COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Жавхлан: Амьдрах орчноо зөв сонгох нь хамгийн том хөрөнгө оруулалт

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Гэртээ засвар хийхээр төлөвлөж буй хүмүүс энэхүү ярилцлагыг шимтэн уншихыг зөвлөе. Энэ удаа бид “СаяСанаа констракшн”-ны ахлах инженер Н.Жавхлантай орон сууцны засварын тухай сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэрээр гэрийнхээ интерьер дизайныг өөрөө гаргаж, засвараа хийсэн бөгөөд тав тухтай, саруулхан түүний гэрээр зочилцгооё.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний саналыг хүлээн авч, гэртээ урьсанд маш их баярлалаа. Гэртээ хийсэн засварын чинь тухай яриагаа эхэлье.
Баярлалаа, чамд болон Interior.mn сайтын уншигч нарт мэнд хүргэе. Гэрийнхээ интерьерийг модерн минимал бөгөөд маш цэмцгэр харагдуулах талаас нь ажилласан. Засварын ажил маань нэлээн ажиллагаа ихтэй болсон. Жишээ нь: хүүхдийн өрөөний ханаа цоолж, нэмэлт хаалга гаргасан. Харин гал тогооны хэсэгт багахан хана нэмж өрсөн байгаа. Манайх 77 мкв 3 өрөө байр. Заслын ажил, тавилгатайгаа нийлээд 35-н сая гаруй төгрөгийн төсөвт багтааж, ойролцоогоор 1 сар гаруй хугацаанд бүрэн дуусгасан. Тавилгын хувьд хувцасны шкаф, шүүгээ, гал тогооны тавилгаа захиалгаар, харин бусдыг нь бол худалдаж авсан. Худалдаж авсан тавилгын ихэнх нь BSB-гийн тавилга.

Гэрийнхээ засварыг өөрсдөө хийж байгаагийн давуу тал нь юу вэ?

Амьдралынхаа хэв маягт бүхнийг тохируулж хийж байгаад давуу талтай болов уу. Сүүлийн үеийн орон сууц ихэвчлэн арк, багана ихтэй баригддаг болсон доо. Энэ нь гэрийн интерьерийг бага зэрэг болхи харагдуулдаг учраас аль болох арк багануудыг нууж, цэвэрхэн харагдуулах талаас нь ажилласан. Гэхдээ нэгэнт засвар хийхээр шийдсэн бол хамгийн эхний алхам нь мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Учир нь сантехник, цахилгааны утас, цонхны байрлал гэх зэрэг янз бүрийн хүчин зүйлээс хамаарч тохижилтоо гаргах нь зөв байдаг юм. Жишээлбэл анхнаасаа байр чинь талбайг ашиггүй хуваариласан байж болно. Түүнийг яг тэр чигт нь засчихвал тийм ч онцгой болж чадахгүй. Тиймээс эргономик стандартаа бодолцож, мэргэжлийн хүнтэй ярилцаж, өөрийн зүгээс бас санаагаа тайлбарлаад засвараа хийж эхлэх нь чухал санагддаг. Ялангуяа ханаа нураах, эсвэл зарим айлууд гал тогооны өрөөгөө өөр нэг өрөө болгон тохижуулсан харагддаг. Эдгээр тохиолдлуудад мэргэжлийн дизайнер, архитектурын хүнээс зөвлөгөө авч байж шийдэх хэрэгтэй.

Зарим хүмүүс засварын ажлаас илүүтэй тавилгандаа их төсөв гаргасан гэж хариулдаг. Таны хувьд хэрхэн төсөвлөсөн бэ?
Үнэхээр зайлшгүй хуучирсан тохиолдолд сантехникийн төхөөрөмжөө иж бүрэн солих юмуу, эсвэл хана, таазаа маш сайн засварлах шаардлагатай бол мэдээж засварт их мөнгө төсөвлөгдөх байх. Манай гэрийн хувьд аль аль тэнцүү дүнтэй болсон. Байнга хүний хэрэгцээнд байж, ашиглагддаг тавилгуудаа чанартайг сонгох хэрэгтэй. Өөрсдөө эдэлж хэрэглэж байгаа учраас сөрөг нөлөөгүй, бага насны хүүхэдтэй бол элдэв хурц ирмэггүй, угааж цэвэрлэхэд амар гэх мэт шаардлагуудыг үндэслэж чанартай тавилга авах нь ухаалаг шийдвэр. Ер нь хүн амьдрах орчноо зөв сонгох нь өөртөө өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар, ногоон байгууламж гээд бүгдийг тооцоолж байршлаа сонгоод, гэрийнхээ дотоод орчныг хэв маягтаа тохируулж зөв тохижуулна гэдэг нь амьдралаас авах баяр баясал, ирээдүйн амжилтын эхлэл гэж би боддог.

Мэдээж хүүхдийн хүмүүжил, төлөвшилд өвлөгдөх үнэ цэн гэрт л үүсдэг шүү дээ. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөлдөг өнгөөр өрөөг нь тохижуулах, бүтээлчээр тоглох боломжтой орон зайг нь тэдэнд шийдэж өгөх хэрэгтэй.

Засвар хийхээр төлөвлөж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Нэгдүгээрт, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах. Хоёрт, материалаа зөв сонгох. Мэргэжлийн бус хүмүүс ихэвчлэн барилгын материалын худалдагчийн үгээр сайн гэснийг нь сонгох гээд байдаг талтай. Авсан материалууд нь эргээд хоорондоо нийцэхгүй, чанаргүй, загвар нь хуучирсан гээд эрсдэлтэй. Нэгэнт засвар хийж байгаа байрандаа удаан амьдарна, сайн засвар хийе гэж төлөвлөсөн бол зардалдаа түүртэлгүй чанартай материалыг сонгох нь эрсдэл багатай. Тиймээс засварын материал, тавилга бусад decor-уудыг ч тэр бүгдийг цогцоор нь сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм обой ашиглаж байгаа тохиолдолд ийм цавуугаар наана гэх мэт. Гуравт, эргономик стандартыг баримтлах. Манай гэрийн гэрэлтүүлэг зөвхөн нүдэн гэрэлнүүд хэрнээ тусгал маш сайтай, хүний нүд рүү шууд тусч ядраахааргүй дотогш хүнхэр байрласан. Ингэснээр стандартын дагуу болсон юм. Харин үргэлж орныхоо юмуу шүүгээнийхээ буланд хөл гараа цохиод, хэт их гэрэл эсвэл харанхуй байгаагаас үүдэн нүд чилэх гэх мэт асуудал байгаа бол эргономик стандартыг баримтлаагүй байна гэсэн үг. Нийтэд нь тайлбарлах юм бол эргономик стандартыг гоо зүйд нийцүүлж чанартай гүйцэтгэл хийх нь чухал юм.

Танай гэрт хамгийн их байдаг декор юу вэ?
Гэрийн чимэглэл гэхээс илүүтэй суурь өнгөө цагаан цайвар болгоод хөшиг, буйдан болон буйдангийн дэр, жижиг шүүгээ гэх мэтээр өнгө нэмж оруулсан. Ингэж байж хэт уйтгартай орчин болохоос сэргийлж байгаа юм. Харин кооридорын ханын хэсэгтээ нэлээн бодож байгаад донжтой “контемпорари” зураг өлгөе гэж төлөвлөж байгаа. Ямар зураг гэдгийг нь арай сонгож амжаагүй байна.

Сүүлийн үед тренд болж буй интерьерийн чиг хандлагуудаас аль нь танд таалагддаг вэ?
Ер нь минимал байх нь маш таалагддаг. Гэхдээ минимал тавилгууд өнцөг, хурц ирмэг ихтэй учраас хэт минималаас татгалзсан. Бага насны хүүхэдтэй болохоор зөөлөн эдлэл ихтэй, илүү тухтай байхыг эрхэмлэж “cozy” орчин бүрдүүлэхийг хичээсэн. Мөн гэрийн интерьерт нүдэнд харагдахгүй ч гэсэн тайвшруулж, амраах зориулалттай анхилам үнэр их чухал ач холбогдолтой санагддаг.

-Ярилцсанд баярлалаа, таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: interior.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613940
4 эможи

Зочин
2020-02-19 18:19
keyboard_arrow_up