COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХАРВАРДЫН их сургуульд 100 хувийн тэтгэлэгт ТЭНЦСЭН монгол ОХИДЫН ЗӨВЛӨГӨӨ

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

2009 оноос хойш гадны их, дээд сургуулиудад сурах Монгол залуучуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад дэлхийн шилдэг гэсэн тодотголтой Харвард, Кембридж, Оксфорд, Эм Ай Ти гэх зэрэг их сургуулиудуудад сурах хүсэл тэмүүлэлтэй залуус их болсон. Эдгээр сургуулиудад амжилттай өргөдөл гаргасан, мөн татгалзсан хариу авсан нэлээдгүй залуучууд бий.

Тиймээс “Тусгай хүмүүс” л сурдаг байх гэсэн хязгаарлагдмал бодлоо хаяад зоригтойгоор хөдлөн өөрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаасай гэсэн үүднээс тус сургуулиуд руу өргөдөл гаргахад анхаарууштай хэдэн зүйлийг жагсаан бичихийг зорилоо.

ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

Юуны түрүүнд дараах хоёр ойлголтыг энгийнээр тайлбарлахыг хичээе.

А. Өргөдөл (Application)-д таны сурлагын үзүүлэлт буюу дүн, хичээлээс гадуурх нийгмийн оролцоо, уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтууд, хэлний оноо гэх мэт зүйлс бичигддэг. Энэ нь нийгмийн талаас дүгнэсэн үзүүлэлтүүд юм.

Б. Эссе (Essay)-ний хувьд ТА яагаад манай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна? Шалтгаан нь юу вэ? Мөн яагаад бид таныг сонгох хэрэгтэй вэ? гэдэг асуултуудад хариулт өгөх хэрэгтэй болдог. Нэг ёсондоо “хэн бэ?” гэдгийг тань хувь хүн талаас дүгнэж байгаа юм.

Тэгэхээр “Өргөдөл” нь ерөнхийдөө өнгөрснөөс одоог хүртэл “Хийж бүтээсэн зүйлсийг” тань илтгэж байгаа бол, “Эссе”  нь “Энэ хүн сурахад бэлэн байна уу?” гэдгээрээ ялгаатай.

Гол асуудал нь юу вэ гэхээр?

Таны эссе, өргөдөл хоёр хоорондоо зөрчилдөж буйд байна.
Тухайлбал:
…Харвард бол миний мөрөөдлийн сургууль.
…Залуудаа аав маань MIT-д инжерийн чиглэлээр сурахыг маш их хүсдэг байсан учраас би өргөдөл гаргахаар шийдсэн гэх мэт.
Эдгээр санааг сайн зураглал байдлаар өөрийн эссен дээрээ гаргаж ирээд бичсэн байлаа гэж бодье.
Тухайн тэтгэлэгт хөтөлбөр дээр ажиллаж буй элсэлтийн хорооны хүмүүс таны эссэг үнэлээд бичсэн ‘Өргөдөл’-ийг тань үзтэл мөрөөдөлдөө таарсан хичээл зүтгэлийг бодит амьдрал дээр гаргаагүй байвал тэр нь хамгийн урам хугалмаар зүйл байдаг. Энэ өргөдөл гаргагч тийм л багаасаа Харвардад сурахыг хүсдэг байсан бол яагаад үүндээ таарсан үйлдлийг амьдралдаа хийсэнгүй вэ? гэх мэт логик асуултууд тавигдаж эхлэх болно.

Энэ сул талыг хэрхэн шийдэж, тэтгэлэг авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр  монгол охидын зөвлөгөөг хүргье.

Харвардын их сургуульд 100 хувийн  тэтгэлэгтэйгээр   суралцах болсон  монгол охин Амгаланбаатарын Жавхлангийн туршлагаас

  1. Өмнө нь би орос хэлний сургалттай сургуульд явдаг байсан болохоор англи хэлний дундаж түвшинтэй байсан. Харин 10 дугаар ангиасаа англи хэлээ эрчимтэй гүнзгийрүүлэн судалж, SAT-ын 1570, TOEFL-ийн 110 оноогоо авсан. Хэлээ сайжруулж, эдгээр оноогоо авахын тулд өдөр бүр номын санд 8, 9 цаг суудаг байсан.
  2. Харвардад 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцссан У.Билгүүн ахын ном унших хэрэгтэй гэсэн зөвлөгөөг дагаж, Харри Поттероос номоо эхлүүлсэн. Улмаар дэлхийн сонгодог зохиолууд руу орж, Толстой, Жейн Остон, Виктор Хюго, Карл Саган, Чарльз Диккенсийн алдартай зохиолуудыг англиар уншиж дуусгасан. Унших дадал хэлний суурийг тархинд цэгцтэйгээр тавихад тусалдаг шүү.
  3. Би үг цээжлэх маш дуртай. Үгээ цээжлэхийн тулд флаш карт хийх арга сонгосон. Одоо миний цүнхэнд бараг 10 мянган үг бичсэн цаас бий. Мөн үг болгоныг амьд мэтээр, өөрийнхөө найз мэтээр сэтгэж, үсэгнүүдийг толгойдоо дүр төрхтэйгээр буулгахын сацуу тухайн үгийнхээ гарал үүслийг ч судалдаг.
  4. Сонсголоо сайжруулахын тулд баримтат кино, BBC-гийн мэдээ, англи хэлээр подкастууд сонсдог байсан.
  5. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг эртнээс олоорой. Түүнийгээ тууштай хийж, хүсэл мөрөөдлөө болгосноор амжилтанд хүрч чадна. Дуртай зүйлээ олохын тулд олон зүйл туршиж үз, өөрийгөө ямагт хөгжүүлээрэй. Миний хувьд хэл сурах үйл явц тэр чигтээ аз жаргал байсан.
  6. Гадаадын их сургуульд элсэхэд тодорхойлох захидлууд чухал ач холбогдолтой. Миний тодорхойлох захидалд “Шилдэг” сургуулийн багш нар маань онцгойлон анхаарч, бичиж өгсөн. Тиймээс багш нартайгаа ойр дотно харилцаатай байж, өөрийнхөө зорилгоо сайтар ойлгуулаарай.
  7. Хичээлээс гадуур би хүний наймааны эсрэг ЭКПАТ Монгол ТББ-д сайн дурын ажил хийж, энэ байгууллагынхаа харъяа Өсвөр үеийнхний хөгжлийн төвд англи хэлний хичээл заадаг байсан. Мөн Томүжин академид SAT программыг, хувиараа “Нэг алхам” нэртэй төсөл санаачилж, 84-р сургуулийн 12 дугаар ангийн хоёр, гурван хүүхдэд хэл яаж сурах, TOEFL, SAT-д хэрхэн бэлдэх талаар хоёр сар хичээл заасан.
  8. Харвардад тэнцэхэд эсээ маань гол үүрэг гүйцэтгэсэн болов уу. Эсээнийхээ санааг олохын тулд бүтэн зун, намрыг бараг зарцуулсан. Ингээд эцэст нь эмээгийнхээ амьдарч байсан хашаанд өнгөрүүлсэн дурсамж, аав ээжийнхээ боловсролыг чухалчихдаг үзэл бодол, бие дааж хэлээ сайжруулсан тухайгаа бичсэн. Миний хэл сурсан түүх Харвардынхны анхаарлыг татсан байх.

Харвард, Стэнфордын тэтгэлэгт тэнцсэн Ч.Эгшиглэнгийн зөвлөгөө

 Тэрбээр ахлах анги хүртлээ Хобби сургуульд сурч, Австрали улсын Канбэрра хотод дунд сургуулиа төгссөн байна. Өдгөө Харвард, Стэнфордын их сургуулиудад  тэнцээд буй юм. Ирээдүйд мэдлэг, чадвартай боловсон хүчин болоод эх орондоо хувь нэмрээ оруулах зорилготой  Ч.Эгшиглэн гадаадын шилдэг их дээд сургуульд  хэрхэн тэнцэж, суралцах тухай  хувийн туршлагаас

  1. Харвардын их сургууль нь эдийн засаг, улс төр гэх мэт хүмүүнлэгийн ухааны судлалаар давамгайлдаг бол Стэнфордын их сургууль шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр нь илүү байдаг.
  2. Ямар ч зорилгoд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хэцүү бүхнийг даван туулах тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Өөртөө итгэл алдарч, бууж өгөх үедээ  өөрийнхөө төлөө биш, эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байна гэж бод.
  3. 3. Үргэлж шинийг сурч, илүүг бүтээх эрмэлзэлтэй байгаарай. Нийгмийн идэвх, хичээлээс гаднах амжилтуудыг Америкийн их дээд сургуулиуд үнэлдэг.  Хичээлээс гадна клуб, олон нийтийн үйл ажиллагаа, дугуйланд оролцох хэрэгтэй.
  4. SAT-ын ерөнхий шалгалт өгөхөөр шийдсэн бол эртнээс бэлдэж эхлэх нь чухал. Энэ нь маш том шалгалт  тул бичих, унших, тоо бодох зэрэг олон чадвар сорьдог.
  5. SAT, ТОEFL, IELTS гээд ямар ч шалгалтанд бэлдэхэд дасгал тест ашиглаж давтах нь их үр дүнтэй. Долоо хоногт 2-3 цаг сууж дасгал тест ажиллахыг зөвлөж байна.
  6. Англи хэлээр унших бичих чадвараа сайжруулхад уран зохиолын ном англиар нь унших их үр дүнтэй. Онлайнаар хайвал олон ном үнэгүй олддог.
  7. Чөлөөт цагаа дэмий үрэхгүй байх. Дуу хөгжим, спорт, уран зураг гээд өөрийн хүссэн ямар ч сонирхлоо дагаж болно. Гол нь түүндээ тууштай оролцож,  авьяас чадвааа дээшлүүлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаарай.
  8. АНУ-ын шилдэг их дээд сургуульд өргөдөл явуулахдаа 2-3 эссе бичих шаардлагатай байдаг.  Эссэг бичихдээ өөрийгөө яг ямар хүн болохоо таниулах зорилгоор бичих нь чухал.  Чамтай өрсөлдөж байгаа 40 мянга гаруй сурагчдаас юугаараа онцгойрч чадахаа сайн бодож түүнийгээ эссэндээ тусгаж бичих хэрэгтэй.
  9. Сайн эссэ бичихийн тулд их дээд сургуулиудад тэнцсэн сурагчдын бичсэн эссэг олж уншаарай.
  10. Харвард, Стэнфорд гэх мэт их сургуулиудад суралцсанаар чанартай боловсрол эзэмшихээс гадна олон улс орны оюутнуудтай цуг сурч, хамт амьдарч  шинэ хэл, соёлтой танилцаж ирээдүйн хүрээллээ өргөтгөх боломжтой.
  11.  АНУ-ын шилдэг их сургуулиуд тэнцсэн оюутнууддаа санхүүгийн туслалцааг харамгүй үзүүлдэг.  Жишээлбэл, Харвардын их сургууль нь жилд 65 мянган ам доллароос бага орлоготой гэр бүлүүдэд 100% тэтгэлэг олгодог.
  12. Тэтгэлэгт хамрагдахын тулд “CSS Profile” болон “IDOC Packet” гэдэг хоёр материал бүрдүүлж баталгаажуулах шаардлагатай. Үүнд өрхийн орлого, зарлага, мөн гэр бүлийнхээ хадгаламжийн талаарх мэдээллийг тайлагнах хэрэгтэй.
  13. ЕБС-ийн сурагчид Зориг сангаас зохион байгуулдаг “MYSP” буюу “Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөрт оролцоорой гэж зөвлөе.Энэ нь АНУ-ын их сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг бэлтгэх зорилготой долоо хоногийн сургалт юм.
  14. Эцэст нь зөвлөхөд, өөртөө итгэлтэй байгаарай. Чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдсон ч “чаддаг болъё, мэддэг болъё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ гэдгийг байнга санах хэрэгтэй.
Эх сурвалж: eyreg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
59
haha an post
1
wow an post
4
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
609213
108 эможи

Зочин
2019-10-14 13:16
Yaduuchuudad durgui bolohoor yaduugaa toochoogui n deer
Зочин
2019-10-13 22:40
Зочин
2019-10-13 16:34
keyboard_arrow_up