COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалайг мэргэжлийн бокст хүч үзэх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татах болсон.

Тэр ч бүү хэл АНУ-д очиж гавьяат тамирчин Н.Төгсцогтын агенттай гэрээ байгуулжээ гэх мэдээлэл тархлаа. Тэгвэл “Сэм Авга"-ын нутагт хоёр сарын хугацаанд байсан гавьяат тамирчин Д.Отгондалай эх орондоо түр хугацаагаар иржээ. Харин тэр албан ёсоор гэрээ байгуулаагүй гэдгийг онцоллоо. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ойрд тантай уулзсангүй. Уулзаагүй удтал шинэ соргог мэдээлэл ихтэй байгаа бололтой. Хамгийн түрүүнд АНУ-д хоёр сарын хугацааг өнгөрүүлээд иржээ. Н.Төгсцогтын агенттай гэрээ байгуулсан гэв үү. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Юун түрүүнд “Үндэсний шуудан” сониныхоо уншигчдын амрыг айлтгая.

Миний хувьд АНУ-ыг зорьж, хоёр сарын хугацаанд мэргэжлийн боксын бэлтгэл хийгээд ирлээ. Энэ хугацаанд ямар нэгэн агенттай гэрээ хийгээгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Тэгэхгүй бол намайг АНУ-руу дөнгөж явангуут араас “Д.Отгондалай Н.Төгсцогтын агенттай гэрээ хийлээ” гэсэн мэдээ хэсэг хөвөрлөө. Энэ бол ташаа мэдээлэл шүү.

Ийм хурдан гэрээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Аравдугаар сард буцаад явна. Тэгээд нэг агенттай гэрээ хийх байх. Ер нь бол сонирхсон агентууд бий. “Toп Ранк”-тай уулзсан. “Toп Ранк”-ийн рингэн дээр эхний тоглолтоо хийх зөвшөөрөл, урилга авсан. Анхны тулаанаа оноос өмнө хийх квоттой. Очоод агенттай гэрээ хийх санаатай, заавал “Toп Ранк” гэхгүй. Эртнээс л мэргэжлийн бокст хүч үзэх төлөвлөгөөтэй байсан. Тэр дагуу л явж байна даа.

-Хоёр сарын хугацаанд бэлтгэл хийжээ. Бэлтгэл ямархуу байв. Сонирхогчийн боксыг бодвол хэр хүнд байна, ялгаа нь? 

-Мэргэжлийн бокс урт хугацааны тулаан хийдэг, олон раунд тоглодог. Тиймээс бэлтгэлийн хугацаа ч их, хүнд юм билээ. Гэхдээ сонирхогчийн боксоор олон жил хичээллэсэн учраас дасахад дөхөм байлаа. 30-40 раундын бэлтгэлд хөлс их гараад ирэхээр бээлий дэвтэж, гар язрах тохиолдол их гардаг юм байна. Ер нь амархан зүйл гэж юу байх вэ. Нэгэнт мэргэжлийн бокс руу орно гэж сэтгэл шулуудсан учраас хүнд гэсэн бүхнийг даваад гарна.

-Бэлтгэл хэчнээн цаг үргэлжилдэг вэ?

-Сонирхогчийн бокс 90-120 минут бэлтгэл хийж байгаа юм. Гэтэл мэргэжлийн бокс 180-210 минутын бэлтгэл хийх жишээтэй. Арай олон раунд ажилладгаараа зөрүүтэй. Би АНУ-д яг нэг сарын бэлтгэл хийсэн. Дажгүй санагдсан шүү.

Буцаад Сан Францискод мексик дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ хийнэ. Олон улсын хэмжээний мастер Даваадалайтай хамт нэг багш дээр бэлтгэл хийж байгаа. Клубээ тойроод л сорил хийгээд явдаг.

Миний хувьд Мексик, Филиппиний тамирчинтай сорил хийсэн. Тэр сорилоос болохоор юм байна гэсэн бодолтой болсон. Одоо гэр бүлээ аваад буцна.

-Та 2019 оны ДАШТ, 2020 оны олимпод оролцоно гэжярьж байсан шүү дээ, өмнө нь. Гэнэт яагаад сонирхогчоос зодог тайлав. Төлөвлөгөө өөрчлөхөд ямар хүчин зүйл нөлөөлөв?

-2014 оноос хойш дөрвөн жил дараалан тогтмол амжилт үзүүлж, Монголынхоо нэрийг гаргаж ирлээ. 2017 оны ДАШТ-д оролцоод хүрэл медаль авсныхаа дараа шигшээ багаас гарах өргөдлөө өгсөн. Залуу тамирчдаа дэмжих бодлогоор шигшээ багийг орхисон. Гэхдээ хэсэг хугацаанд сонирхогчийн боксоо тоглоё гэсэн бодолтой байсан ч дэмжлэг байгаагүй. Тэр үүднээс л их спортоо орхисон. 

-Таныг “одоо болно оо” гэж хэлсэн юм уу?

-Ер нь бол залуучуудаа дэмжих бодлого явуулсан, Монголын боксын холбооноос. Одоо бодоход тэр нь зөв байж. Миний хувьд олимп, дэлхийн аваргаас медалиа авлаа. Тиймээс алдаад байх зүйлгүй. Залуу тамирчид маань олимп, дэлхийн аваргын медалийн төлөө зүтгэсэн нь дээр юм болов уу гэж бодсон.

Холбооны удирдлагуудтай ярилцаад спортоо орхих шийдвэр гаргасан. Сонирхогчийн боксоо орхихоос өмнө хэд хэдэн тэмцээнд оролцоё гэж төлөвлөсөн ч чадаагүй. Мэргэжлийн бокст хүч үзэх бодол илүү давамгайлсан гэх үү дээ. Эртнээс бодсон мөртлөө оройтож мэргэжилд хөл тавилаа, би. Тиймээс маш хурдтайгаар хичээллэнэ.

Жилд 4-6 тоглолт хийх маягаар тойруу биш дөт замаар явбал богино хугацаанд амжилт үзүүлж магадгүй гэсэн бодолтой явна. Мөрөөдөл ч байна. 

-Таны нас мэргэжлийн бокст ахмаддаа орж байна уу?

-Дунддаа орно. Сонирхогчийн бокст бол хөгшдөж байна. Тэр утгаараа Монголын боксын холбоо, Биеийн тамир, спортын газраас залуу үеэ дэмжих бодлого баримталсан байх. Миний хувьд авах ёстойгоо авсан учраас залуучууддаа орон зайгаа тавьж өгсөндөө баяртай явдаг.

Одоо амьдралаа бодоод арай өөр чиглэлээр хүч сорих хэрэгтэй. Хажуугаар гэр бүлээ, үр хүүхдэдээ дэлхийн боловсрол эзэмшүүлье гэсэн зорилготойгоор АНУ-ыг зорьсон. Хоёр сарын хугацаанд багагүй судалгаа хийгээд ирсэн. Хэрхэн амьдрах аргаа судаллаа. Одоо эхнэр, хүүхдээ аваад буцна.

-Яг энэ цаг үед ОХУ-ын Екатеринбург хотод сонирхогчийн боксын ДАШТ болж байна. Та энэ тэмцээнээс хэр хүлээлттэй байна вэ?

-Манайхан сайн оролцох байх. Хамгийн их найдлага тавьж байгаа нь олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар. Тэд медалийн оосроос атгах болов уу. Ер нь дүү нарын бэлтгэл сайн байна билээ.

Х.Энхмандах маань уг нь Казахстаны боксчинтой маш сайхан тулалдсан. Харамсалтай нь, нөгөө л шүүлтийн булхай луйвраар казах залууд 2:3-аар ялалт өглөө.

Уг нь мэргэжлийн хүний нүдээр харахад манай тамирчин 5:0-ээр ялсан шүү дээ. Тэглээ гээд шантрах хэрэггүй, дараа дараачийн тэмцээнээс нөхөөд авах биз. Миний хувьд ч залуудаа ялалтаа луйвардуулж ялагдаж л байсан. Тиймээс дүү нар маань иймэрхүү ялагдалд харамсаад байх зүйлгүй. Бэлтгэлээ улам сайн хийхэд авах ёстой медалиа аваад явна.

-Тамирчид зодог тайлахдаа ёслол хийдэг шүү дээ. Та хийх үү?

-Үгүй ээ, би албан ёсоор рингээ орхиогүй байна. Сонирхогчоос мэргэжил рүү л шилжих гээд бэлтгэж явна. Спортоо, рингээ бүрмөсөн орхисон ч зодог тайлах ёслол энэ тэр хийхгүй ээ. Энэ тухай огт бодож байсангүй.

-Олимп, дэлхийн аваргаас медаль авснаас хойш 2-3 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд таны амьдралд хэр өөрчлөлт оров?

-Отгондалай Отгондалайгаараа л байгаа. Тив, дэлхийн дэвжээнээс медаль авсны дараа амьдрал тодорхой хэмжээгээр дээшлэлгүй яах вэ. Ард түмэн, төр засгийнхаа буяныг эдлээд амьдрал сайхан л байна. Адаглаад гэрээсээ гараад явахад хүн бүр таньж, инээмсэглэн мэндчилж байна. Сайхан л байна.

-Олимп, дэлхийн медальтнуудад Засгийн газраас cap бүр цалин өгч байгаа. Үүнийг хүмүүс олон янзаар хэлдэг. Энэ талаар? 

-Үнэхээр их баярладаг шүү. Олон залуу тамирчинд урам өгч байгаа. Яг л тогтсон цагтаа цалин, тэтгэлгээ өгөөд явж л байна. Монгол Улсад олимпын 25-хан медаль бий. Cap бүр мөнгөө өгч л байдаг. АНУ-д хоёр cap амьдрахад Засгийн газрын цалин маш их хэрэг болж байна. Тиймээс баярлаж явдаг. Ирээдүйн бидний залгамж халаад ч хэрэгтэй.

-АНУ өртөг өндөртэй. Тэр хэрээр зардал мөнгө их орно, гарна. Цаашид санхүүжилтээ хэрхэн бий болгохоор төлөвлөж байна вэ. Энэ асуудлыг яаж шийдэх үү? 

-Америк, Монголын хооронд ирж, очих нислэгийн зардлыг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МАК-ийн захирал Н.Цэлмүүн нар ивээн тэтгэж байна. Тэд “Баттүшиг ба Цэлмүүн сан”-гаас ирж, очих тийзний асуудлыг зохицуулж байгаа юм.

Энэ дашрамд, Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нартаа маш их баярлалаа гэж хэлье. Гэр бүлээр нь ирж, очих зардлыг өгнө гэдэг бидэнд маш том дэмжлэг шүү дээ. АНУ-д очоод амьдрах зардлаа өөрөө, олсон орлогоороо л зохицуулна.

-Мэргэжлийн спортод гэрээ хийх нөхцөл хатуу байдаг. Харин та ямар байгаасай гэж бодож байна вэ?

-Таван жилийн гэрээ хийх болов уу гэж бодож байна. Гэрээний тухай яриагүй учраас урьдчилж хэлэхэд хэцүү. Аравдугаар сард очсоны дараа бүх зүйл шийдэгдэнэ. Тоглох тоглолт, гэрээ контрактын асуудлыг ч шийднэ. Очсон даруйдаа гэрээ хийе гэвэл агентууд байгаа ч миний хувьд “Toп Ранк”-ийг хүлээж, харж байна.

“Toп Ранк”-ийн рингэн дээр тоглолт хийгээд, тэдэнтэй гэрээлвэл өндөрлөгт хүрэх боломжтой. Мэдээж мэргэжлийн спортод орж байгаа гол зорилго нь аварга болох шүү дээ. Жилдээ зургаан тулаан хийгээд байхад богино хугацаанд зорьсондоо хүрэх боломж харагдаж байгаа юм. Н.Төгсцогт гавьяатын туслах, “Toп Ранк”-ийн захиралтай нь уулзсан. “Манай рингэн дээр тоглуулъя. Үнэхээр сайн байвал гэрээ хийе” гэсэн болзол тавьсан юм.

Намайг очиж уулзахаас өмнө Лондон, Риогийн олимпийн аварга, Кубын тамирчин Рамирес “Toп Ранк”-тай гэрээ хийхдээ анхны тулаандаа ялагдсан. Үүнээс шалтгаалаад хойшлуулж байж болзошгүй. Ганц тоглолт харах шийдвэр гаргасан байгаа.

-Мэргэжилд гарч байгаа алс, хэтийн зорилгоо тодорхойлбол?

-Тогоонд нь очиж бэлтгэл, сорил хийлээ. Боломжийн санагдсан учраас аварга болох зорилго тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөнө. Уг нь 2017 оны ДАШТ дуусангуут, 2018 оноос мэргэжлийн бокст хүч үзэх бодолтой байсан. Хэрвээ тэр үед мэргэжлийн рингэнд гарсан бол өдийд гурав, дөрвөн тулаан хийсэн байх байж. Тодорхой хэмжээнд байр сууриа эзэлчих боломж байсан шүү.

-Тэгээд яагаад хугацаа алдав?

-2018 онд шагайндаа бэртэл авсан. Хөмсөг их задардаг байлаа. 2017 оны ДАШТ-ий дараа зургаан cap бэлтгэл огт хийж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ингээд 180 хоногийн турш ямар ч бэлтгэл хийхгүй, хөлс гаргахгүйгээр хөмсгөө эдгээсэн. Хэдийнэ хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна, найдвартай эдгэрсэн болов уу гэж итгэж байна. Тийм болохоор хөмсөг задарна гэсэн айдасгүйгээр мэргэжлийн бокст тоглоно.

Зургаан cap болонгуут аажмаар өөрийгөө дасгах гэж хөлбөмбөг тоглож бэлтгэл хийх явцдаа шагайгаа бэртээсэн. Ингээд дахиад хоёр cap гэртээ суух болов. Эндээс харахад 2018 оныг ерөөсөө амралтын байдалтай өнгөрүүлчихэж.

Төрсөн нутагтаа очиж мал дээрээ очсон шиг ээ амарсан. Товчхондоо бол бэртэл гэмтлээс болж цаг хугацаа их алдлаа. Тэгээд2019оны нэгдүгээр сарын 1-нээс бэлтгэлдээ бага багаар орсон. Одоо бол бэртэл гэмтлийн асуудал алга. АНУ-д очсон даруйдаа бэлтгэлдээ орно. Монголдоо байх хугацаандаа ч зүгээр суухгүй, бэлтгэлээ хийнэ.

-Ингэхэд мэргэжлийн боксын тамирчидтай бэлтгэл хийх ямар байна вэ?

-Бидний хувьд бол дажгүй. Харин мэргэжилд ороод удаж буй тамирчдад хэцүү байдаг юм шиг санагдсан. Ихэнх тамирчин нь сонирхогчид олон тулаан хийлгүйгээр мэргэжлийн бокст хөл тавиад 5-10 ялалт байгуулсан учраас бидэнтэй бэлтгэл хийхэд эвгүй байдаг бололтой.

Ер нь бол мэргэжлийн боксоос суралцах зүйл маш их байна. Тэс өөр түвшинд очиж байгаа учраас алхам тутамдаа л суралцах ёстой. Эхнээс нь бага багаар сурч л явна. Нэг жил бэлтгэл хийхэд арай өөр түвшинд хүрэх болов уу. Хамгийн наад зах нь бэлтгэлээ хэрхэн хийх вэ, багшаа яаж зөв сонгохоос эхлээд олон зүйлд суралцана даа. 

-Таны ажигласнаар амжилт үзүүлэх гол түлхүүр нь юу байна?

-Мэдээж бэлтгэлээ маш сайн хийнэ. Дээрээс нь багшаа сайн сонгох ёстой. Сайн багшийн ачаар амжилтад хүрсэн олон жишээ бий. Манай Н.Төгсцогтын багш Гүүс гэдэгхүн маш сайн юм билээ. Тэнд хэд хэдэн удаа бэлтгэл хийсэн.

Одоо Даваадалай, Төгсцогт, бид гурав АНУ-д мэргэжлийн бокст байна. Цаашлаад мэргэжил рүү хөл тавих дүү нартаа замыг нь сайхнаар засч өгье гэж бодож байгаа. 2020 оны олимпийн дараа манай залуу тамирчид мэргэжлийн бокст ихээр орж ирэх болов уу. Тэднийгээ ирэхэд байр сууриа олчихоод дүү нартаа туслах хэмжээнд очих санаатай. 

-Жингийн хувьд?

-58.9-61 кг-ын хооронд л байх болов уу. Эхний тулааныг хийсний дараа жингээ тодорхой болгоно доо.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Хамгийн гол нь ард түмэнд хүрсэн буруу ойлголтыг залруулахыг хүссэн юм. Чадахаасаа чадахгүй хүртлээ хичээж, эх орныхоо нэрийг сайн сайхнаар мандуулахын төлөө зүтгэх болно.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608156
0 эможи

харнаа
2019-09-20 00:18
отгондалайн стиль магадлал муу .харин цэндбаатар мэрэгжилд тохирноо
keyboard_arrow_up