Биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон К-ПОП од урлагаа орхиж буйгаа зарлалаа
Өмнөд Солонгосын К-ПОП урсгалыг дэлхийд таниулахад чухал үүргийг гүйцэтгэсэн хөвгүүдийн "Big Bang" хамтлагийн отгон гишүүн Сюнри шоу бизнесийн салбарыг бүр мөсөн орхиж, урлагийн амьдралаа өндөрлүүлж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр биеэ үнэлэгчтэй нэр холбогдож, нэр хүнд нь унаад байв. Дуулианы дараахан тэрбээр энэ сард хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтоо цуцалсан юм.
Мөн дээрх дуулианаас гадна түүний “Burning Sun" гэх шөнийн клубыг мансууруулах бодисоор үйлчилдэг, бэлгийн хүчирхийллийн хэрэг гарсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байна.
Сюнри Ганнам дүүрэгт хэд хэдэн шөнийн клуб ажиллуулдаг ба уг шөнийн клубээр үйлчлүүлж буй гадаад, дотоодын нэр хүндтэй эрхмүүдийг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг хэмээн буруутгажээ. Түүнийг хөрөнгө оруулалт авахын тулд клуб нэрийн дор хууль бус ажиллагаа зохион байгуулдаг гэлээ. Энэхүү хууль бус ажиллагааг гэрчлэх мессежүүдийг прокурорууд гартаа оруулсан гэнэ.
Энэ бүх дуулиантай холбогдуулан Сюнри фэнүүдээсээ уучлалт гуйж "Би хэзээ ч шоу бизнесийн салбарт эргэн ирэхгүй" гэж мэдэгдэв.