7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 17, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголчуудын амжилт буурсаар...

админ
2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Монголд хамгийн өндөр түвшинд хөгжсөн топ спортын төрлүүд болох жүдо, чөлөөт бөх, боксын ДАШТ-тэй өдрүүд үргэлжилсээр.

Жүдогоор эхэлсэн ДАШТ чөлөөт бөх, боксоор үргэлжилж байна. Жүдогийн хувьд ДАШТ-д оролцсон манай баг ганцхан хүрэл медальтай ирж, холбооны удирдлага, дасгалжуулагчид ажлаа өгсөн.

Өдгөө хоёр хоногийн өмнө ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээж авсан Х.Болдбаатар гавьяат 2020 оны олимп хүртэл ажиллах шинэ багаа бүрдүүлж буй. Харин чөлөөт, боксынхон ДАШТ-д өрсөлдөөд завгүй явна. Ингээд дээрх хоёр тэмцээнд монголчууд хэрхэн оролцож байгааг тоймлон хүргэе.

-Э.Цэндбаатар ганцаараа үлдлээ-

ОХУ-ын Екатеринбург хотод болж буй сонирхогчдын боксын ДАШТ өндөрлөх шатандаа орж байна.

Өнөөдрөөс медалийн төлөөх тулаанууд эхлэх юм. Олимпын хөтөлбөрт багтсан найман жингийн ангилалд болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсон.

Тэгвэл ердөө нэг нь л медалийн төлөө шалгарчээ. Тэр нь олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар. Угаас түүнийг медаль авах магадлал хамгийн өндөртэй тамирчнаар нэрлэж байсан.

Гадаадын мэргэжилтнүүд ч Э.Цэндбаатарыг медаль авах тамирчны тоонд зүй ёсоор нэрлэж байв. Харин дараагийн найдвар болох Б.Чинзориг хуучин гэмтлээ сэдрээж, бүр нэмж сарвуундаа цууралт авснаар тэмцээнээ дуусгалаа. Бэртэлтэйгээр Энэтхэгийн боксчны эсрэг рингд гарсан ч ялагдлаа.

Түүнийг эмч нар хоёр сарын турш шохойтой гартай явахыг анхааруулсан бөгөөд бэртлээ бүрэн эдгэртэл бэлтгэл хийж болохгүйг сануулжээ. Залуу тамирчин А.Баярхүү санасныг бодоход дажгүй тулаан үзүүлж наймд үлдсэн амжилттайгаар тэмцээнээ дуусгав.

Монголын боксчид 2009 оныг эс тооцвол тэмцээн бүрээс нэг л медаль хүртдэг байлаа. Энэ уламжлалыг Э.Цэндбаатар үргэлжлүүлэх үү, эсвэл 2017 онд Д.Отгондалайгийн авсан медалийн буухиа тасрах уу гэдгийг өчигдөр орой дугаар шилжих мөчид болсон тулаан шийдсэн.

Манайхны хамгийн өндөр амжилт үзүүлсэн тэмцээн бол 2009 оны Миланы ДАШТ юм. Уг тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль авч түүхэнд шинэ хуудас нээсэн бөгөөд П.Сэрдамба дэлхийн аварга болж байлаа.

Түүнээс өөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин өнөөдрийг хүртэл байхгүй. Монголын бокчид ДАШТ-ээс 10 медаль авсны дөрөв нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нарт бий. Тэгвэл анхны медалийг 1982 онд Р.Отгонбаяр авчирсан түүхтэй.

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ анх 1974 онд Кубын Хавана хотноо болсон бөгөөд 1989 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болсон түүхтэй. Монголын боксчид ДАШТ-ээс нийтдээ 10 медаль (1 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртсэн амжилтаар ДАШТ-ээс медаль хүртсэн 69 орноос 21-д бичигддэг билээ.

Ингээд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан боксчдоо дахин нэг сануулъя.

Aлт: П.Сэрдамба. 2009 он. Милан Мөнгө: Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен

Мөнгө: Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт Мөнгө: Э.Бадар-Ууган. 2007 он. Чикаго

Мөнгө: Н.Төгсцогт. 2009 он. Милан

Хүрэл: Э.Цогтжаргал. 1993 он. Тампере

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ. 2009 он. Милан

Хүрэл: П.Сэрдамба. 2011 он. Баку

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ.2013 он. Алматы

Хүрэл: Д.0тгондалай. 2017 он. Хамбург

-Б.Болортуяа хүрлийн төлөө барилдана-

Казахстаны Нур-Султан хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ болж байна.

Монголчуудаас сонгомол бөхөөр тамирчнаа илгээсэн ч нэг нь мэдүүлэг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар хасагдсан.

Харин нөгөөх нь түүхэн дэх анхны ялалтыг авчирсан гэх гавьяатайгаар тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл уржигдраас чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн барилдаанаар эхэлсэн бөгөөд эхний өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс Б.Болортуяа л хүрлийн төлөө шалгарчээ.

Холбооны алдаанаас үүдсэн 53 кг-ын жинд хэнийг илгээх асуудал олны анхааралд байсан. Эцэст нь дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа дэвжээнд дахин гарсан ч сэтгэлзүйн бэлтгэлгүй байлаа.

Тэр эхний тойрогтоо ялсан ч удаах барилдаанд дийлдсэнээр тэмцээнээ дуусгав.

Маш хүнд дарамттайгаар дэвжээнд гарсан түүнийг сэтгэлзүйн бэлтгэлгүй, төвлөрч чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон бөгөөд ийм байдлаар медальд хүрэх боломжгүй гэж урьдчилан таамагласан нь биеллээ олов.

Б.Болортуяа хүрлийн төлөө, Б.Шоовдор шөвгийн дөрөвт үлдсэн ч Канадын бөхөд ялагдсанаар өнөөдөр хүрлийн төлөө барилдахаар болов. Үүнийг эс тооцвол манайхан муу барилдаж байна.

Бэлтгэл дутуу байгааг тэдний барилдаанаас харж болно. Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэчимэд гэхэд л тэгшитгэлийн тойрогт Японы эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлжчадалгүй богино хугацаанд хожигдсон.

Цаашид эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн үлдсэн хоёр жинд манайхан хэрхэн барилдахыг харах үлдлээ.

Ер нь шигшээ багийн залгамж халаагаа маш сайн бэлдэхгүй бол амжилт улам л буурах төлөвтэй. Жүдо, чөлөөт, бокс гээд бүгд адилхан. Чөлөөт гэхэд л 48 кг-д нэг хэсэг гавьяат тамирчин Ц.Энхжаргалыг дийлдэг бөх Монголд байхгүй байлаа. Харин хүчээр Э.Нарангэрэлийг ДАШТ-д бэлдсэн ч олигтой амжилт үзүүлээгүй.

Тэгвэл одоо Ц.Намуунцэцэг байна. Уг нь ирээдүйтэй гэгдэж Асашорюү Д.Дагвадорж аварга хүртэл дэмжсэн ч барилдааны арга барил, чадвар хэдэн жилийн өмнөхөөсөө илт буурсан нь харагдана.

Ямартай ч олимпын өмнөх жилд Монголын топ спортын төрлүүд уналтад оров. Харин хэр богино хугацаанд сэргэхийг дасгалжуулагч нарын чадвар, тамирчдын зүтгэл, дээрээс нь цаг хугацаа харуулах биз.

Хэрвээ энэ байдлыг өөрчлөхгүй бол Токиогийн олимпоос бид том амжилт харах хэрэггүй. Ганц, нэг тамирчнаас хүрэл медаль л хүлээхэд болохоор байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608261
0 эможи

Зочин
2019-09-19 12:01
keyboard_arrow_up