COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Отгонбаяр: ГУЧ ХҮРСЭН ХАВРЫН БҮСГҮЙ МИНЬ ДЭРВЭГЭР СОРМУУСТАЙ

2019 оны 3 сарын 18

Image may contain: 2 people, including Ядамсүрэнгийн Отгонбаяр, people sitting

Үеийн бүсгүйчүүдийн утас руу залгах бүр л “Гуч хүрсэн бүсгүй” гэх дуу чих хадаана. Гуч хүрсэн хөвсгөр хүүхнүүд ч сайхан нүдэнд дулаахан шүү. Даанч тэд хань ижилтэй гэсэн хэн нэгний яриа гэнэт санаанд буулаа. Дууны яруу найрагт эргэлт буцалтгүй уран бүтээлээ туурвиж яваа эгэл амьдрал дахь эгэл бүсгүйчүүдийн сэтгэлд байсан орон зайг эзэлж чадсан яруу найрагчтай уулзлаа. Энэ хүн бол МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, Соёлын тэргүүний ажилтан Ядамсүрэнгийн Отгонбаяр. Заримдаа энэ залуу гуч хүрсэн хөвсгөр бүсгүйчүүдэд дурламтгай мэт санагддаг юм. Бүсгүй хүнийг хайрлахын шалтгаан их шүү дээ. Гэхдээ Я.Отгонбаярын сэтгэлийн далай тунгалаг хийгээд дөлгөөн. Тиймээс ч олон сайхан дууны шүлэг ундран гардаг биз ээ. Ингээд түүнтэй ярьсан ярилцлагаа хүргэе.

-“Гуч хүрсэн бүсгүй” дууг яагаад бичих болсон, анх яагаад ийм санаа орж ирсэн тухай?

-Хүмүүс энэ тухай их асуудаг юм. Их энгийн түүхтэй л дээ.Зун цаг байлаа.Манай нутгийн ах бид хоёр /нэг их олон насны зөрүүгүй л дээ/ “Урт цагаан”-ы хажууханд машин дотроо хүн хүлээгээд жаахан уйдах маягтай сууж байлаа.Уулзах ёстой хүн маань ирж явна гэчихээд бид хоёрыг цаг гаран хүлээлгэчихдэг юм байна.Тэгээд л яах вэ? дээ...уйдсан хоёр чинь элдвийг ярьсаар сүүлдээ хүүхнүүдийн тухай яриа руу орчихгүй юу?...Хажуугаар өнгөрсөн бүсгүйчүүдийг энэ нь тийм тэр нь ч ийм гэж ярьсаар ах хүү яриан дундаа “Ер нь хүүхнүүд гэдэг чинь 30 хүрээд ирэхээрээ л боловсорч гүйцсэн жимс шиг болдог гэж байгаа шүү дээ Отгоо минь ээ” гэдэг юм байна.Энэ үг надад их л этгээд сонин мэдрэмж төрүүсэн учир “Наад үгийг чинь оролцуулаад шүлэг биччих үү?” гэсэн чинь намайг шүлэг бичдэг гэдгийг мэддэггүй мань хүн Чи чадах уу? гэж байна...Тэгээд л машинд бэлэн явдаг дэвтрээ шүүрч аваад
Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нэг л эрхэмсэг
Гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй...
гээд эхний хоёр мөрийг бичээд л ах хүүг хүүхнүүдийн тухай элдвийг чалчиж байх зуур цаашаа урсаад явчихсан шүлэг дээ.Ер нь бол дуу болохдоо ч анхныхаа хувилбараас нэг их засвар ороогүй.Нөгөө ах минь бүр гайхаж, намайгаа хөөрхөн хөөргөж, энэ тэр болоод л салж билээ.Хит дууны минь шүлгийг бичихэд санаа өгч онгод оруулсан нутгийн ахдаа баярлаж явдаг аа...Шүлэг маань цахим орчинд нэлээдгүй газар авч жил гаруй болсны дараа Шагай маань гайхалтай сайхан аялгуу хийж өөрөө дуулсан.Шагай найзынхаа уйгагүй хөдөлмөрч зан, булгийн ус шиг ундарсан их авъяасыг биширч явдаг даа.Энэ дуу гуч хүрсэн болон гуч гарсан бүх бүсгүйчүүдийн сонсох дуртай дуу болсон.Гуч хүрээгүй бүсгүйчүүд охидууд бид нар яах юм бэ? гэж их асууна."Та нар гуч хүрэхээрээ ийм болно оо” гэж хариулдаг.Гуч нэлээн гарсан нь бас бид нар энэ дуунд чинь хамаатай юу? гэдэг юм."Гуч хүрсэн болон гуч гарсан бүх бүсгүйчүүдэд хамаатай” л гэж хариулдаг даа...Нэг тийм зөв орон зайгаа эзлээд цаг үеэ олоод төрчихсөн бүтээл юм шиг байгаа юм.

-“Хөвсгөр бүсгүй” дууны талаар?

-Энэ дуу “Гуч хүрсэн бүсгүй” дуу гараад хит болчихсоны дараа бүтсэн дуу л даа.Анх бол санааг нь манай Шагай хэлж байсан юм.”Хүүхнүүд маань өөрсдийгөө тарган гэж бодож турах гэж хамаг байдаг аргаа хэрэглэж байна.Энэ хөвсгөр хүүхнүүдийнхээ тухай дуу хийе.Ер нь бол бондгор байх нэг их муу юм биш шүү дээ”гэж ярилцаад анх шүлгийг нь бичиж байлаа.Тэгээд хувь тохиолоор “Гурван бүдүүн” хамтлагийн Эрдэнээ маань аялгуу хийж Учка, Эрдэнээ хоёр маань дуулсан юм.Анх “Бондгор бүсгүй” гэдэг нэртэй байж байгаад сүүлд нь яг дуу болж дуулагдахдаа “Хөвсгөр бүсгүй” болж өөрчлөгдсөн түүхтэй.Хөвсгөр гэдэг нь жаахан орчин үелэг маягийн болж байгаа ухаантай...Энэ дуу гарснаар өөрсдийгөө таргалчихлаа гэж санаа зовдог бүсгүйчүүдийн сэтгэлийг өргөсөн гэж бодож байна.Ер нь ихэнх бүсгүйчүүд бас залуучуудын минь сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг даа.Би энэ хоёр дуунаас өмнө “Гурван бүдүүн” хамтлагтай хамтарч “Бид нэг ангийнхан” гэдэг үе үеийн нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан дуу хийж байсан.Бас хүмүүсийн ялангуяа өсвөр нас, оюутнуудын дуртай дуу болсонд сэтгэл хангалуун байдаг.Дууг минь дагаж дуулаад уйлаад сууж байгаа нэг ангийнханыг зөндөө харсан.Бүдүүнүүдтэйгээ ингээд "надад улаан нь ч байна цагаан нь ч байна" гэж "Төөрсөөр төрөлдөө" кинонд гардаг шиг нэгтэй нь нэг дуутай, хоёртой нь нэг дуутай, гуравтай нь нэг дуутай болсон доо.Цаашид бид бас зөндөө олон сайхан уран бүтээл хийж та бүхэндээ хүргэх болно оо.

Image may contain: Ядамсүрэнгийн Отгонбаяр, indoor

-Та яагаад эмэгтэй хүнийг илүү их мэдрээд байна?

-Би эхээс 8-уулаа.5 эгчтэй 2 ахтай айлын отгон нь юм.Төрөхөөсөө өдий хүртлээ л эмэгтэй хүмүүс дунд явна.Намайг ухаан орох цагаас авахуулаад л эгч нарын минь үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл, амьдрал миний нүдэн дээр өрнөдөг байсан.Бас миний хайрт ижий минь оюунлаг хүн байлаа.Намайг эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх,эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн тухай маш их ярьдаг ,ойлгуулдаг хүн байсан даа.Тийм сайхан эмэгтэйчүүдийн хайран дунд хөлбөрч өссөн хүн чинь эмэгтэй хүнийг илүү мэдрэхээс өөр ч яах билээ.
Бүсгүй хүн гэдэг яасан их бодож бүтээсэн цогц ертөнц вэ?
Бүх орчинг хайраар сүлдэг ямар их хүчтэй гоо ертөнц вэ?
гэж бичсэн миний шүлэг байдаг.Үнэхээр л бүсгүй хүн гэдэг биенээсээ бие ургуулдаг гайхамшигтай хүмүүс.

-Одоо ямар шинэ уран бүтээл хийж байна. Бас ямар бүсгүй төрүүлэх гэж байна?

-Сүүлийн үед дууны уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна.Гэхдээ яруу найргийн 3 дахь ном “Гүн цэнхэрлиг”-ээ өлгийдөн авсан.Өмнөх хоёр номоо бодоход арай дээр болсон болов уу? гэж горьдож байгаа.Уншигчид дүгнэх байхаа.Шагайтайгаа хамтраад “Дэрвэгэр сормууст” гээд шинэ дууныхаа клипийг үзэгч олондоо хүргэлээ.Одоо бас тун удахгүй “Хаврын бүсгүй” нэртэй өвөрмөц шийдэлтэй дуугаа олон түмэндээ хүргэхээр бид хоёр ажиллаж байна даа.

Ингээд “Гуч хүрсэн Хаврын бүсгүй минь Дэрэвгэр сормуустай” боллоо. /инээв/

“FLY” хамтлагийн залуустайгаа хамтарч “Эхнэрүүдийн зөв” дуугаа хийсэн байгаа.Мөн “Алтан гадас” одонт дуучин Т.Дэлгэрмөрөн бид хамтарч “Солонгон аашт” нэртэй дуугаа гаргасан. Удахгүй клипийг нь хүргэх болно оо...Сэдэв нь бүгд л бүсгүйчүүдийн тухай.

Цаашид “Дэгжин бүсгүй” “Бардам бүсгүй” “Гэрэлтэх хайр” “Үзэсгэлэн гоо” гэх мэт шинэ дуунууд хийхээр төлөвлөж байгаа.Зохиолын дууны чиглэлээр нутгийн дүү дуучин Б.Баасандоржтойгоо хамтарч “Сэтгэл сэмрэх аялгуу” гээд дуу хийсэн.МУГЖ У.Далантай ахтайгаа хамтраад “Зөн орчлон” гээд дуу хийхээр төлөвлөж байгаа.Дуу бүтээнэ гэдэг амаргүй, дуунд тавилан гэдэг зүйл байдаг юм шиг байгаа юм.Төрөх тавилантай бол бүгд дуу болох бизээ.Аялгуу хийгдээд дуулагдаагүй 4 жил болсон дуу ч байна.Шүлэг бичингүүтээ 7 хоногийн дотор дуу болсон дуу ч байна.Тэгэхээр тавилан гэж нэг юм байна аа байна.

-Дуу чинь хит болоход ямар сэтгэгдэл төрөв?

-Би ер нь их энгийн хүн шүү дээ. Дуу “хит” болсон гээд өөрийгөө “од” болгоод явах нэг их сайхан зүйл биш. Гэвч уран бүтээл хийхгүй байж чадахгүй.Уран бүтээл минь хүссэн хүсээгүй намайг бусдад төлөөлж байдаг юм байна л даа.”Гуч хүрсэн бүсгүй” дуу эхэлхэд Шагай маань “Энэ миний зохиосон дуу...” гэж хэлдэг.Уг нь бол аялгуу хийснээ л хэлээд байгаа болохоос биш зарим хүмүүсийн бодоод байгаа шиг миний шүлгийг булаачихсан хэрэг биш л дээ.Клипэн дээрээ миний нэр байгаа.Энэ талаар тэдэнд ойлгуулах гэж яг үнэндээ төвөгтэй ажил...

Ер нь дуу маань хөдөө орон нутаг, Өвөр Монгол, гадаадад суугаа Монголчуудад ихэд тархсан юм билээ.Зун Завханы Тосонцэнгэлд очиход тэр нутгийн нэг залуу миний дууг надад гайхуулан сонсгож л байлаа.Би “сайхан дуу байнаа” гээд инээгээд л өнгөрсөн.Намайг танихгүй байх тусмаа л надад амар, зүгээр санагддаг.Дуу хит болох гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар жаахан төвөгтэй юм шиг надад санагдсан шүү.Ямар сайндаа л бүсгүйчүүдийн тухай баахан дуу хийчихсэн чинь эмэгтэй найзууд Мартын 8-наар эмэгтэйчүүдийн холбоотой ярьж байгаад хүндэт тэмдгээр шагнуулна ч гэх шиг хөгжилдөж байх вэ? дээ...Нэгэнт уран бүтээл, ялангуяа дууны уран бүтээл гэдэг олон түмэнд зориулагдсан байдаг тул олон хүнд хүрч байх нь чухал юм даа.

-Ер нь хэр олон дуу байна.Охидуудад зориулж ямар дуу хийж байна?

-Нийтдээ 20 гаруй дуу хийсэн байна. Үүнээс клиптэй болсон нь 10 гаруй. Нийт 60 гаруй дууны шүлэг бичсэн.Охидуудад зориулж хийсэн дуу одоохондоо алга. Яваандаа бас ийм сэдэвтэй дуу дуучин нь захиалвал бичээд л өгнө дөө.

-Таны хувьд цахим ертөнцөд чамгүй нэр хүндтэй. Энэ уран бүтээлийн чинь нөлөө юу? Таны мөн чанар уу?

-Би “нүүр ном” гээч зүйлтэй 4-5 жил зууралдсан байна.Нэг хэсэг хугацаанд зүйрлэж хэлэх юм бол “сугандаа хүртэл шигдчихээд хоёр гараа гозолзуулж” байсан цаг үе бий.Одоо бол харьцангуй өөрийгөө татаж авч чадсан шүү.Би ер нь цахим ертөнцөд идсэн уусныхаа зураг, эхнэр хүүхдийнхээ зургийг оруулаад байдаггүй.Аль болох уран бүтээлээ болон бусдад сэтгэлийн дэм болчих агуулгатай бичвэр, шүлгүүдээ оруулсаар ирсэн.Энэ нь хүмүүст их таалагддаг л даа.Миний шүлгүүдийг уншаад сэтгэл санаа нь сэргэлээ урам авлаа гэсэн хүмүүс их байдаг.Би чадах юмаараа хүнд туслахыг хичээдэг.Заримд нь бүр утсаар залгаж хүртэл шүлэг уншиж өгч байсан.Хүмүүс маань орчин үед хэтэрхий цахимжаад энгийн амьдралаа их үгүйлдэг болоо юу? даа гэж боддог.Би чинь хөдөө аргалын утаа үнэрлэж, адуу малтай зууралдаж өссөн болохоор энгийн эгэл амьдралын талаар илүү их бичихыг хичээдэг дээ.Мөн намайг номонд дуртай болгож өсгөсөн ээжийнхээ сургаалаас их оруулдаг.Ээж минь одоогийн хэллэгээр бол эрдэмтэн хүн байсан даа.Энэ бүх оруулсан бичвэрүүд хүмүүст их таалагддаг.Бас уран бүтээлийн нөлөө миний мөн чанар нөлөөлөлгүй яахав.Би чинь нэг тийм, бүх зүйлийг өөрийнхөөрөө дүгнэчихдэг этгээд араншинтай хүн болохоор ихэвчлэн миний “аяга хоолны философи”-д дуртай хүмүүс л намайг дэмждэг дээ.Хүн төрөөд үхэхийн хооронд нэг их юм хэрэггүй юм шүү дээ...гэх мэт минималист сэтгэлгээтэй хүн.Энэ бүхэн цахим орчинд хүмүүст таалагддаг байхаа

-Эрчүүдэд зориулвал ямар шүлэг бичих үү?Хөвсгөр хүүхнүүд байхад бандгар эрчүүд байж болох уу?

-Би эрчүүддээ зориулаад нэг сайхан дуу хийх юмсан гэж боддог шүү.Бандгар эрчүүд гэх нь ч хаашаа юм.Гэхдээ нэг тийм гүндүүгүй сайхан хөдөөний эрчүүдийнхээ тухай нэг сайхан дуу хийнэ дээ гэж бодож явдаг.Одоохондоо шүлгийг нь бичээгүй байна л даа.Бодож явтал нэг л өдөр ийм сэдэвтэй шүлэг урсаад л ороод ирнэ дээ гэдэгт эргэлздэггүй.Тэр үед нэг сайхан эрчүүдийн тухай дуутай болох байхаа.Эр хүний нандин зан чанарыг илүү олж харахыг хичээдэг.Тийм найзууд минь ч байна.Тэднийгээ бодож байгаад л бичнэ дээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601217
1 эможи

keyboard_arrow_up