COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эверест оргилд анх хэн гарсан бэ?

2018 оны 5 сарын 21

Холбоотой Зураг

Дэлхийн хамгийн өндөр уулын оргил бол Хималайн нурууны Эверест билээ. Өндөр нь д.т.д 8848 м.  Түвдээр бол Жомолунгма. Английн Газар зүйн нийгэмлэгээс Энэтхэг дахь Английн амбан захирагч, генерал  Жорж Эверестийн нэрээр 1865 онд Хималайн  нурууны хамгийн өндөр оргилыг ийнхүү нэрлэхээр тогтсон байна. Эверест оргилд гарах гэсэн үе үеийн уулчдын хүсэл мөрөөдлийг анх Түвдийн шерпа буюу уулын хөтөч Тензин Норгей болон Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилари нар одоогоос  65 жилийн тэртээ  1953 оны 5 дугаар сарын 29-нд биелүүлж,  Эверест оргилд анх удаа хөл тавьсан хоёр уулчин хэмээн  түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Гэхдээ... гэж үг бий. Учир нь Тензин Норгей, Эдмунд Хилари хоёроос гуч шахам жилийн өмнө буюу 1924 онд Английн хоёр уулчин Жорж Мэллори болон Эндрю Ирвин нар Эверест оргилд анх гарсан байж болзошгүй гэсэн таамаг, маргаан одоо ч үргэлжилсээр байна.  
Өнгөрсөн зууны эхэн үе бол дэлхийн газар зүйн нээлтийн нэн идэвхтэй он жилүүд байлаа. Норвегийн аялагч Роальд Амундсен Өмнөд туйлд анх хүрсэн хүнээр 1911 онд тодорсон бол, Америкийн аялагч нар Фредерик Кук 1908 онд,  Роберт Перри 1909 онд Хойд туйлд анх хүрсэн хүнээр түүхэнд бичигджээ. Харин Англи улс Хойд, Өмнөд туйлын нээлтээс “хоцорсон” тул дэлхийн хамгийн өндөр оргилын анхдагч болох гэж зүй ёсоор тэмүүлж байв.  Тийм ч учраас Английн газар зүйн нийгэмлэг  1924 онд Хималайн экспедицийг зохион байгуулсан аж. 


Английн хоёр уулчин Жорж Мэллори болон Эндрю Ирвин нар 1924 оны 6 дугаар сарын 8-нд Эверест уулын өндөрийн отогоос оргилд гарах гэж яваад эргэж ирсэнгүй. Тухайн өдрийн 12 цаг 50 минутанд тэр хоёрыг хамгийн сүүлчийн удаа оргил өөд авиралт хийж байхыг нь дороос харжээ. Энэ үед тэр хоёр оргил руу гарах сүүлийн саад буюу оргилын доорх  хадан хананаас холгүй зүүн хойд ирмэг дээр гараад ирчихсэн байж. Тэд чухамдаа “шууд оргил руу яг гарах гээд явж байсан нь илт байжээ”. Гэсэн хэдий ч энэ хоёр уулчин маань Тензин Норгей, Эдмунд Хилари хоёроос 29 жилийн өмнө Эвереэст оргилд гарсан эсэх, тэд хэрхэн яаж нас барсан нь одоо хүртэл оньсого мэт үлдсэн юм. 
Жорж Мэллори болон Эндрю Ирвин хоёрыг хамгийн сүүлд амьд мэнд оргил өөд авиралт хийж байхыг нь харсан хүн бол Ноэль Оделль хэмээх дээрх экспедицийн гэрэл зурагчин байв. Тэрбээр аялалын тэмдэглэлдээ дараах зүйл бичиж үлдээжээ. 

“...Өдрийн 12:50 цагт цаг агаар гэнэт өөрчлөгдөж, тэнгэр цэлмэж, Эверест уулын оройн хэсэг  тэр чигээрээ алган  дээр байгаа мэт тодроод ирсэн.  Юуны түрүүнд би оргилын доорх хадан ирмэгний цасан дээр маш жижигхэн нэг хар цэгийг олж харсан. Тэр цэг хөдөлж байсан. Өөр нэг хар цэг бас тодорч гарч ирсэн бөгөөд тэр нь нөгөө цэгийг чиглээд явж байсан нь илт  байв. Эхний хар цэг улам тодорч улмаар хадан гишгүүр лүү  дөхөж очоод тун удалгүй уулын оргил руу явж байгаа нь бага багаар бүдгэрсээр  харагдахаа больсон.  Хоёрдахь хар цэг мөн л адил нэг дэх цэгийн араас нъ дагаж явж байгаа нь харагдаж байгаад аажмаар үүлэн дунд орж  үзэгдэхээ больсон...” гэжээ. 
Энэхүү экспедицийн дараа уулчдын дунд бөөн маргаан дэгдсэн. Маргааны гол асуудал бол яг хаана, хэдэн цагт  Мэллори и Ирвин хоёр (хоёр хар цэг)-ыг гэрэл зурагчин Ноэль Оделль олж харсан гээд байгаа юм. Хэрвээ тэр хоёр нь оргилын өмнөх хоёрдахь даваа буюу хоёр дахь хадан гишгүүр дээр байсан гэж  бодохул Ноэль Оделлийн хэлсэнчлэн тэд энэ саадыг  5 минутын дотор давсан гээд байгаа нь яав ч боломжгүй аж.  Энэхүү аялалын дараа Ноэль Оделль хүмүүстэй хувийн журмаар уулзаж ярилцаж байхдаа  Мэллори болон Ирвин хоёрыг Жомолунгма оргилд гарсан гэж ярьдаг байжээ. Аялалын тайланд дээрх хоёр уулчин оргилын пирамидын доод талын хэсэгт хүрсэн гэж бичиж үлдээсэн ажээ.  
Хожим Америкийн уулчин Конрад Анкер 1999 оны 5 дугаар сарын 1-нд Эверест уулын хойд талын хэсгээс (North Face) 8155 метрийн өндөрт Жорж Мэллорийн цогцосыг олсон байна. Эхлээд тэрбээр Ирвины мөсний алхыг олжээ. Тэгээд энэ нь Ирвины цогцос гэж бодож байсан боловч  Мэллорийнх байсан нь түүний гайхлыг түрүүлсэн гэдэг.  
Мэллорийн цогцос түрүүлгээ доош харсан, хоёр гар нь хоёр тийш алдалсан байдалтай (магадгүй гулсаад унаж байсан байж болох), нэг хөл нь хугарсан, тархиндаа нэлээн хүнд гэмтэл авсан, харин биеийн хэсэг  нь гадны ямарваа гэмтэлгүй сайн хадгалагдсан байжээ. Энэ бүхэн нь ямар дүгнэлтэд хүргэж байна вэ гэвэл, Мэллори нь харьцангүй бага өндрөөс унаж амиа алдсан байж болох талтай. Түүний бие  хамгаалалтын олсондоо орооцолдсон, ташааны арьс нь цулгарч гэмтсэн байсан нь магадгүй олсонд явж байгаад хэн нэг нь олсноосоо мултарч улмаар ташаан тус газар нь олс хүчтэй шахаж дарсан байж болох юм. Мэллорийн биеийн гэмтлээс үзэхэд тэрбээр Зүүн хойд талын уулын ирмэгний доод талаас унасан бөгөөд тэрээр буулт хийж байгаад ийнхүү осолдсон нь тодорхой байна гэж зарим шинжээчид дүгнэсэн байдаг. 
Цогцосны хажууд  хүчилтөрөгчийн бортог гэх мэт ямар нэгэн зүйл олдоогүй. Хэт өндөр дээр уулчид ашигласан бортогоо илүү ачаа гэж үзэн хаядаг. Тэгэхлээр, Мэллори нь унахаас өмнө нэлээн удаан хугацаанд авиралт, буулт хийсэн тул хүчилтөрөгчийн бүх нөөцөө ашиглаж дууссан байж болох. Мөн Мэллорийн биенээс түүний гэр бүлийн хүний гэрэл зураг, Английн далбаа олдоогүй байна. Учир нь, тэрбээр эдгээрийг оргил дээр байрлуулж үлдээхээр биедээ авч явсан байжээ. 
Мөн тэрбээр нарны шилээ зүүгээгүй, харин нарны шил  түүний халаасанд олдсон аж.  Нарны шил хэрэглээгүй байсан тул харанхуй бүрэнхий эсвэл шөнө байсан байх магадлалтай гэж үздэг. Шөнөөр авиралт хийхгүй нь ойгомжтой тул зөвхөн буулт хийж байсан болов уу. Бас өөр нэг хувилбар байна. Мэллори хос нарны шилтэй байсан. Зүүж явсан шил дээрээс унахад мултарч алга болсон бөгөөд нарны илүү нэг шил нь түүний халаасанд үлдсэн. Тиймээс золгүй явдал өдрийн цагаар, авиралт хийж байх үеэр ч гарсан байх талтай. Мөн түүний халааснаас дугтуй олдсон байна. Түүн дээрээ тэрээр тухайн бортогт хичнээн хэмжээний хүчилтөрөгч үлдсэнг тэмдэглэж үлдээсэн. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд, Мэллори болон Ирвин нар урьдчилан төлөвлөж байсны дагуу тус бүр хоёр бортог бус харин хүчилтөрөгчийн гурван бортог авч явсан болж  таарна. Мөн түүний авч явсан эд зүйлс дотроос түүний гэр бүл Рутын гэрэл зураг олдоогүй.  Мэллори нь авиралт хийхээс өмнө гэр бүлийн хүний зурагаа авч явж, авиралт амжилттай болбол тэрээр хайртай хүнийхээ зургийг оргил дээр үлдээнэ гэж хэлж байсан аж.  Тиймээс онолын хувьд Мэллори нь Эверестийн оргил дээр гарсан гэж үзэх нэг хэсэг шинжээчид байдаг нь үүнтэй холбоотой юм. Мэллорийн цогцосыг олдсон газарт нь үлдээсэн. Үүний дараа эрэн хайх экспедицийг удаа дараа  зохион байгуулсан боловч  Эндрю Ирвинийн цогцос өнөө хэр олдоогүй байна. 
Өнөө цагийн уулчид бараг Мэллори, Ирвин хоёрын явсан замаар авиралт хийж байгаа бөгөөд оргил руу дайралт хийхээс өмнө д.т.д 8300 метр дээр өндөр (дайралтын)-ийн отог байгуулдаг. Энэхүү отогоос уулчид харанхуй бүрэнхий шөнө дундын орчим оргил руу авиралт хийж дараа өдрийн шөнө болохоос өмнө амжиж оргилд гарч улмаар бууж ирэхээр цагаа тооцоолдог байна. Шөнөөр авиралт хийхэд одоо цагт духны гэрэл ашигладаг бол 1920-30-аад оны уулчдад  духны гэрэл  байхгүй байжээ. 
Дээр дурьдсанчлан зөвхөн Мэллорийн цогцос олдсон харин Ирвиных олдоогүй байгаа тул Английн уулчид Эверест буюу Жомолунгма оргилд гарсан эсэх асуудал нээлттэй хэвээр байна. Хэрэвзээ, хэзээ нэгэн цагт энэ хоёр оргилд гарсан нь нотлогдох  юм бол дэлхийн хамгийн өндөр уулын оргилд 1953 оны 5 дугаар сарын 29-нд анх гарсан хүнээр Түвдийн шерпа буюу уулын хөтөч Тензин Норгей болон Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилари нар бус харин эдгээрээс 29 жилийн өмнө Английн уулчид Жорж Мэллори болон Эндрю Ирвин нар Эверестэд анх хөл тавьсан хүнээр тодрох аж. 
Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан 
 

Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57512
3 эможи

keyboard_arrow_up