COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эцэг эхийн хувьд хүүхэддээ заавал сургах 7 ЧАДВАР

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Хүн өөрийн амьдралын явцад олон төрлийн шалгууртай тулгарч тэдгээрийг давж гарах арга замыг олон туршлага хуримтлуулдаг. Асуудлыг давж гарах чадвар, амьдралын ухааныг бид өдөр тутмын амьдралаасаа их бага хэмжээгээр байнга олж авч байдаг. Эдгээр нь хүнд нийгмийн харилцаанд орох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдад өөрийгөө таниулах, хүрээлэн буй орчиндоо дасан зохицох зэрэг олон зүйлд хэрэг болно.

Хүний өссөн орчин, гэр бүл, соёл, нийгмийн байдал төлөвшилтөд хамгийн ихээр нөлөөлдөг. Мэдээж суурь төлөвшилтийг эцэг эхээс олж авна. Амьдрах арга ухаан, төлөвшилт бол сургуулиас сурч болох боловсрол, мөнгөөр үнэлж болох эд зүйлээс өөр. Эцэг эхчүүд үр хүүхдээ амьдрах ухаанд сургахдаа өөрт хуримтлагдсан туршлага болон өөрийн эцэг эхээс өвлөн суралцсан мэдлэг дээр үндэслэн заадаг. Бид ихэнхдээ үр хүүхэддээ амьдралын тухай юу сургаж, юуг үлгэрлэн үзүүлж байгаагаа анзаардаггүй. Гэвч үр хүүхэд маань бидний алхам тутмыг ажиглаж цаашдын амьдралынхаа жишиг болгон буулгаж авсаар байдаг. Хэрвээ та хүүхдээ ирээдүйд зөв хүн болгон төлөвшүүлэхийг хүсч байгаа бол одооноос түүнд тохиолдож буй бүх зүйлд хэрхэн хандаж байгааг ажиглан өөрийн зүгээс хэрэгтэй байж болох бүхий л дэмжлэгийг үзүүлээрэй. Дэмжлэг гэдгээр бүгдийг хүүхдийн өмнөөс хийх, шийдэх, тулган шаардахыг хэлэхгүй. Харин мэдэхгүйг зааж зөвлөн, шийдсэн шийдвэрт нь дүгнэлт хийх явдал.

Хүүхэд гэдэг өөрөө сэтгэл зүйн хувьд их эмзэг, хувирамтгай, уян зөөлөн. Тиймээс бид тэдэнтэй харьцахдаа анхааралтай байж тэдний нүдийг нээж, таниулан үр шимийг нь ажиглан суух нь эцэг эх байхын хамгийн сайхан зүйлсийн нэг биш гэж үү. Ингээд хүүхдийг амьдралд бэлтгэн эцэг эхийн хувьд сургах хэрэгтэй долоон чадварыг танилцуулъя.

  • Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар бол хүүхдэд нэн түрүүнд шаардлагатай чадваруудын нэг зайлшгүй мөн. Энэ нь хүүхдийг сэтгэл зүйн хувьд тогтвортой болгоод зогсохгүй сөрөг зүйлс тохиолдоход сэтгэл санааны бэлтгэлтэй болгодог. Аливаа асуудал тохиолдоход сэтгэл зүйн бэлтгэлгүй хүүхэд эмзэглэж хямрах, гутрах, нээлттэй бус болох шинжүүд илэрдэг.  Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг хүүхэд бухимдалгүй өөрийг нь байгаагаар нь хүлээн авдаг нээлттэй орчинд төлөвшдөг.

  • Бүтэлгүйтэл, татгалзалтай нүүр тулах

Хүний амьдралд олон удаа тохиолдож болох хүнд нөхцөлүүдийн нэг нь яах аргагүй татгалзал мөн. Харин олон давтагдаж болох зүйлсийн нэг нь бүтэлгүйтэл. Татгалзал болон бүтэлгүйтэл нь хүний амьдралд хамгийн олон тохиолдож болох зүйлс гэдгийг хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй. Магадгүй таны хүүхдэд яаж гэдэг асуулт орж ирэх байх. Үүнийг ойлгуулахын тулд та хүүхэддээ өөрийн биеэр бүтэлгүйтэл, татгалзлын тохиолдлыг үзүүлж болох юм. Таныг хараад ийм зүйл хэнд ч тохиолдож болох хэвийн зүйл гэдгийг ойлгож аваг. Хийсэн зүйл нь бүтэлгүйтээд, үе тэнгийнхэн нь түүний хүссэнээр байхгүй гунигласан, бухимдсан, эргэлзсэн үед нь тэдэнтэй ярилц. Эдгээр нь түүнийг тодорхойлохгүй гэдгийг ойлгуул.

  • Бусдын соёлыг хүлээн зөвшөөрөх, таньж мэдэх

Танд ямар л боломж олдоно, тухай бүрд нь хүүхэддээ олон орны соёлыг таниул. Олон үндэстний соёлыг сонирхож нэг хэвийн байдалд баригдалгүй амьдраг. Бусдын үнэт зүйлсийг хүндэлж, ойлгож, хүлээн зөвшөөрдөг байх нь хэчнээн зөв болохыг мэдрүүл. Хүн болгонд биеэр мэдрэх боломж олдохгүй ч ном сонин, урлаг, хоол зэргээр дамжин соёлыг мэдрэх боломжтой.

  • Бусдыг хүндлэх

Энэ чадварыг та хэзээд өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх боломжтой. Хүндлэлийг гэр дотроосоо эхлүүл. Хүүхэд эргэн тойронд нь байгаа хүндлэлийг мэдрэх болно. Үл хүндэтгэсэн хандлагыг ч тэд андахгүй. Хүндлэл нь нөгөө талаасаа хайр юм.

  • Бусадтай хуваалцах, өглөгч байх

Өөрт байгаагаа бусадтай хуваалцахын жишээг хүүхэд тоглоомоо бусадтай хуваалцахаас эхлэн мэдэрдэг. Бусдад гар сунгах нь аз жаргалтай байхын үндэс гэдгийг хүүхэд ойлгодог. Хүүхэдтэйгээ хамт бусдад тусал, сайн дурын ажил хийх, амьтан хооллох, өглөг өгөх, гэр зуурын ажлаа хамт хийх, гэрийнхэнтэйгээ амттай зүйлс хувааж идэх зэргээр амьдрах орчноос нь сайхан сэтгэл, бусадтай хуваалцахын сайхныг мэдрүүл. Өглөгч, сайхан сэтгэлтэй байх нь бусадтай дотносох хамтдаа аз жаргалыг мэдрэх боломж болохыг хүүхдэд ойлгуулснаар тэд чин сэтгэл гээч юу болохыг мэдэрнэ.

  • Уучлал гуйх

Өөрийн бурууг хүлээж уучлал гуйх нь хамгийн хэцүү. Хүн төрөлхтөн байгалиасаа аминчхан зантай. Бид өөрийн тусын тулд бусдыг мартдаг. Хүүхдийн тань хийсэн буруу үйлдэл бусдыг зовоож болно гэдгийг тэд ойлгуул. Алдаа гаргах, бүтэлгүйтэх нь байх л зүйл харин алдсаны дараа өршөөл уучлал эрэх эсэх нь бүхнийг шийддэг гэдгийг хүүхэд ойлгох хэрэгтэй. Шулуухан хэлэхэд та хүүхэддээ уучлал гуйх, өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх чадварыг төлөвшүүлээгүйгээс болж нийгэмд найз нөхөдгүй, ганц бие хүний тоо нэгээр нэмэгдэж болох юм шүү.

  • Өөрийгөө үнэлэх

Хүүхдийн зан ааш доголдох нь шалтгаантай. Тэд ядарсан, хэт их ачаалалтай, эсвэл сургууль цэцэрлэг дээр нь ямар нэг зүйл тохиолдсон байж болно. Ийм үед та хүүхэддээ өөрийгөө бодитоор үнэлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан байх хэрэгтэй. Тэд өөрсдийн хийж чадах чадахгүй зүйлс, идэх хоолны хэмжээ, амрах болсон эсэхээ мэдэрч өөрөө өөртөө анхаарах, үгүй гэж хэлэх, аливааг хэтрүүлэхгүй байх тухай ойлголттой байх нь чухал. Өөрийн чадлыг үнэлж чаддаг, мэдэрдэг хүүхэд сэтгэл зүйн ямар ч асуудалд бэлэн байдаг.

Та хүүхэддээ юуг ч заасан хайр шингэсэн, хайрлах аргаар заах хэрэгтэйг анхаараарай. Мөн сэтгэл зүйн хувьд эрүүл хүчтэй хүүхдийн эцэг эх эдгээр асуултуудыг хүүхдээсээ байнга асуудаг гэдгийг санаарай.

  1. Өнөөдөр сэтгэл санаа ямар байна даа? Юу байна?
  2. Өнөөдөр хамтдаа хийхийг хүссэн зүйл байна уу?
  3. Өнөөдөр юу тохиолдсон болоод чи ийм гунигтай/жаргалтай байна вэ?
  4. Хэлэх зүйл байна уу?
  5. Хүссэн зүйл байна уу?
Эх сурвалж: amazingnews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612588
1 эможи

Зочин
2020-01-14 16:26
keyboard_arrow_up