Олимпын дүн, сургамж, цаашдын зорилт Олимпын дүн, сургамж, цаашдын зорилт
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Олимпын дүн, сургамж, цаашдын зорилт

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилж, энэ онд зохиогдохдоо ч айдас, аюул дунд болж өнгөрсөн Токиогийн зуны олимп олон зүйлээрээ дурсагдан үлдэх нь гарцаагүй.

Дүрвэгсдийн багтайгаа нийлээд 206 орны 11,656 тамирчин Токиогийн олимпод өрсөлдсөний 43 нь Монголын тамирчид байв. Манайхан энэ удаагийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 71, Ази тивдээ 14-т бичигдсэн амжилтаар олимпыг үдлээ. Хамгийн гол нь манай тамирчид КОВИД-19-ийн үеийн дүрэм журмыг ягштал баримталж, вирусийн халдвар авах эрсдэлээс ангид байсаар олимпоо өндөрлүүлсэн нь дөрвөн медаль хүртсэнээс дутахааргүй амжилт байв. 

МҮОХ-ны зүгээс анхаарал тавьж, асуудлыг ОУОХ-нд уламжилсны үр дүнд боксын тамирчин М.Мягмаржаргал, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын эрх баталгаажиж, олимпын наадамдаа өрсөлдсөнийг энд дурдахад таатай байна. 

Манайхан олимпод хэрхэн оролцсон талаар хэвлэл мэдээллээр хангалттай бичсэн тул энэ сэдвийг түр орхиод бид олимпоос ямар сургамж авав, цаашид юун дээр төвлөрч ажиллах шаардлагатай талаар саналаа хуваалцья гэж бодлоо. Спорт, олимпизмын салбарын хамт олон маань бас санал бодлоо хэлэх байх аа.

Спортын шинэ төрлүүд буюу боломжийн үүд 

Энэ олимпоос манай тамирчид дөрвөн медаль авсан нь түүхэнд дээгүүр орох том амжилт ч гэлээ бидний тавьсан зорилго 100 хувь биелээгүйг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Бидэнд үүнээс олон төрлөөр үүнээс олон тамирчинтай оролцож, илүү олон медаль авах боломж байлаа. 

Бид энэ олимпод 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн хоёр шинэ төрөлд эрхээ аван өрсөлдсөн. Үүнээс гадна дугуй, бадминтон, туялзуур сэлэмний тамирчид эрхийн босгонд тун ойрхон ирэв. Одоо Парисын олимпод скэйтборд, серфинг, спорт авиралт, break dance зэрэг шинэ төрлүүд нэмэгдэн орж байна. Шинэ спортыг бодлогоор, системтэйгээр дэмжээд өгвөл богино хугацаанд үсрэнгүй хөгжиж, олимпын төрөл болох боломжтойг 3х3 сагсан бөмбөг бидэнд харууллаа. Тиймээс шинэ тутам хөгжиж буй болон олимпын гадна үлдээд буй бусад спортыг төр, хувийн хэвшил хамтран дэмжвэл 10-аас ч олон төрлөөр 43-аас олон тамирчинтай оролцох боломж бүрэн дүүрэн байна.

Дасгалжуулагчдаа чадваржуулж, залуу тамирчдаа дэмжих цаг иржээ

Өнгөрсөн Токиогийн олимпын үеэр цаашид анхаарвал зохих хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Юуны өмнө дасгалжуулагчийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд багагүй ажил хиймээр байна. Олимпын үеэр дасгалжуулагчийн буруугаас болж тамирчин хожигдсон тохиолдол хүртэл гарлаа. Энэ ажлыг БТСУХ-той хамтраад нэн даруй хийж эхэлмээр байна. 

Олимпын наадам бол залуу насны ид хавыг гайхуулан өрсөлддөг талбар. Улс орон бүр шинэ олимпын мөчлөгт залуусаа бодлогоор дэмжиж, шигшээгийн бүрэлдэхүүндээ цус сэлбэлт тогтмол хийдэг. Харин манай багт залуусын эзлэх жин олимпоос олимпод буурах хандлага ажиглагдаж байна.

Монголчууд олимпын наадмаас түүхэндээ 30 медаль хүртсэний 90 хувь буюу 27-г нь тамирчид 20 гаруй настай байхдаа авчирчээ. Харин гурван медалийг л 30 болон түүнээс дээш насандаа авсан байна.

Эндээс залуу тамирчдаа дэмжиж, олимпод оролцуулах нь ямар чухал вэ гэдгийг харж болно. 17-хон насандаа дэлхийгээс мөнгө зүүж, 20-хон насандаа олимпын медальтан болсон Н.Төгсцогт шиг авьяаслаг залуу тамирчдыг олноор гаргаж ирмээр байгаа юм. 

Хамтын ажиллагаа ба шинэ санаачилга

Токиогийн олимпын үеэр Япон улсад суугаа Монголын Элчин сайд Д.Батжаргал маш их сэтгэл гарган, идэвх санаачилгатай ажиллалаа. Түүний санаачилгын үрээр Яизү мужийн удирдлагууд манай чөлөөтийн тамирчдад хувцас хэрэглэл бэлэглэх зэргээр маш ихээр дэмжив. Нийт мужуудын дунд Монголыг дэмжих санаачилга гаргахад 18 муж дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллахаар боллоо. Тухайн оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайд зүтгэлтэй, санаачилгатай байвал ямар их зүйл амжуулж болохыг Д.Батжаргал Элчингийн жишээнээс харж болохоор. Монголоос Франц улсад суугаа ЭСЯ-ны хамт олон Парисын олимпын үеэр ихийг амжуулна гэдэгт итгэж байна. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай тамирчид коронавирусийн цар тахлын улмаас бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, гадаадын хамтарсан бэлтгэлд хамрагдах боломж маш хязгаарлагдмал байлаа. Гэхдээ одоо нөхцөл байдал харьцангуй дээрдэж, хаалттай үүд хаалгууд нээгдсээр байна. Тиймээс МҮОХ-ны зүгээс тамирчдаа гадаадын хамтарсан бэлтгэлд хамруулах, сургалт дасгалжуулалтын семинарт оролцуулах тал дээр багагүй ажил хийхээр төлөвлөж байна. Гадагш гарч, хилийн дээс алхаж, гаднынхантай өрсөлдөж байж л тамирчдын маань ур чадвар дээшилж, туршлага хуримтлуулах билээ. 

Нэг үеэ бодвол манай спорт холбоод сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх тал дээр ахиц дэвшил гаргадаг боллоо. Чөлөөтийн баг гэхэд мэргэжлийн хүмүүстэй хамтран тамирчдаа зөв хооллолтын дэглэмд хамрууллаа. Үүний үр дүнд тамирчид жин хасахын зовлон амссангүй, ядарч туйлдалгүй жиндээ орж байна. Гэтэл зарим төрлийн тамирчин жин хасахын тулд шөнийн гурван цаг хүртэл үйлээ үзэх жишээний. Ингэж ядарсан тамирчин ялалт байгуулахад хэцүү байх нь мэдээж. 

Мөн хэд хэдэн спорт холбоод мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран ажиллаж, тамирчдынхаа сэтгэл санааг өргөх тал дээр онцгой анхаарав. Энэ мэт сайн жишгийг МҮОХ, БТСУХ, спорт холбоод бодлогоор дэмжээд өгвөл тамирчдын амжилтад том нөлөө үзүүлэх болно. 

“Токио-2020” олимпын наадмын таван жилийн мөчлөгийн хугацаанд ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт найман спортын төрлийн 17 тамирчин дасгалжуулагчтайгаа хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд сар бүр 415 ам.долларын дэмжлэг авч байсан бөгөөд таван жилийн хугацаанд нийт 420 мянга гаруй ам.доллар олгосон байна. Эдгээр 17 тамирчны 12 нь олимпын эрхээ авч, хөтөлбөр үр дүнгээ өгснийг харууллаа.

ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөр “Парис-2024” олимпын мөчлөгт ч үргэлжлэх болно.  

Дэлхийн ихэнх орон олимпын бэлтгэлийн төвтэй байдаг. Тэндээ нэгдсэн журмаар бэлтгэлээ базааж, тив, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох нь үр дүнтэй гэдгийг бусад орны туршлага бидэнд харуулж байна. Харин манай улсын хувьд нэгдсэн бэлтгэлийн төвгүй болохоор энд тэндэхийн заалыг түрээслэх байдлаар бэлтгэлээ базаасаар ирлээ. Тиймээс голлох спортын төрлүүд нэгдсэн байдлаар бэлтгэл хийх боломжтой, орчин үеийн стандартад нийцсэн төв байгуулах нь нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал болжээ. МҮОХ-ны зүгээс төр, хувийн хэвшилтэйгээ хамтран бэлтгэлийн нэгдсэн төв байгуулах ажилд идэвх санаачилгатай ажиллахаар төлөвлөж байна. 

КОВИД-19 вирусийн нөлөөгөөр олимпын мөчлөгт өөрчлөлт орлоо. Одоо дараагийн олимп хоёр жил 10 сарын дараа болно. Тиймээс бид алгуурлаж тайвшралгүйгээр яг одоо “Парис-2024” олимпын бэлтгэлдээ ормоор байна. Үүний эхлэл болгож шигшээ багаа яаралтай шинээр бүрдүүлж, ирэх олимпын мөчлөгийн бэлтгэл сургуулилтын хуваариа гаргаж, багш, дасгалжуулагч нараа чадваржуулахад анхаарч, сонгон шалгаруулалтаа шуурхай явуулж, ололттой шинэ санаачилгуудыг даруйхан нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. МҮОХ-ны зүгээс төрийн байгууллага болох БТСУХ болон спорт холбоодтойгоо нягт хамтран ажиллаж, Парисын олимпод илүү өндөр амжилт гаргахын төлөө хичээн ажиллах болно. 

Айсуй олимпын наадамд илүү өндөр зорилгын төлөө хамтдаа зүтгэцгээе.

Эх сурвалж: МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630783
0 эможи

keyboard_arrow_up