COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

2018 оны 11 сарын 17

Arslan.mn

Манай гаригийн ургамлын аймаг гайхалтай олон янз. Төрөл зүйлийн хувьд тоо томшгүй олноос гадна ер бусын өнгө төрхөөрөө хүний гайхшралыг төрүүлэхүйц юм. Зарим нэг нь хэлбэр хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн хэсгээрээ ялгарна. Ингээд хамгийн сонин хачин, байгаль дэлхий дээр ийм цэцэгс байдаг аа гэмээр өвөрмөц  цэцгүүдийг "Сонирхолтой газарзүй" булангаараа сонирхуулъя.


БИЧИН НҮҮРТ ДРАКУЛА

Цахирмаа цэцгийн бүлэгт багтах энэ ер бусын цэцгийн нэр нь л дангаараа хачин жигтэй юмсын жагсаалтад орно. Перугийн өтгөн ой ширэнгэ, Эквадорын зүүн өмнөд нутагт далайн түвшнөөс 1000 метр болон түүнээс дээш өндрийн бүсэд ургадаг уг цэцэг жилийн хэдийд ч дэлгэрдэг онцлогтой. Бичин нүүрт мөн амтат жүржийн үнэртэй гэх бөгөөд жимсний үнэртэй цор ганц цахирмаа аж.

МАНЦУЙТАЙ ХҮҮХЭД ХЭЛБЭРТЭЙ АЛТАНЗУЛ

Андын нурууны Колумбын нутаг дахь хэсгээс 1777 онд анх олдсон энэхүү өхөөрдөм алтанзул 20-иод жилийн дараа буюу 1798 онд л албан ёсоор шинжлэх ухаанд бүртгэгджээ. Жил бүр зуны эхэн сард дэлгэрдэг "манцуйтай хүүхэд" ойролцоогоор 10 см болж ургах бөгөөд онцгой анхилам үнэр ялгаруулан, “өлгий”-гөө задлах нь 5-7 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сайхан үнэрт нь хууртсан хорхой шавж манцуй руу нь орж, наалдамхай шингэнд нь баригддаг байна.

ЧУЛУУН ЦЭЦЭГ

Тасалгааны тун тансаг цэцэг болох чулуун цэцэг нь хуурай, халуун орчинд ургадаг мэт харагдах ч үнэн хэрэгтээ шүүслэг ургамлын зүйлд багтана. Онгон байгальд зөвхөн Өмнөд Африк улсын нутагт ургадаг энэхүү ер бусын гоёмсог цэцэг орчны аливаа өөрчлөлтөд маш тэсвэртэй тул хатуу чулуу шиг харагдах үндсийг нь ердийн чулуун дээр байрлуулсан ч ургадаг байна. Чулуун цэцэгт ургаж төлжихөд нь нэг л зүйл хамгаас чухал. Энэ цэцэг нарны гэрлээс холдвол л ганц өдрийн дотор үхнэ.

ХҮҮРИЙН ҮНЭРТ САРААНА

Зөвхөн Индонезийн Суматра аралд ургадаг энэ цэцэг хачин нэртэй, муухай үнэртэйгээс гадна дэлхийн хамгийн том цэцэг юм. 3.6 метр хүртэл ургаж, 12 кг хүртэл жин татдаг энэхүү аварга сараана хэдэн жилд ганц удаа дэлгэрдэг.  Дэлгэрэхдээ яг л өмхийрсөн сэг зэм муудсан юм шиг шиг үнэр ялгаруулна. Ийм үнэрт ямар амьтан татагддаг бол гэж гайхаж байвал зөвхөн сэг зэмээр хооллодог, өмхий үнэрт дуртай цох хорхой, ялаа байдгийг санана уу. Өмхий сараанын тухай бас нэгэн сонирхолтой баримт дурдвал энэ цэцэг Борнео арлын үндэсний цэцэг юм.

САРЬСАН БАГВААХАЙН НҮҮРТ КУФЕЯ

Мексикийн уугуул, зөвхөн халуун дулаан бүсэд ургадаг энэхүү олон наст куфея тод гэгчийн улаан, нил ягаан дэлбээтэй, сарьсан багваахайг санагдуулам үслэг, хар голтой цэцэг юм. Тамхины ургамал, Петерийн цэцэг, Туулайн чих зэрэг сонин содон нэршилтэй уг цэцгийн бут 1-2 метр өндөр бөгөөд маш өтгөн багвайж ургана. Хуурай, халуун орчинд тэсвэртэй, бүтэн сар хүртэл усгүй байж чаддаг сарьсан багваахайн нүүрт эрээн далт шувуу, эрвээхий зэргийн эргэлддэг хамгийн дуртай цэцэгсийн нэг.

ЗӨГИЙТ ЦАХИРМАА

Үхэр хэдгэнэ хэрэв инээмсэглэдэг бол энэ цахирмаа шиг харагдах биз ээ. Дээр нь зөгий суусан мэт “нүүр”-тэй энэ цэцгийн Ophrys хэмээх латин нэр грек хэлний хөмсөг гэсэн үгнээс гаралтай бөгөөд хөмсгөө өргөсөн, инээвхийлсэн амьтан байгаа мэт харагддагаас ийн нэрлэгдсэн бололтой. Зарим зөгийт цахирмаа цэцэг шаргал, хүрэн бор өнгөтэй байх бол зарим нь алтан шар, усан ягаан зэрэг хурц тод өнгөтэй байна. Энэ цэцэг дээр нь хэдгэнэ суусан мэт харагдахаас гадна үхэр зөгийг хамгийн их татдаг цэцэгний нэг тул мөн ийм нэртэй болжээ. Мальта улсын нутгаас өөр хаа ч ургадаггүй байсан зөгийт цахирмааг сүүлийн үед Европын бусад хэсэгт нутагшуулах нь нэмэгдээд байна.

УРУУЛАН ЦЭЦЭГ

Колумб, Коста Рика, Панамын нутагт ургадаг энэ цэцгийн “уруул” нь үнэндээ дэлбээ биш, иш нь юм. Шунхан улаан уруул жилд ганц удаа буюу цэцэг нь гарахаас хэдхэн хоногийн өмнө энэхүү зураг дээрх шиг “үнсэхэд” бэлэн болох бол дундаас нь дэлбээлэх жижигхэн шар, цагаан цэцэг нь хэл шиг харагдана. Уруулан цэцгийн өнөр бүлд 1990-ээд дэд зүйлийн цэцэг багтдаг. Тэдгээрийн зарим нь уруул дээрээ “яр” шиг харагдах хар хар толботой агаад тэр нь нэгэн зүйлийн хортой бактери байдаг байна. Уугуул тархац нутаг нь ойн хорогдлоос болж ихээхэн хумигдсан тул устаж болзошгүй цэцгийн жагсаалтад бичигджээ.

ТОТЬ ЦЭЦЭГ

Тайландын Чингмай, Энэтхэгийн Манипур мужийн нутаг болон Мьянмарын цөөхөн бүсэд алаг цоог ургадаг тоть цэцэг олдоц муутай, тун ховор үзэгддэг тул ийм цэцэг үнэхээр байдаг эсэхэд эргэлздэг хүмүүс бий. Устаж үгүй болохын ирмэгт буй энэ цэцгийг дээрх орнуудад тасдах, цуглуулгад ашиглах, хилээр гаргахыг хоригложээ. Далавчаа дэвэн нисэж буй, олуулаа ургасан хэсэгтээ бүр хошуугаа нийлүүлсэн тоть шиг харагдах энэ цэцэг бальзамин буюу хумхан цэцгийн овогт багтана.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
5
yay an post
4
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597236
26 эможи

Дөлгөөн
2023-04-25 17:54
Маш өвөрмөц сак мэдээлэл байлаа
Зочин
2018-11-17 18:01
ter mantsiutai tsetseg yar hoorhon yum be haranguut duu aldlaa delhii mn uneheer gaihamshigtai yum aa Bayrllaa
keyboard_arrow_up