COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Кёкүшюзан

2018 оны 11 сарын 30

 

Нэгэнтээ би түүнийг сумогийн дэвжээнд Монгол Улсын нэрийг дуурсгаж ахуй цагт

“Наран улсын бөхийн дэвжээг хотолзуулан

Нарлаг Монголын хүчтнүүдийг араасаа дагуулан

Инээх нь хүртэл нэг л дотнохон  Кёкүшюзан

Эх орныхоо бахархал болсон Кёкүшюзан” хэмээх шүлэг бичин, Урлагийн гавьяат зүтгэлтэн,  хөгжмийн зохиолч Т.Сэр-Од аялгуу зохиож, УГЖ С.Жавхлан дуулсан цагаас хойш он цагийн хүрд хэдэнтээ эргэжээ. Олон оны өмнөх дуу маань саяхны нэг өдөр радиогоор эгшиглэж, “Нарлаг Монголын хүчтнүүдийг араасаа дагуулан” гэх мөр тодоос тод сэтгэлийн босгоор урсаж, түүний тухай өөрийн эрхгүй бичмээр санагдлаа. Санагдахын учир бас бий.

Монгол Улсын гавьяат тамирчин Даваагийн Кёкүшюзан Батбаярыг олон зууны түүхтэй японы үндэсний бөх, сумогийн ертөнцөд түүчээ болж, өдгөө олон аваргуудыг төрүүлсэн гавьяаг нь бахдан дурддаг. Энэ бол яах аргагүй анхдагчийн гавьяа мөн үү гэвэл мөн. Гэвч  нийгэм, эдийн засгийн байдал таагүй, шилжилтийн эрин үед Д.Батбаяр Монгол, Японы найрамдалт харилцааг өргөжүүлэхэд байгуулсан гавьяа бол үндэсний бахархал, түүхэн үйл явдал гэдгийг тэр бүрий мэддэггүй. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед япончууд мөн ч олон удаа тусламжийн гараа сунгасан даа. Энэ бүхний цаана шууд утгаараа биш ч Даваагийн Батбаяр байсан гэдгийг мартах учиргүй. Үүнийг л дурдах гэж үзгээ шүүрсэн хэрэг.

 

 Ерээд оны эхэнд, монголчууд бид сумо үзэх нь бүү хэл сумо гэх нэрийг ч мэдэхгүй цагт Монгол Улсаас зургаан залуу арлын орныг зорин очсон түүхтэй. Сумогийн ертөнцийн хатуу жаяг, чанга дэглэмийг давж гарсан Д.Батбаяр тэргүүтэй залуус өөрсдөө амжилт гаргаад зогсохгүй өнөөдрийн олон алдартныг өсгөж өндийлгөсөн гавьяаг бахархан дурдахгүй байхын аргагүй.

Тэрбээр сумогийн дэвжээнд 14 жил барилдахдаа уран барилдааны шагналыг хоёр удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, кинбоши буюу аварга бөхийг унагаасан бөхөд олгодог шагналыг таван удаа тус тус хүртэж, “Мэхний их дэлгүүр” хэмээх алдрыг хүртсэн сумоч. Ингэхдээ сумо бөхийн 82 мэхний 41 мэхийг хийсэн ховорхон амжилттай бөх. Түүнийг ийнхүү амжилттай барилдах он жилүүдэд Монгол, Японы харилцаа гүнзгийрч шинэ шатанд гарсныг шинжээчид өгүүлсэнтэй би хувьдаа санал нийлдэг. Олон улсын талбарт зээлжих зэрэглэл буурсан, тусламжийн цуваа тасарсан тэр хүнд цагт дэлхийд эдийн засаг хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улс Монгол Улс руу өглөгийн гараа сунгаж байсан цагийг Даваагийн Батбаяргүйгээр төсөөлөх аргагүй. Яагаад гэхээр Д.Батбаяр нарын сумочид япончуудын Монгол Улсад итгэх итгэлийн нэгэн орон зай, нэгэн гэрэл гэгээ болж байсан хэрэг.

Өнөөдөр сумогийн ертөнцөд бүхий л рекордыг хэн ч эвдэхээргүй тогтоогоод байгаа Хакухо М.Даваажаргал сумогийн мэргэжилтнүүдэд гологдож нутаг буцахдаа тулж, харин Д.Батбаяр “Миягино” дэвжээнд оруулж өгсний ачаар өнөөдөр хэн ч халдашгүй дархан амжилтыг үзүүлээд байна. Энэ үеэр “Кёкүшюзан хаашаа юм, нэг онд орохгүй даага шиг юм дагуулаад ирсэн. Энэ нь бэртэж гэмтвэл яах юм. Кёкүшюзан хүчээр авчирч оруулсан, ямар хөөлтэй нь биш, сумогийн үсчин болгочихъё гэж ярьж байсан” гэдэг. Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд аварга хэмээн цоллуулсан Д.Дагвадоржоос эхлээд олон нөхдийн гарыг нь ганзаганд хүргэж хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол Д.Батбаяр гэдэгтэй маргах аргагүй.

Д.Батбаяр сумогийн ертөнцөд анх хөл тавьсан Монгол хүн төдийгүй анхдагчдаас хамгийн олон амжилт рекордыг тогтоосон хүн. Тэрбээр 14 жилийн турш барилдахдаа дээд зиндаанаас уруудаж унаагүй, том бэртэл аваагүй, хамгийн олон рекорд тогтоосон. Өөрөөр хэлбэл, маакүши зиндаанд хамгийн удаан, 1000 гаруй барилдаан хийдээ 50 илүү хувьд нь ялалт байгуулсан бөх. Энэ хугацаанд макүшитагаас доош уналгүй 57 баше барилдсан нь сумогийн түүхэнд мөн л алтан үсгээр бичигдэж үлдсэн. 

Манай нэртэй сайхан сумочдын нэг, Б.Дашням нэгэнтээ “Мэхний их дэлгүүр гэгддэг Батбаяр ахын барилдаанд япончууд их дуртай байсан. Хүний хувьд ч нуруутай шүү” хэмээн товчхон бөгөөд тодорхой байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэр өдгөө Монголын Сумогийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Тиймээс Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал сумогийн дэвжээ нээхэд голлох үүргийг тэр гүйцэтгэсэн. Энэ үеэр Кёкүшүзан гавьяат хэлэхдээ “Японд сайн барилдаад зогсохгүй Монголд байгаа залуучууд, хүүхэд багачуудыг дэмжиж дараа дараагийн якузонууд гараасай гэсэн үүднээс энэхүү дэвжээг М.Даваажаргал аварга төсөл гаргаж улмаар Японы дэвжээ барьдаг мэргэжлийн хүмүүсийг Монголд урьж, долоо хоногт барьж дуусгаж байгаа юм. Дэвжээний цагаан хүрээ, дэрсэн хүрээг Японоос онгоцоор явуулсан. Японы мэргэжлийн “Негорожу” хотын дэвжээ анх удаагаа Монгол Улсад бэлэн боллоо” хэмээн ихэд сэтгэл хангалуун ярьж зогссон билээ.

Энэ дэвжээг Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой хүрээнд байгуулсан нь ч Д.Батбаярын алсын хараа. Дээр дурдсанчлан Д.Батбаяр бол Монгол Японы найрамдалт харилцааг хөгжүүлэхэд гүүр болсон хүн учраас сумогийн дэвжээг ч хоёр улсын найрамдалт харилцааны ойг тохиолдуулсан байх. Үүнээс гадна аймаг бүрт сумо бөхийн дэвжээтэй болгох дэг сургуулийг бий болгох тал дээр хэтийн зорилго тавьж явдаг. Арлын оронд нэг ч гэсэн залуу Монгол Улсынхаа нэрийг дуурсгахын төлөө энэ бүгдийг хийж яваа гэдэгт эргэлзэх юун. 

Сумогийн ертөнцөд 14 жил тогтвортой дээд зиндаанд зодоглосон Д.Батбаяр зодог тайлж, улмаар эх орондоо ирж, бизнесийн салбарт хүч үзсэн төдийгүй 2008 онд Сонгинохайрхан дүүргээс парламентад орж ирсэн анхны сумоч болсон.   

 

Хоёр улсын дунд гүүр болсон өнгөрөгч хугацаанд хамтарсан шугамаар 300 орчим хүнийг японд гаргасан байдаг. Энэ тухай дурдахдаа тэрбээр “Бидэнтэй хамтарч олон байгуулага ажилладаг. Сургуулиуд ч байгаа. Угаасаа би УИХ-ын гишүүн болоогүй, барилдаж байхдаа л эмч нарын болон оюутан солилцоонд их анхаардаг байсан” хэмээсэн нь бий. Сумо бөхийн ертөнцөөс зодог тайлан ирсэн цагаас хойш нийгмийн олон салбарт тусламж дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж ажилласан.Тухайлбал, нийслэлийн агаарын бохирдол, утаанаас салах чиглэлд анхаарал хандуулж нэг сая квадрат метр орон сууц барихаар ажиллаж байгаа нь яах аргагүй ирээдүйгээ харсан ажил. Үүнээс гадна боловсролын салбарт анхаарал хандуулж, хөрөнгө оруулахаас гадна япон улс руу олон залуусыг сурахад нь зуулчилсан буян бий. Эрүүл мэндийн салбарт гэхэд ямар олон ажил өрнүүлж байгааг ч бид харж байна. Хамгийн наад зах нь гэхэд зуд турьхан гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход хамгийн түрүүнд Д.Батбаяр л өглөгийн гараа сунгаж бусдыг уриалж байдгийг ч дурдах хэрэгтэй. Энэ бол харь нутагт халуун залуу насаа өнгөрүүлсэн Монгол эрийн эх оронч сэтгэл харагдаж байна. Хатуу дэг жаягтай спортын ертөнцөд хөлсөө дуслуулж босгосон хөрөнгөө нийгмийн бүхий л салбарт зарцуулж байдгийг энэхэн хэдэн жишээнээс харж болно.   

 

Ахин дурдахад, хоёр улсын найрамдалт харилцаанд үл харагдах, үл үзэгдэх ч томоос том түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. Гэсэн хэдий ч тэрбээр энэ тухай нэг ч удаа сайрхаж ам нээгээгүй учраас бусдын анзаардаггүй энэ түүхэн явдлыг дурдах гэсэн хэрэг. Ийн дурдахын шалтгаанаар

“Сүрлэг сайхан уулс шигээ чимээгүй

Сүлд хийморь цог залиа бадраасан

Гүрэн дамжсан алдартай, тэнхээтэй бөх

Гүйгүүл морь шиг сэтгэлтэй Монголын хүү” хэмээх Д.Батбаяр түүнээ зориулсан дууны шүлгийн мөртөөр түр өндөрлөв.

 

М.Эрдэнэбат 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597730
0 эможи

keyboard_arrow_up