COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нохой жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУДАЛД СУУСАН БЭ?

ГАЛ СУУДАЛ

ЭР: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

ЭМ: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

 

ШОРОО СУУДАЛ

ЭР: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ЭМ: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Шороонд суусан бол баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах; чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы уйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

 

ТӨМӨР СУУДАЛ

ЭР: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

ЭМ: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсум, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

 

ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

ЭМ: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудпаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

 

УС СУУДАЛ

ЭР: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

ЭМ: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Усанд суусан бол зүүн зугт гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас усан дээгуүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна.

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, уе мөчний өвчнөөс сэрэмжил. Яус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

 

УУЛ СУУДАЛ

ЭР: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

ЭМ: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Ууланд суусан бол “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн садхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

МОД СУУДАЛ

ЭР: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

ЭМ: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

ХИЙ СУУДАЛ

ЭР: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

ЭМ: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53920
3 эможи
keyboard_arrow_up