COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СПОРТ: Манчестер Юнайтед 6 дараалан хожлоо

2019 оны 1 сарын 14


Английн Премьер Лигийн 22-р тойргийн хамгийн анхаарал татсан тоглолтоор нэрлэгдэж байсан “Тоттенхэм” – “Манчестер Юнайтед” багуудын тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. Энэ тоглолтын өмнө талбайн эзэд 48 оноотой хүснэгтийн 3-т, Юнайтед 38 оноотой 6-д бичигдэж байсан юм.

Тоглолтын эхний үеийн 44 дэх минутад Пол Погбагийн гайхалтай дамжуулалтыг Маркус Рашфорд гоол болгож, “Манчестер Юнайтед” тоглолтыг тэргүүлж эхэлжээ. 21 настай залуу тоглогч карьертаа анх удаа Премьер Лигийн 3 тоглолтод дараалан гоол оруулсан юм.

Цагтаа улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж, олон цом өргөж явсан Норвег дасгалжуулагч Оле Гуннар Солшер Манчестер Юнайтедыг удирдах болсноос хойш 5 тоглолтод багаа удирдаж, бүгдэд нь хожоод байлаа.

Тоглолтын 2-р хагаст “Тоттенхэм” тооны харьцааг тэнцүүлэх гэж хичээж байсан ч Испани хаалгач Давид де Хеаг давж чадсангүй. Тэрээр энэ өдөр эсрэг багийн нийт 11 цохилтыг хааж, тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Ингэснээр Юнайтед 41 оноотой болж, “Арсенал”-тай зэрэгцэж ирлээ. “Манчестер Юнайтед” дараагийн тоглолтоо “Брайтон”-ыг талбайдаа хүлээн авч хийх бол, “Тоттенхэм” – “Фулхэм”-ийн талбайд зочилно.

Оле Гуннар Солшерийн хувьд “Манчестер Юнайтед”-ыг удирдсан эхний 6 тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулсан түүхэн дэх анхны дасгалжуулагч боллоо. Харин “Тоттенхэм”-ийн хувьд түрүүлэх өрсөлдөөнөөс улам холдлоо. Тэд энэ тоглолтод хагас хамгаалагч Мусса Сиссоког бэртэлд алдсан бол Сон Хын Мин Азийн АШТ-д оролцохоор АНЭУ-ыг зорилоо. 22-р тойргийн сүүлийн тоглолт өнөө шөнө “Манчестер Сити” – “Вулверхэмптон” багуудын хооронд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599235
1 эможи

keyboard_arrow_up