COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Рокетсын 38 тоглолт ҮНДЭСНИЙ телевизээр гарна

2018 оны 9 сарын 06

Хүлээлт хэр их байгааг мэдээний гарчиг тодорхой харуулна. Кливлэнд Кавальерс гэхэд ирэх улиралд хоёрхон удаа л Америк орон даяар үнэгүй гардаг үндэсний сувгаар үзэгчдэд тоглолтоо толилуулах бол Рокетсынх 38 удаа.

Улирлын тоглолтын тэн хагас. Аварга авах боломжтой багуудын тоглолтыг үзэгчид их үзэхийг хүсдэг бөгөөд нийлүүлэлт эрэлтээ дагадаг нь зах зээлийн жам юм. Өнгөрсөн улиралд Уарриорсыг сандаргаж, эвгүй хүнд байдалд оруулж чадсан тэд энэ улиралд зорилгоо биелүүлж чадах эсэх, тэдний энэ зун хийсэн өөрчлөлтүүд ямар үр дүнд хүргэх талаар урьдчилан таамаглах гэж хичээе.

АЛДСАН ТОГЛОГЧИД :

Трэвор Ариза, Люк Ричард Мба э Муте, Тарик Блэк, Райн Андерсон, Маркел Браун, Жөү Жонсон. Ариза Мба э Муте хоёрыг түрүүнд бичдэг нь тохиолдлынх биш. Өнгөрсөн улирлыг амжилттай гэж дүгнэвэл амжилтынх нь 40 хүртлэх хувийг эзлэх хоёр хамгаалагч.

Рокетсын хамгийн сайн таван хамгаалагчийн хоёр нь багаа орхисон. Явсан шалтгаан тэд илүү цалин хүссэн, харин Рокетсд боломж байгаагүй. Магадгүй Крис Пол цалингаа хассан бол Аризад өгөх 10 сая гарах байсан биз. Гэвч Пол өөрийн авах ёстойгоо авахыг хүссэн. Харин Рокетс жил гаруй хөөцөлдсөний эцэст Райн Андерсоныг авах баг олж чадсан бөгөөд түүний 20 сая долларын цалингаас салж санхүүгийн хувьд бага боловч хэмнэлт гаргаад байна. 

ИРСЭН ТОГЛОГЧИД :

Крис Пол, Клинт Капела, Жералд Грийн нартай гэрээгээ сунгаснаар аваргын төлөө үргэлжүүлэн дайрах чадамжтай хэвээрээ үлдсэн бол шинээр Кармело Энтони, Майкл Картер-Уильямс, Маркуйс Крис, Брэндон Найт, Жеймс Эннис нарыг авчирж хүчээ зузаатгалаа. Өнгөрсөн улиралтай харьцуулахад сэлгээ бүр л сайжирсан харагдана.

Учир юунд гэвэл эдгээр тоглогчид бүгд NBA-д эчнээ танигдаж, өөрсдийн юу чаддагаа харуулсан хүмүүс. Гагцхүү Хьюстонд боломж нь олдох уу, олдсон бага боломжийг тэд ашиглаж чадах уу гэдэг л асуулт хэвээрээ үлдэж байна. 

 

СОЛИЛЦООНЫ ТУХАЙД :

Хэдхэн хоногийн өмнө Рокетс – Санс багууд тохиролцож Райн Андерсон, Ди’Энтони Мэлтон – Брэндон Найт, Маркуйс Крис гэсэн солилцоог хийсэн. Энэ солилцоог хийснээр Рокетс цалин болон хэтрүүлсэн татварт төлөх ёстой байсан 11.3 сая доллароо хэмнэсэн. Зөвтгөх ганц шалтгаан л энэ.

Бусдаар бол Брэндон Найт хэзээ ч дунджаас дээш түвшинд тоглож байгаагүй, Маркуйс Крис хоёр жилийн хугацаанд өөрийгөө харуулж чадалгүй байсаар солигдсон тоглогч. Мөн түүнд Капела, Нэнэгийн араас гурав дахь төвөөр гарах цөөхөн минут л олдох учир энэ солилцоог Крисээс болж хийсэн гэх үндэслэл байхгүй.

Брэндон Найтын хувьд өвдөгний чагтан шөрмөсөө тасласан хүнд гэмтлээс илааршуулж, эргэн формоо олох гэж байгаагийн дээр Крис Пол, Жеймс Харден, Эрик Гордон нарын бөмбөг их эзэмшдэг, систем нь тогтсон баг дээр ирж байгаа. Байрлал дээр нь Майкл Картер-Уильямс гэсэн өрсөлдөгч байна. Тэгэхээр Найтыг авахыг хүссэн учраас энэ солилцоог бас хийгээгүй нь тодорхой. Ганц л зорилго Андерсоноос салах байж. 

ГАРАА : КАПЕЛА – ТАКЕР – ЭННИС – ХАРДЕН – ПОЛ

Кармело Энтониг багтаагүйд гайхаж байна уу. Тэгвэл Энтони сэлгээнээс тогловол ямар ашигтайг талбайрлах гэж хичээе. Харден, Пол хоёр шиг довтлох ур чадвар өндөртэй тоглогчид байгаа үед бусад тоглогчид талбайд байх хугацаандаа 3-4 л довтлох боломжтой болно.

Энтониг ердөө дөрөвхөн довтолгоо хийлгэхийн тулд аваагүй. Тиймээс илүү ашигтай, илүү олон довтлох боломж нь Харден, Пол хоёр эзгүй үед, эсвэл аль нэг нь суусан үед байж таарна. Харден, Пол хоёр сэлгээнээс гарч тоглодоггүй л юм бол Мело сэлгээнээс тоглох нь ашигтай гэдгийг өөрөөс нь бусад нь мэдэж байгаа байх.

Тиймээс ч Рокетсын зүгээс сэлгээнээс тоглуулна гэдэг бор шувууг зориудаар хэвлэлийн дунд тараасан биз. Мело гарахгүй бол гараанд багтах хамгийн боломжтой хүн нь Жеймс Эннис юм. Түүний довтлох биш, хамгаалах чадварыг нь үнэлж ийм шийдвэр гаргах болно. 

 

СЭЛГЭЭ : НЭНЭ – МЕЛО – ГРИЙН – ГОРДОН – НАЙТ/MCW
Рокетсын сэлгээний оноог Эрик Гордон, Жералд Грийн хоёр л явуулдаг байсан бол одоо Гордон – Мело гэсэн сэлгээний хослол бүрдэж байна. Сэлгээний холбогчийн байрлалд өрсөлдөөн багагүй бий. Гэмтэл нь бүрэн илааршиж өөрийн үндсэн тоглолтоо гаргаж чадвал Найт Рокетсын арга барилд илүү тохирно.

Майкл Картер-Уильямсыг бодвол илүү шидэлттэй, хувь өндөртэй боловч хамгаалалт дутуу байж мэдэх юм. Тэгэхээр аль нэгнийг нь шууд түрүүнд тавих хэцүү. Бэлтгэлийн бааз нээгдээд, сорил тоглолтууд яваад ирэхээр хэн илүү хэрэг болох нь бүгдэд тодорхой болно. 

ЖИЖИГ ТАВТ :

Такер – Ариза – Харден – Гордон – Пол байсан бол одоо Такер – Мело – Гордон – Харден – Пол болж солигдлоо. Хамгаалалт мэдээж суларна, Ариза Кармело хоёрын довтолгоо хамгаалалтыг хооронд нь харьцуулашгүй өөр билээ. Гэвч Мелотой болвол довтолгооны сонголт, бие даасан довтолгоо явуулах ур чадвар үлэмж хэмжээгээр нэмэгдэх бөгөөд Майк Д Энтони өмнө нь Мелог удирдаж байсан болохоор хэрхэн ашиглахаа сайн мэддэгт эргэлзэхгүй байна.

ДАСГАЛЖУУЛАГЧ :

Майк Д Энтониг довтолгооны хэр мэргэжилтэн бэ гэдгийг Финикс Санс, Нью Йорк Никс, Хьюстон Рокетс багууд дээр бид харж байна. Тохирох тоглогчид нь байвал түүнд төгс довтолгооны систем бий. Заах арга барил ч тэр. Люк Мба э Мутегийн шидэлтийн техникийг зассан байдлаас л тодорхой харагдсан. Тэгвэл туслах дасгалжуулагч Жефф Бзделикийг давхар онцлох хэрэгтэй. Хамгаалалтын мэргэжилтэн.

1978 оноос дасгалжуулагчийн гараагаа эхэлж коллеж болон NBA-н олон баг дээр ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд Мемфис Гриззлист 2014-16 оны хооронд ажиллаж байж. Энэ гурван жилд Мемфис NBA-д хамгаалалтаараа гайхагдаж, Сан Антони Спөрсийг мулталж, Голден Стэйт Уарриорсыг айлгаж явлаа.

Хамгаалалт сайн байсан учраас тэр юм. Бзделик дасгалжуулагч Майк Д Энтонигийн сул талыг нөхөн дүүрэн болгож байгаа учраас Рокетс аваргын төлөө өрсөлдөх багийн тоонд орж байгаа юм. Райн Андерсон, Эрик Гордон, Жеймс Харденыг хамгаалдаг болгож чадсан Бзделик Кармелогийн сул талыг засаж чадахгүй гэх газаргүй. 

ГЭМТЭЛ :

Крис Пол гэмтээгүй бол Рокетс өнгөрсөн жил аварга болох байсан гэдэгт би хувьдаа итгэдэг. Стив Керр ч Полыг цувралаас гарч байгааг дуулсныхаа дараа, багийнхандаа 6 дараалан хожиж аварга болно гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь Полын гуяны арын шөрмөсний гэмтэл анх удаагаа гэмтээгүй юм. Дэндүү танил болоод удаж байна. Тийм болохоор Полыг ачааллыг аль болох багасгавал зохилтой.

Өнгөрсөн улиралд Пол 58 тоглолтонд оролцсон боловч (карьерынх нь хамгийн бага) гэмтэл нь сэдэрсэн. Энэ нь тоглолтонд оролцох тооноос үл хамаарч гэмтэх боломжтой гэдгийг нь харуулж байгаа учраас талбайд байх минутыг нь багасгах нь оновчтой болов уу. Азаар Мело ирчихсэн болохоор Полыг зарим тоглолтонд амраахдаа айх айдасгүй байж болохнээ. Харден ч мөн ижил. Хувь тоглогчийн хувиар авахыг хүсч байсан MVP шагналаа авчихсан юм чинь одоо аварга болохын тулд тоглох минутаа ч золиослоход болохгүй гэх газаргүй. 

ТААМАГ :

Рокетс бүсээ төдийгүй NBA-г хожлоороо тэргүүлсэн баг. Ирэх улиралд ч үүнийгээ давтах боломжтой, чадамжтай. Гагцхүү Уарриорсыг ялахын тулд бүтэн багаараа гэмтэл бэртэлгүй байх ёстой. Онцгой тоглолтуудад одуудаа амрааж гэрлүү нь буцаачихдаг Грег Поповичийн тактикийг зөрүүддээ биш гэдгийг тэд одоо ойлгосон байх...

...Гэхдээ л энэ баг плэйоффт Аризаг их үгүйлнэ дээ гэсэн бодол бичиж байх зуур тогтмол орж ирсээр байлаа. Уарриорсын эсрэг Такер – Казинс, Пол – Стеф, Харден – Клэй гээд бодохор Дурантыг хэн зогсоох юм бол. Өөрөөр Дурант – Такер гээд бодоод үзсэн ч Казинсыг хэн зогсоох вэ гэсэн асуулт сонирхол татсаар нийтлэл дууслаа.  

Б.ЯЛАЛТ

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594595
0 эможи

keyboard_arrow_up