COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Японы анимейшн киноны загалмайлсан эцэг Хаяао Мияазаки

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимейшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазакиг нэрлэхээс өөр аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимейшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий /Valley of the Wind/, Тэнгэрийн цайз /Castle in the Sky/, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ /Kiki’s Delivery Service/, Зөвхөн л өчигдөр /Only Yesterday/, Порко Россо /Porco Rosso/, Мононоке гүнж /Princess Mononoke/, Далайн давалгаа /Ocean Waves/, Төөрсөн нь /Spirited Away/, Хоулын явдаг цайз /Howl’s moving Castle/ зэрэг юм. Анимейшныг зөвхөн хүүхдүүдэд л хамаатуулж ойлгодог, хүүхдүүд л үздэг гэж боддог тэр үед Мияазакигийн бүтээлүүд харин бүх нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байсан юм. Учир нь түүний бүтээлүүд нь байгаль дэлхийтэй холбогдох хүний харилцаа холбоо, эрх чөлөө, эрэл хайгуул гээд Японы соёлыг тусгасан маш гүн гүнзгий сэдвүүдийг хамарсан байдаг билээ. Өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж, нөгөөг өгүүлдэг анимейшн бүтээлүүд зөвхөн түүнийх л байдаг.

hayao miyazaki зурган илэрцүүд

Өсч том болсон нь

Хаяао Мияазаки 1941 оны 1-р сарын 5-нд Токио хотод төрсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайны туршид түүний аав нь авга ахынх нь эзэмшдэг Мияазаки агаарын тээврийн компаний захирлаар ажиллаж байжээ. Энэ үед Хаяао Мияазаки түүний бүтээлүүдэд зонхилон тусгагдах болсон нисэх хүчний гоо сайхан, сэтгэл татам тэр зүйлийг ойлгож, мэдэрч, оюун ухаандаа гүн гүнзгий тусгаж авсан юм. Мияазаки Уцуномияа хот дах сургуулийн 3-р ангид суралцаж байх үедээ байгальтай маш ойр байх боломжтой байжээ. Хүн төрөлхтний байгаль эхтэйгээ холбогдох амин харилцааны сэдэв түүний сүүлийн үеийн уран бүтээлд дахин тусгагдах болсон. 1947-с 1955 оны хооронд Хаяаогийн ээж Нуруу нугасны сүрьеэгийн халдварын улмаас хэвтрийн байдалтайгаар өвдсөн байна. Түүний бүтээл болох Миний хөрш Тоторо/My neighbour Totoro/(1988) анимейшн кино бол түүний тэр үед туулсан сэтгэлийн зовлон, зүдгүүрийн тусгал болсон бүтээл юм. Үнэндээ ч өөрийн амьдрал, мэдрэмжийн нэг хэсгийг бүтээлдээ тусгадаг нь түүний онцлог ажээ. 1958 онд ахлах сургуулийн гуравдугаар ангид байхдаа тэрээр Hakujaden хэмээх Японы хамгийн анхны урт хугацаат, өнгөт анимейшн киног үзсэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр анимейшнд дурлах болж, зурмал зурагт цуврал номны зураач болохоор шийджээ. Ахлах сургуулиа төгссөний дараа Gakushuin их сургуульд элссэн бөгөөд их сургуулийн “Хүүхдийн утга зохиол судлалын клуб”-ын идэвхтэй гишүүн болжээ.

1963 онд Хаяао их сургуулиа “Улс төр болон эдийн засгийн шинжлэх ухаан”-ы чиглэлээр төгссөн. Тэр ондоо Toei Animation компанид ажилд орсоноор түүний Анимэйтор болох зам эхлэжээ.


Мияазакигийн Анимейшн

Мияазакигийн кино маш олон үзэгчтэй байдгийн учир нь тэр кинондоо байгаль дэлхий, эрх чөлөө, боловсрол болон эрэл хайгуул гэх мэт маш гүн гүнзгий сэдвүүдийн тусгалыг тусгаж өгдөгт байдаг.

Байгаль дэлхий

Японы ард түмэн байгаль амьтай гэсэн маш их сүсэг бишрэлтэй бөгөөд бүхий л зүйлс амьтай, сүнстэй гэдэгт итгэдэг.

Энэхүү үзлийн нөлөөгөөр Мияазакигийн анимейшн кинонууд хүн ба байгалийн хоорондох харилцааг өргөнөөр харуулдаг юм.

Салхит хөндий/Valley of the Wind/ дээрх өмхийрсөн тэнгис болон хүний зөрчилдөөнөөс эхлэн Мононоке гүнж/Princess Mononoke/ дээрх хүний гараар бүтсэн төмрийн үйлдвэр болон амьтдын бурхдын хоорондох дайн хүртэл, түүнчлэн Тэнгэрийн цайз//-н Мускагийн дээрмийн эд зүйлс гээд л өөрийн бүтээлүүд дээрээ Мияазаки хүн байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг харуулсан. 

Боловсрол

Мияазаки хүүхдийн бие даасан байдлын тухай маш хүчтэй бодол санааг илэрхийлдэг бөгөөд үүгээрээ хүүхдүүдэд “Чи эцэг эхийнхээ бод гэснийг л бодож, хий гэснийг л хийдэг хүүхэлдэй биш, харин ч чи эцэг эхээсээ өөр, бие даасан хувь хүн” гэж хэлэхийг хүсдэг. Төөрсөн нь /Spirited Away/ бол яг энэ тухай өгүүлсэн, хүүхдийн өсч томорч, бие даах тухай өгүүлдэг анимейшн кино юм. Мияазаки киноны гол дүр болох 10 настай дүнсгэр охин болох Чихирог бий болгохын тулд хамаг бүхнээ дайчилжээ. Чихиро үл мэдэгдэх, хачирхалтай, заримдаа бүр үл тэвчмээр өөр нэгэн ертөнцөд аялаж байхдаа өсч том болдог. Ямар ч тусламж үгүй, хэцүү нөхцөл байдалд тэр өөрийн хүч чадал, оршин байгаагийнхаа үнэн үнэ цэнийг олж нээж чаддаг. 




Киноны тухай товч дурдахад Чихиро эцэг эхийнхээ хамт шинэ хот руу нүүх замдаа төөрч орхидог бөгөөд нэгэн нууцлаг замаар явсаар, эцэг эхийн хамт харанхуй агуйн өмнө тулж ирдэг. Энэ үед түүний эцэг гэр бүлийнхнээ дагуулан уг агуйг туулсны эцэст нэгэн нэгэн хачирхалтай тосгонд ирэх бөгөөд тэнд хэн ч байхгүй атлаа маш их хоол хүнс байдаг. Чихирогийн аав ээж уг хоолноос идэж эхлэснээр түүний хачирхалтай адал явдал эхлэдэг бөгөөд Хаку хэмээх нэгэн жаал хүүгийн тусламжтайгаар Чихиро гахай болон хувирсан эцэг эхийгээ шулам Юбаба/Yubaba/-аас хэрхэн авардаг тухай гардаг. Уг анимейшн кино маш олон номинаци, шагналуудыг авсан бөгөөд Оскарын түүхэн дэх хоёр дах Оскар хүртсэн Шилдэг анимейшн ашигласан бүтээл болсон. Мөн хамгийн анхны Кино урлагийн академийн шагнал хүртсэн, хамгийн анхны бөгөөд цор ганц англиар ярьдаггүй анимейшн кино болсон юм.

Эрэл хайгуул

Мияазакигийн кинонууд үзэгчдэд үргэлж л “Ямар ч зүйлийг хурдан бүү март, Хэт хурдан бүү хөдлө, Би Хэн бэ? гэж өөрөөсөө асуухын тулд заримдаа зогсож бай” гэдгийг сануулж байдаг. Энэ нь Мияазакигийн өөрийн кинонуудаар дамжуулан харуулахаар оролдож буй философийн асуудал юм.

Энэ нь Тэнгэрийн цайз /Castle in the Sky/ дээрх тэнгэрт байдаг Лапута хэмээх хот, Хоулын явдаг цайз /Howl’s moving Castle/-н урт удаан хугацааны, агуу адал явдлын дараа өөрийн залуу насыг эргүүлэн авч буй Софиа зэрэгт биеллээ олжээ. Мэдээж хэрэг Төөрсөн нь/Spirited Away/ анимейшн кинонд энэхүү асуудал гүн гүнзгий тусгагдсан юм.

Чихиро сүнсний ертөнцөд төөрч орсоноор Юбаба шулмын захирдаг Халуун усны газарт боолын мэт ажиллах хэрэгтэй болдог. Юбаба түүнд “Сен” хэмээх Чихиро гэсэн үгнээс гаралтай нэрийг өгдөг. Маш хэцүү зовлон амссаны сүүлд Чихиро өөрийн нэрийг эргүүлэн авдаг. Урьд нь Кохаку голын эзэн байсан Хаку голыг устгаж үгүй хийснээс болж Юбаба шулмын боол болдог. Эцэст нь шулмын хараалаас болж түүний мартсан жинхэнэ нэр болон өнгөрсөн амьдралаа эргэнэ санахад нь түүнд Чихиро тусладаг. 

Материаллаг ертөнцөд хэн нэгэн өөрийн мөн чанараа гээхэд маш хялбар байдаг. Гэвч хэрвээ хүн яг л хүүхдийнх мэт цэвэр ариун сэтгэл зүрхтэй байж чадвал өөрийн ариун мөн чанараа хэзээ ч алдахгүй гэдгийг өгүүлдэг юм.

Эрх чөлөө

Эрх чөлөө бол орчин үеийн соёлын голлох тулгуур ойлголт болсоон. Мияазакигийн нисэх хүсэл, нисэхэд дурлах нь түүний кинонд эрх чөлөөний билэгдэл болж илэрхийлэгддэг байна. Эрх чөлөө бол байнга л хүн бүхний мөрөөдөл, үүрдийн зорилго, эрмэлзлэл байдаг. Гэвч бид маш олон төрлийн гачигдал, хязгаарлалт, эсвэл бүр өөрийгөө ойлгоогүйгээсээ болж хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Харин Мияазакигийн кинон дах нисч буй үеийн чөлөөт мэдрэмж, үзэсгэлэнт байдал зэрэг нь бидний эрх чөлөөг мэдрэх хүсэл, хэрэгцээг өөрт мэдэгдэмгүйгээр хангаж, уран нарийнаар урхиддаг.

 

Нэгэн үеийн төлөөлөл болсон Анимэйтор

Түүний анхны бүтээл болох Салхит хөндий/Valley of the Wind/(1984)-өөс эхлэн 2004 онд бүтээгдсэн Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/ хүртэлх энэ хугацаанд Хаяао Мияазакигийн хийсэн бүтээлүүд Японы анимейшн киноны түүхийн нэгэн шинэ үеийг нээжээ. 1980 онд Мияазаки анимейшнтэй хамааралгүй байсан нинжин сэтгэл, нигүүлсэлийг өөрийн бүтээлдээ тусгаж чадсанаар анимейшны агуу мастер хэмээх цолыг эргэлзээгүйгээр хүртэж чадсан юм. Түүнчлэн түүний бүтээлүүд Японы бокс оффисын амжилтыг хэд хэдэн удаа тогтоож байжээ. Хаяао Мияазакигийн анимейшн бүтээлүүд Уолт Дисней Пикчерс гэдэгтэй адил брэнд нэр болсон бөгөөд тэр өөрөө Японы анимейшн киноны түүхийн нэгэн үеийн нэрийн хуудас болсон байна.

Эх сурвалж: Movieclub

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53812
10 эможи
keyboard_arrow_up