COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Миний АЗ ТААРСАН”

2017 оны 11 сарын 24

Амжилт хүний наснаас хамааралгүй, амьдралаа эхлэхэд хэзээ ч оройтдоггүйг Тажикистаны 27 настай, олон хүүхэдтэй ээж Парвина Саидовнагийн түүх харуулж байна. Заримдаа амьдрал ингээд дууслаа гэж санагдах тэр үед хүний амьдралын ер бусын өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

Хоёр жилийн өмнө залуу эмэгтэйн амьдралд уй гашуу тохиож, тэрбээр нөхрөө алдсан нь түүний амьдралыг бүрмөсөн өөрчлөв. Таван хүүхэдтэйгээ үлдсэн тэрбээр амиа хорлохын ирмэгт байсан гэнэ.

Харин одоо түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Хуульчийн дипломтой ч мэргэжлээрээ нэг өдөр ч ажиллаж үзээгүй, зөвхөн хүүхдүүддээ л санаа тавьдаг гэрийн жирийн эзэгтэй тэрбээр нөхрөө өнгөрснөөс хойш нэг жилийн дараа санаандгүйгээр кино болон загварын ертөнцөд хөл тавьжээ.

Дахин нэг жилийн дараа амжилттай загвар өмсөгч Парвина Саидова Казахстаны Астана хотод болсон дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world beauty” тэмцээний “Mrs International-2016” (Гэр бүлтэй болсон, олон улсын гоо бүсгүй) төрөлд түрүүлж, Францад ажиллах урилга хүлээн авчээ.

Холбоотой Зураг

Тэрбээр амьдралынхаа хамгийн хүнд өдрүүдийг даван туулахад юу тус болсон, хүлээн зөвшөөрөгдөх болон нэр хүнд гэж түүний хувьд юу болох, ашигтай гэрээнээс яагаад татгалздаг тухайгаа ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ.

“Би эрт нөхөрт гарсан. Манай ургийн эмэгтэйчүүд бүгд эрт гэрлэдэг. Гэхдээ албадлагаар бус, би өөрөө шийдвэр гаргасан юм.

Миний нөхөр надаар ажил хийлгээгүй, гэхдээ дээд боловсрол эзэмших боломж олгосон. Тэрбээр надад их хайртай, бас хартай учраас намайг гэрээс гарахыг ч зөвшөөрдөггүй үе байсан. Бид найман жил хамт амьдарсан. Гурван охин, хоёр хүүтэй. Яагаад ийм олон хүүхэд гаргасныг хүмүүс надаас байнга асуудаг. Би хүүтэй болохыг хүсдэг байлаа. Гурван охин дараалан гарсны дараа дөрөв дэхээ (эцэг, эх нь ч дөрвөн хүүхэдтэй) төрүүлж, хүүтэй болсон. Дараа нь дахин нэг хүү төрүүлсэн.

Хүүхдүүд минь л намайг ертөнцтэй холбож байв. Эхийн үүрэг, хайр үхлээс хүчтэй.

Хань минь тэнгэрт халихад бага хүү дөнгөж ойтой байлаа. Одоо ч эргээд бодоход хэцүү санагддаг. Миний хувьд амьдрал дууссан, дэлхий эргэхээ больж, бүх зүйл хөмөрсөн мэт санагдаж байв. Хүүхдүүдтэйгээ хаашаа явж, юу хийхээ мэдэхгүй мухардсан. Амьдралдаа харж үзсэн, хүрсэн бүхэн минь нөхрийн л ач. Дандаа л намайг эрхлүүлж, миний хүссэн бүхнийг хийдэг байлаа. Түүнийг байхгүй болсноос хойш хагас жил би гэрээсээ гараагүй. Хэнийг ч харж, сонсмооргүй байсан.

Хүүхдүүд минь л намайг ертөнцтэй холбож байв. Эхийн үүрэг, хайр үхлээс хүчтэй. Аав нь байхгүй болсон гэж тэдэндээ өдий болтол хэлээгүй л байгаа. Тэдний хувьд аав нь хаа нэгтээ эмчлүүлж яваа.

Маш хүнд байсан болохоор амиа хорлох тухай ч бодож байх үед өрөөнд ээж орж ирж таараад, байдлыг ойлгоод, амьдрал үргэлжилж байгааг, ажиллах, үр хүүхдээ өсгөх хэрэгтэй гэсэн чухал үгсийг тэр үед хэлсэн юм.

Тэгэхэд л анх ажлын тухай бодсон, гэхдээ төрийн албанд ажиллахыг хүсээгүй. Хуульчийн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Аав нь эзгүйг их мэдрүүлэхгүйн тулд олон цагийг хүүхдэд зориулах хэрэгтэй болсон.

Гоцлол дуу, жүжиглэх урлагийн академид сурах саналыг нэг найз минь тавьсан. Шууд л киноны гол дүр бүтээх, клипэнд тоглох санал ирсэн байна. Татгалзаж, удаан явсан.

Санамсаргүйгээр загвар өмсөгч боллоо. Тажикистаны алдартай загвар зохион бүтээгч Хуршед Сатторов Украины Одесс хотод загварын долоо хоног зохион байгуулахаар бэлтгэж байв. Зохион байгуулах хороо руу Тажикистаны мэргэжлийн загвар өмсөгчдийн есөн гэрэл зураг илгээжээ. Гэвч нэг загвар өмсөгч хэрэгтэй байв. Тэгээд фэйсбүүкээс санаандгүй миний гэрэл зургийг хараад, цуглуулгаа 10 болгосон аж.

Тэрбээр над руу утасдаж, учраа тайлбарлан, хамтран ажиллахыг хүссэн. Загварын ертөнцийг огт мэдэхгүй, ер нь загвар өмсөгч болно гэж төсөөлөөгүй явсан би шууд татгалзсан. Гэсэн ч удаан ятгасны эцэст үзээд алдахаар шийдэж билээ.

Энэ тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд ялангуяа эрэгтэйчүүд их дургүйцлээ. Гэлээ ч намайг баяр баясгалантай байхыг дахин харах үүднээс аав, ах нар зөвшөөрсөн төдийгүй дэмжсэн. Явахын өмнө ээж минь “Исламын шашинтан гэдгээ ухаарч, санал болгосон бүхнийг өмсөж болохгүй. Дараа нь ичгэвтэр байдалд орохгүйг хичээгээрэй. Тэгснээрээ толгой дээгүүр явна шүү” гэж захисан юм.

Манай соёл, шашин, хүмүүжил биднийг задгай хувцас өмсөхөөс зайлсхийхэд хүргэдэг.

Манай соёл, шашин, хүмүүжил биднийг задгай хувцас өмсөхөөс зайлсхийхэд хүргэдэг. Ямар ч тайзан дээр гарсан энэ л тавигдах гол шаардлага болно. Одесст хэт задгай даашинз өмсөхийг санал болгож байсан. Мэдээж татгалзсан. Орос, Францын загвар зохион бүтээгчдээс ч тийм санал ирдэг. Би мусульман, соёл, уламжлалдаа нийцэж байхаар хүмүүжсэн. Энэ нь ч ашигтай хэд хэдэн саналаас татгалзахад хүргэсэн юм. Гэрээ байгуулбал усны, эсвэл дотуур хувцастай гарахыг шаардаж мэднэ. Ингэх нь надад ч, миний төрөл төрөгсдөд ч боломжгүй.

Одесст дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 60 загвар өмсөгчөөс би хамгийн шилдгээр шалгарсан. Улс орныхоо нүүр царай, соёл, урлаг, үндэсний хувцсыг харуулахыг маш их хүссэн учраас дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох санал хүлээн авсан юм. Тажикистаны загварын агентлаг болон ордны нэрийн өмнөөс уг тэмцээнд оролцсон билээ. Түрүүлэхийг хүсэж байсан ч үүндээ итгэлтэй байгаагүй. Олон орны хамгийн үзэсгэлэнтэй, маш авьяаслаг бүсгүйчүүд надтай өрсөлдлөө. Ялангуяа Украиныг төлөөлөн оролцсон бүсгүй үнэхээр биширмээр байсан.

Тэргүүн байрын шагналтныг зарлахад ёстой их баярласан. Нэрээ сонсоод өөртөө ч итгээгүй. Андуураагүй байгаа ч гэж эргэлзлээ. Миний нэрийг дуудав уу даа гэж хүртэл хажуудаа зогссон нэгнээс лавласан.

Хамгийн түрүүнд хүүхдүүд минь бодогдсон. Тэд л намайг тэсэн ядан хүлээж, түрүүлүүлэхийг хүсэж байсан шүү дээ. Хэдий хол байсан ч бид үргэлж холбоотой байлаа. Дүрсээр дамжуулан хүүхдүүдээ унтуулж, дуу дуулан, үлгэр ярьж өгдөг байв. Ес, найм, долоон настай охид минь намайг их дэмжсэн. Бага хоёр минь тав, гурван настай шүү дээ.

Одоо хэлж болох төлөвлөгөө гэвэл ирэх зун Тажикистаны загвар зохион бүтээгчид болон өмсөгчдийн хамт Пьера Кардены өв залгамжлагч Родриго Базиликаттигийн урилгаар Францыг зорино. Тэрбээр Астанагийн тэмцээний шүүгч нарыг тэргүүлж байсан юм. Францад бид Тажикистаны загварын цуглуулгыг үзүүлнэ.

Загвар өмсөгчийн ажилдаа би их найдлага тавьж байгаа. Олон хүн энэ ертөнцөд нэвтрэхийн тулд асар их хүчин чармайлт гаргадаг. Гэтэл миний аз таарсныг би сайн ойлгож байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ ирээдүй, тэднийг хэрхэн өсгөж, хүмүүжүүлэх талаар л би бодож байна.

Гэнэт алдартай болсноо түр зуурын үзэгдэл гэдгийг би маш сайн мэдэж байгаа. 1-2 жил л миний тухай ярина. Дараа нь мартана. Амьдрал ийм л шүү дээ”.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50159
0 эможи
keyboard_arrow_up