Зуны амралтаараа аялж болох МОНГОЛ-ын үзэсгэлэнт газрууд Зуны амралтаараа аялж болох МОНГОЛ-ын үзэсгэлэнт газрууд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зуны амралтаараа аялж болох МОНГОЛ-ын үзэсгэлэнт газрууд

2021 оны 7 сарын 09

Arslan.mnАрхангай аймаг бол Монголын үзэсгэлэнт газруудын нэг юм. Улаанбаатар хотоос Тариат сум хүртэл хатуу хучилттай засмал замтай. Уг аймагт өвөрмөц тогтоц бүхий 150 гаруй төрлийн бичээс, хад чулуу бий. Булган уул, Тайхар чулуунаас эхлээд Хоргын тогоо, Тэрхийн Цагааннуур, Өгийнуур, хадан хавцал дундуур урсдаг Чулуут, Суман, урд, хойд Тамир, Орхон, Хануй, Хүнүй зэрэг цэнгэг голуудтай. Мөнх цаст Суврага Хайрхан, оройдоо цэнгэг нуур бүхий Хан-Өндөр, Бугат, Бөхөн шар, Чингэлтэй зэрэг уул нуруудтай, үзэж харах зүйл ихтэй.

1.“Тэрхийн цагаан нуур” нь Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмагт боогдон үүссэн цэнгэг уст нуур. Энэ нуурт арав гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.

2.“Өгийнуур” нь Өгий нуур суманд орших бөгөөд Торгон элс, хайрган эрэгтэй. Тэр орчимдоо гүехэн, давалгаа зөөлөн, завиар аялахад нэн тохиромжтой. Байгалийн сонин тогтоцтой тул усанд сэлэх, наранд биеэ шарах, морь, тэмээгээр болон явганаар аялахад тун тохиромжтой аж. Өгий нуур нь 150 гаруй төрлийн нэн ховор ба ховор зүйлийн шувууд нутагладаг. Умард мөсөн далайн ай савд хамаарах 14 зүйлийн загастай юм. "Өгий тур" жуулчны бааз нь Монгол улсын төв хэсэгт оршдог үзэсгэлэнт, Цэнхэр нүдэн Өгий нуурын хойт эрэг байгалийн ер бусын уран бүтээл “Хойт мэргэн шанаа” хэмээх шувуут хошууны дэргэд байрладаг бөгөөд шилдэг хөтөлбөрүүдээр аялагчдад үйлчилдэг аж. Тус баазаас 22 километрт өнөөгийн Туркийн өвөг дээдэс, түүх дурсгалын томоохон цогцолбор Түрэгийн хөшөө, 70 километрт Ази Европыг тэгнэсэн Монгол Их гүрний эртний нийслэл Хархорин хотыг сонирхож болох юм байна.

3.“Улаан цутгалан” хүрхрээ нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Цагаан голын хүрхрээ гэж бага хүрхрээг хэлнэ. Тэнд рашаан ч байдаг. Улаан цутгалангаас нэг километр яваад “Тэмээн чулуун хэрэгсүүр” хэмээх орхон голын жижиг хүрхрээ байдаг. Орхон голд усны далан гэж байдаг. Их эзэнт гүрний хөшөөг ч үзэх боломжтой. Хужирт луу явах замд Хархорины “Шанхын хийд” гэж байдаг.

4.Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 километрт оршино. Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 километрт байдаг. Зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байдаг. Баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм.

5.“Хөвсгөл нуур”- Хөвсгөл аймаг нь Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатараас 779 километрийн хол зайд оршдог. Мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг. Онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг билээ. Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг. Цаг агаарын хэлбэлзэл ихтэй. Зуны хамгийн дулаан цаг долдугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе нэгдүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49- 52 хэм хүрч хүйтэрдэг. Хөвсгөл аймагт 530 гаруй аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Аялал жуулчлалын хувьд өргөжин тэлж байна. Хөвсгөл нуурынхаа унаган төрх, цэвэр тунгалаг ус, агаар, ховор ан амьтан, байгалийн элдэв сонин тогтоц, дархадуудын зан заншил, ховор нандин түүхийн дурсгалт зүйлсийг очиж, танин мэдэх боломжтой юм. Мөн мориор аялах, цаатан үзэх, сарлаг унах, моторт завь болон усан онгоцоор аялах, нүүдэлчний соёлтой танилцах, дугуйгаар аялах, загасчлах, уулын явган аялал, машинаар Хөвсгөл нуурыг тойрч болох юм байна. Хөвсгөл аймгийн жаргалант суманд халуун рашаан байдаг. Японы онсен рашааны хэв маягаар хийгдсэн рашаан юм. Хатгал суманд могойн мод байдаг. Энэ нь могойгоор эргэлдсэн юм шиг ургадаг мод

6.“Хамрын хийд” нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрийн зайд байрладаг билээ. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд арван долоон насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байжээ. Хамрын хийдэд Монголын анхны театрыг мянга найман зуун гучаад онд “Намтар дуулах дацан” нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадмбын 77 боть судрыг залсан. Шамбалыг орон 25 хаадтай. Жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж, ном уншдаг аж.

Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залсан байна. Энэ нь “Өвгөн суварга” юм. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талтай аж. Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг.

7."Ээж мод" нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.

Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.

8.“Сайханы хөтөл нь Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг.

Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.

Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргүүд сайхан тохижуулжээ. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ.

9.“БУЙР НУУР

Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг. Буйр нуурын тухай домог: Үзэсгэлэнт сайхан Хөлөн-буйр бол харсан, сонссон бүхний бахархал болсон газар юм. Мэлмэлзэн долгиолох Хөлөн далай, сөхийн сүндэрлэх Хянган даваа, цэцэг нь алагласан өргөн уудам хөдөө тал гээд сэтгэлээс уяатай нутаг юм. Энэ сайхан нутгийн тухай нэгэн домог бий.

Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос, гахай модон дотроос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд ирэв. Нэгэн өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь иржээ. Хөлөн охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт тулж гэнэ.

Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн, эсэргүүцсээр байсан тул уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэсэн мангас түүнийг сараалан цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувилав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд Хөлөн охиныг дахиад булаан авав. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэтэл мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал нь хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон домогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
628709
11 эможи

keyboard_arrow_up