COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Пүрэвжаргал: “Бүтэн амьдрал”-д тоглож байхдаа үзэгчид намайг үзэн ядна гэдгийг мэдэж байсан

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-“Бүтэн амьдрал” киног ер нь хэн ч байсан үзчихэж болмоор. Хүнд сургамж өгсөн, тэндээс өөрийгөө харах боломжийг зарим үзэгчид олгосон кино болсон байна?

-Аливаа уран бүтээл сайнаар нь үлгэрлэн дуурайлгах, эсвэл муугаар нь жигшүүлэн харьцуулж тухайн муу юмнаас нь салгах зорилготой байдаг. Монголд гэр бүл салалт маш их байна, түүнийг дагаад маш олон хүүхэд өнчин өсч байна. Тэр бүх хар бараан юмыг байгаагаар нь л тусгаад харуулчихсан. Тэгэнгүүт л хүмүүс харчихаад жигших нь жигшицгээгээд “Нээрэн болохгүй юм байна шүү” гэж зөвөөр тусгаад авах нь авч байгаа. Бүхэлдээ хүмүүст сургамж өгөхөөр, бодит амьдралыг ямар нэгэн давс хачиргүйгээр уран сайханлаг болгоод гаргачихсан л кино.

-Таны бүтээсэн дүртэй холбоотойгоор тан руу хүмүүс янз бүрийн чат, мессэж бичиж байна уу. Хүмүүсийн хандлага ямар байна вэ?

-Эхний хоёр анги нь үзэгчдэд хүрэхэд муухай мессэжнүүд ирсэн. “Ямар муухай дүрд тоглодог юм. Энэ угаасаа л ийм хүүхэн байх”, “Царай нь ийм болохоор дандаа л иймэрхүү муухай дүрд тоглодог байх” зэргээр бичицгээж байсан. Би тав, зургадугаар ангиа үзчихээд Инстаграм дээрээ “Би өөрөө энэ Цэнгэлмааг үзэн ядчихлаа” гэсэн чинь үзэгчид харин өнөө Цэнгэлмааг чинь өмөөрөөд эхэлж байна лээ (инээв). Ямар ч байсан хүмүүс их үзэж байгаа юм шиг байна.

-Дөрөвдүгээр анги дээр Цэнгэлмаагийн цаад амьдрал гардаг шүү дээ. Тэр үеэс л үзэгчдийн зарим нь Цэнгэлмааг ойлгож, өрх толгойлсон ээжүүд ч энэ нийгэмд олон байдаг талаар сэтгэгдлээ хуваалцсан байна билээ?

-Нээрэн л яах нь мэдэгдэхгүй хажууд ирж байж байгаад тэгснээ гэртээ очоод эхнэртэйгээ хоноод байхаар тэнд хүлээж байгаа хүн юу бодох вэ гэдэг асуудал бас бий шүү дээ.

Housewife буюу гэрийн эзэгтэй гэж бий. Тэдний нөхөр нь ажилдаа явдаг, гадуур ажил хөөцөлддөг. Хуурах, араар тавих үзэгдэл их гардаг. Тэр нь гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг огт ор үндэсгүй зүйл биш. Эмэгтэй хүн өөртөө арчаатай л байх хэрэгтэй. Эрэгтэй хүн юм чинь өнгөнд хууртагдана. Эмэгтэйчүүд би хүүхдээ харж байгаа, гэртээ байгаа гээд өөрийгөө хаяхаас илүү өөрийгөө тордох ёстой гэдэг далд санаанууд энэ кинонд бий. Тийм болохоор л тэгж байгаа юм. Түүнээс биш Зоригоо Номиндоо хайргүйдээ биш. Уйдалт юунаас үүсээд байдаг юм бэ гэдгийг харуулаад байгаа юм.

-Энэ киног үзсэн Номин шиг гэртээ суудаг бүсгүйчүүд өөртөө анхаарч эхэлж байгаа гэж дууллаа?

-Ер нь тийм юм байгаа.

-Та энэ кинонд тоглож байхдаа үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлж л байсан байх. Одоо 20 гаруй мянган гишүүнтэй үзэгчдийн групп хүртэл бий болж. Нэг анги гарч дуусах болгонд тэнд томоохон хэлэлцүүлэг өрнөдөг болжээ?

-Миний хувьд анх удаа олон ангит кинонд дүр авч тоглож байгаа явдал л даа. Үзэгчдийг яаж хүлээж авахыг мэдэж байсан. Энэ дүр угаасаа ийм юм байна. Би кино гарахад угаасаа үзэн ядуулах нь тодорхой юм байна, элдвээрээ хэлүүлэх нь ойлгомжтой юм байна гэж мэдчихсэн байсан. Тэгтэл тэр эрчээрээ л байгаад байх болов уу гэсэн чинь дөрөв, тав, зургадугаар анги гарснаас хойш “Нээрэн ч тийм дээ. Цэнгэлмаа чинь ийм ийм амьдрал туулаад ингэж яваа юм байна” гэж ойлгож байгаа хүмүүс байгаа болохоор гайгүй байна. Анх хүлээж авсан үзэн ядалт, зэвүүцэл, дургүйцэл гайгүй болж байна.

-“Цэнгэлмаа шиг биеэ авч яв, бардам бай, бүсгүйчүүд ээ” гэсэн үг хүртэл гарчээ?

-Хүмүүсийн хандалтаас л энэ бүхнийг мэдэж байгаа юм л даа. Цэнгэлмаа бол зохиол дээрээ гоё, сайхан хүүхэн. Цэнгэлмаагийн нэг авууштай тал нь зоримог. Түүнийг айлын амьдралыг бусниулаад өөрөө бүтэн амьдралтай болох гээд байна гэж буруушаагаад байгаа шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг хэрвээ Зоригоо түүнд итгэл төрүүлээд “Би чамд хайртай. Чамтай гоё сайхан амьдарна” гэж хэлээгүй бол тэр хүн тийшээ заавал орж, амьдралд нь оролцох байсан уу, үгүй юу. Зоригоог татаад байгаа юм бол өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, гоё ганган байдал. Хүний анхаарлыг татахуйц байдлаар биеэ авч явдаг гэсэн үг л дээ.

-Кино нийт хэдэн ангитай вэ?

-24 ангитай.

-“Бүтэн амьдрал” дахиад хэдэн сар сошиалд хэлэлцүүлэг өрнүүлэх нь дээ. Нөхрүүд энэ киног эхнэртэйгээ хамт үзэхээр хардуулаад байна гэж гомдоллосон байсан?

-Урт үргэлжилнэ. Гэхдээ нэг ийм юм бий. Эмэгтэй хүн хэтэрхий хүлцэнгүй байгаад байж болохгүй. Бас хэтэрхий айхавтар хартай, галзуу байгаад байж болохгүй. Тунг нь тааруулдаг байх хэрэгтэй. Цэнгэлмаа заримдаа ааш муутай болж, орилж чарладаг. Заримдаа маш ихээр хайрлаж халамжилдаг. Хоол ундыг нь хийж, асарч халамжилдаг ээж шиг нь байж чаддаг. Уурлаж загнах үедээ загнадаг, буруу юм хийвэл хэлдэг. Хатуурхаж чаддаг. Заримдаа зөөлөн байж цус нөжийг нь арчиж өгч, тэвэрдэг. Эмэгтэй хүн Цэнгэлмаа шиг л байх ёстой. Тэрийг нь би дүрээрээ харуулж л байгаа байх гэж бодоод байгаа шүү дээ (инээв).

-Та хэзээ жүжигчний мэргэжлээр төгссөн бэ?

-“Зохиомж” дээд сургуулийг 2014 онд төгссөн. Энэ киноноос өмнө нэг ангит кинонуудад тоглосоон.

-Жүжигчин хүн анхны дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшчихдог л доо. Эсвэл эсрэг дүрээрээ олонд хүрчихдэг тал бий. Жишээ нь, жүжигчин О.Гэрэлсүхийг хүмүүс “Ларьдма”-гийн хартай нөхрийн дүрээр нь хүлээж аваад байдаг юм?

-Миний хувьд үгүй байгаасай гэж найдаж байна. Өмнө нь нэг ангит кинонуудад гол дүрд тоглочихсон байсан болохоор хүмүүс тэр дүрүүдээр минь мэдэж байгаа. Энэ удаад л ийм нэг дүрээр улс даяар гарч байгаа болохоос биш өмнөх дүрүүд минь байгаа учраас гайгүй байх аа. Дараа дараагийн нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа кинонууд маань өөр өөр дүртэй болохоор дажгүй байх гэж бодож байна.

-Жүжигчид эсрэг дүрд тоглох сонирхолтой байдаг нь анзаарагдсан. Эерэг дүрээс эсрэг дүр нь хүнд илүү хүрдэг?

-Мэргэжлийн жүжигчин хүн эерэг, сөрөг дүрийн аль алин дээр нь ажиллаж үзэх хэрэгтэй. Эсрэг дүрд тоглож өөрийгөө илүү задалдаг ч байж магадгүй. Тийм болохоор би эсрэг дүрээс татгалздаггүй. Характертай дүрүүд дээр ажиллахаар мэргэжлийнхээ хувьд сайжирч байгаа юм шиг, туршлагажиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Та гэр бүлээ танилцуулбал?

-Нөхөр маань математик, программ хангамжийн мэргэжилтэй. Хувиараа бизнес хийдэг. Кино урлаг, урлагийг маш их дэмждэг. Урлагийн мэдрэмжтэй хүн байдаг юм. Бид нэг хүүтэй. Одоо зургаан настай.

-“Бүтэн амьдрал” киноны зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бараг зуугаад хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Манай багийнхан бүгд мэргэжлийн түвшинд ажилладаг хүмүүс байсан. Цаг баримтлах, нэг нэгнийхээ ажлаас хойш татахгүй байх, бусдыгаа хүндэтгэдэг, киногоо гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан болохоор зургаан сарын хугацаанд 24 ангит кино хийж чадсан. Маш хурдтай, ачаалалтай ажилласан. Бүгд ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс байсан болохоор богино хугацаанд 24 ангит киног амжуулсан гэсэн үг л дээ.

Нэг ангит кино хийхэд бараг сарын хугацаанд зураг авалт хийдэг. Гэтэл хагас жилд 24 анги гэхээр яалт ч үгүй мэргэжлийн хүмүүс өндөр түвшинд ажилласныг илтгэнэ. “Боловсрол” телевизийн хангамж сайн. Ер нь дутагдах, гачигдах юмгүйгээр киноныхоо ард гарсан.

жүжигчин Э.Пүрэвжаргал-н зурган илэрц-Жүжигчин Б.Навчаагийн бүтээсэн Аюурын дүрийг хүмүүс их хөөрхөн дүр гээд байгаа?

-Хүн л байгаад байгаа юм л даа. Хүмүүсийн хүсч байгаа юм тэр л дээ, энэ амьдралаас. Үнэнч шударга, хэлэх гэснээ хэлчихдэг шулуухан зантай хүмүүс амьдралыг амар болгодог. Бидний дунд Аюур шиг хүн байвал гоё шүү гэдгийг үзэгчид хүлээж аваад дуртай байгаа байх аа.

Цэнгэлмааг зодуулсны дараа үлдээд аргаддаг хэсэг бий. Амьдрал үзсэн хүн хүнийг илүү ойлгодог. Тэрийг л харуулсан. Аюур эмэгтэй хүн ганцаарддаг, эмэгтэй хүн зовдгийг мэддэг учраас “Би ч гэсэн энэ зовлонг мэднэ ээ” гээд тайвшруулдаг юм.

-Таны тоглосон хэд хэдэн кино хоёр, гуравдугаар сард нээлтээ хийх байлаа?

-Солонгос, Монголын хамтарсан “Гэм” уран сайхны кино. Триллер кино. Монгол, Солонгост зэрэг нээлтээ хийх байсан ч хөл хорионы улмаас хойшилчихсон. “Этик” продакшны “Хэлгүй жим” түүхэн уран сайхны киноны нээлт мөн хойшилчихоод байна. “Admin- volume2” гэж хүүхдийн инээдмийн кино саяхан нээлтээ хийх байсан. Энэ кинонуудын маань нээлтийн ёслол дарааллаад л болох юм шиг байгаа юм.

-Залуу уран бүтээлч хүний хувьд нийгмээ хараад засаж залруулаасай гэж хүсдэг зүйл юу байдаг вэ?

-Миний баримталдаг, боддог нэг юм байдаг юм. Миний өмнөөс амьдраад байгаа юм шиг, эсвэл хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг хүмүүс байдаг. Дэлгүүрийн худалдагч, кассчинаас эхлүүлээд л хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байцгаадаг. Тэгэхгүйгээр, өөрийнхөө өмнөөс, улс эх орныхоо өмнөөс, үр хүүхдийнхээ өмнөөс амьдарч байна аа гээд хичээл зүтгэлтэй, үнэнч шударга, харилцааны зөв соёлтой, биеэ зөв авч яваад хувь хүн дор дороо хөгжчихвөл улс орон маань хөгжинө. Бидний хүсээд байдаг гадны өндөр хөгжилтэй орнууд шиг болох боломжтой. Тэгэхээр хувь хүн бүр дор дорноо ухамсартай, зарчимч, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614531
4 эможи

keyboard_arrow_up