тэмдэглэн үлдээсэн байна. Учир нь тэрээр Жюллиано де Медици шиг урлагийн гойд мэдрэмжтэй хүн Мона Лизаг эх хуваарь нь харсан тохиолдолд нарийн зүйлсийг нь тэмдэглэн үлдээх байсан гэж үздэг аж.  

Энэ мэтчилэн Луврын музейд байх алдарт Мона Лиза хөрөг зураг маш олон тайлагдашгүй нууцыг өөртөө хадгалдаг.

Нууцлаг инээмсэглэл

Контемпорари урсгалын элит уран бүтээлчидтэй харьцуулахад Мона Лиза нь ердийн бус тун өндөр зэрэглэлийн бүтээл аж. Мөн хөрөгт дүрслэгдсэн бүсгүйн нууцлаг байр байдал, инээмсэглэл нь анхаарал татах хосгүй увдистай. Хамгийн гайхалтай нь тус хөрөг зураг нь нүүрээ буруулсан илэрхийлэлтэй ч хүмүүсийн анхаарлыг шууд л царайндаа татах гайхамшигтай өвөрмөц, тайлбарлашгүй уран техник ашиглагджээ.   

XVIII зуунаас өмнө туурвигдсан алдартай бүтээлүүдийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэмж нь нүүр бус ихэвчлэн гар болон биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдсэн байдаг аж. Гэхдээ Леонардо Да Винчи Мона Лиза бүтээлдээ одоогийн хүмүүс зураг авахуулахдаа гаргадаг нийтлэг төрх бус маш өвөрмөц сэтгэл хөдлөлийг гаргахыг зорьжээ. Үүнд аз жаргал, баяр хөөр гэхээсээ илүүтэй эр зориг, эхэмсэг даруу байдал дүрслэгдэн үлджээ.

Энэ зургийг элит төвшний болгодог өөр нэгэн зүйл нь ямар ч хүний тухайн үеийн сэтгэл хөдлөлд тохирсон өөр өөр илэрхийлэмжийг харуулдаг явдал юм. Леонардо Да Винчигийн өөрийнх нь судалгааны тэмдэглэлээс үзэхэд уран зураг дахь шүдээ харуулан инээмсэглэсэн төрх нь тохуурхан шоолох байдлыг илэрхийлнэ гэжээ. Харин орчин үеийн судлаачид Мона Лизагийн нууцлаг инээмсэглэл нь түүний юу мэдэрч буйг илэрхийлж байгаа гэж үздэг аж.

Салвадор Дали - Мона Лиза

XX зуунд ирсэн гайхамшигт нэр алдар

Өнгөрсөн зуун хүртэл уг хөрөг зураг тийм ч их алдартай байгаагүй юм. Түүхч Доналд Сассооны үздэгээр Мона Лиза нь сурталчилгааны ачаар нэр хүндтэй болсон аж. Луврийн Музейн ажилтан асан Винчензо Перропиа гэх эр 1911 онд Мона Лизаг хулгайлсан нь тухайн үед уг зургийг бүх хүний анхаарлын төвд авчиржээ. Тэрээр музей хаасны дараа Мона Лизаг өөрийн хүрмэндээ ороон гарсан бөгөөд үүний дараа хоёр жилийн турш гэртээ хадгаласан байна. Харин зураг буцаад музейд ирэх үед Францууд шуудангийн марк гаргажээ. Үүний дараа 1954 онд алдарт зураач Салвадор Дали Мона Лизагийн шог хувилбарыг зурж бүр ч их нэр алдартай болгосон аж. Одоо хэрнэ Мона Лизаг уран бүтээлчид соёлын томоохон өв хэлбэрээр ашигладаг. Хамгийн сүүлд реппер “Jay-Z” болон дуучин “Beyonce” нар “Apes**t” дууны видео клипэндээ уг алдарт бүтээлийг ашигласан юм. Үүнээс гадна тус бүтээл нь контемпорари урсгалаар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийн хувьд заавал очиж үзэх ёстой сонгодог эх, ноён оргил нь аж.

Мона Лиза нь олон жилийн турш нууцлаг байдлаараа тайлагдашгүй оньсого мэт байсаар ирсэн. Түүний талаарх өргөн цар хүрээтэй судалгаа, тайлбар нь уг бүтээлийг улам бүр онцгой, үнэ цэнэтэй болгодог. Мона Лиза бол бидний хэрхэн харахыг хүссэн тэр л дүр бөгөөд зүгээр л сайхан инээмсэглэсэн нууцлаг эрхэмсэг авхай биш юм.

Эх сурвалж: ITOIM.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606027
5 эможи

keyboard_arrow_up