7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 27, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

админ
2019 оны 6 сарын 09

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

Эрүүл биеийн үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд хөгжингүй орнуудын судлаачид судалгааныхаа сэдвийг энэ чиглэлд хэлбийлгэх нь элбэг байдаг. Ялангуяа оройн хоолны ач холбогдлыг гэр бүл судлаачид ихэд чухалчилдаг. Ширээ тойрон суугаад дотно яриа өрнүүлэн идсэн оройн хоол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, нэг төрлийн эмчилгээ болдог болохыг тэд хэдийнэ баталчихаад, өдгөө залуу гэр бүлд ухуулж суугаа. Тэгвэл тун удахгүй эмч нар ч бас энэ зөвлөгөөг амны уншлага болгох нь. Учир нь Нью-Жэрсигийн их сургуулийн судлаачид оройн хоолоо гэр бүлийнхэн, ойр дотно хүмүүсийн хамт ширээ тойрон суугаад идэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг саяхан баталжээ.

Харамсалтай нь стресс, элдэв халдварт өвчин гэх аюул дагуулсан өнөөх суурин иргэншил, технологийн хөгжил дэвшил гэр бүлийн уламжлалыг хэдийнэ эвджээ. Америкчуудын 40 хувь нь ширээний ард хамтаа хооллох эерэг зуршлаа гээсэн болохыг судлаачид тогтоожээ.

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

Хэмнэл нь улам хурдасч буй суурин иргэншил хүмүүсийн амьдралын хэв маягийг галынхаа өрөөнд биш, зоогийн газруудад хооллох, тэр ч байтугай түргэн хоолны газраас оройн хоолоо худалдан авах хүртэл өөрчилж дөнгөжээ. Үр дүнд нь амин дэм, эрдэс бага, давс, өөх тос, илчлэг ихтэй чанар муутай хоолоор гэдсээ дүүргэсэн XXI зууны иргэд хэт таргалалтад дээрэлхүүлж, түүнээс үүдэлтэй зүрх судасны болон хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин хүн төрөлхтнийг түгшээх боллоо.

Тиймээс л өлсгөлөнд нэрвэгдсэн өрөвдмөөр байдалд ороогүй хэрнээ тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олширч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх цоо шинэ үйлдвэрлэлийн салбар эрчээ авах болсон байна.

Нью-Жэрсигийн их сургуулийн эрдэмтдийн баг 68 гэр бүлд судалгаа хийн оройн хоолны үеэр гэр бүлийн байдлыг гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон биеийн жин, хоол хүнснээсээ тэжээл хангалттай авч байгаа эсэхтэй харьцуулан судалжээ. Харин судалгаа нь хачирхалтай үр дүн харуулсан байна. Тэдний ажиглалтаар оройн хоолны хэв маяг зөв эсэхээс хүүхдүүдийн хэт таргалалт шууд хамааралтай болох нь нотлогджээ. Гэр бүлийн элгэмсүү оройн хоол хүүхдүүдийг хүнсэндээ жимс, ногоо, кальци, амин дэмээр баялаг зүйлс түлхүү хэрэглэдэг эрүүл хэв маягт хэвшүүлдэг байна.

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

Гэр бүлийн оройн хоолны талаарх дараагийн судалгаа таныг бүр ч илүүтэй гайхашруулах нь лавтай. Колумбын их сургуулийн судалгааны багийнхан гэр бүлийнхний найрсаг байдал, оройн хоолоо хамтдаа иддэг хэв маяг өсвөр наснынхныг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх гэх мэт хорт зуршлаас хол байлгаж дөнгөдөг ид шидтэй болохыг баталжээ. Эрдэмтэд 12-17 насны 1055 өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдийн дундаас 456 хүнтэй цахим сүлжээ ашиглан ярилцлага хийсний дүнд эл дүгнэлтийг хийсэн байна. Ярилцлагынхаа явцад тэд долоо хоногт гурав хүртэлх удаа гэр бүлийнхний хамт оройн хоолоо иддэг охид хөвгүүд долоо хоногт таваас доошгүй удаа халуун ам бүлээрээ хоолны ширээний ард суудаг хүүхдүүдээс тамхи, архи хэрэглэх муу зуршилд автах нь 1.5 дахин илүү байгааг тогтоосон аж. Хоол хорт зуршилтай хэрхэн холбогдож байна вэ хэмээн та гайхаж байна уу? Үнэндээ энэ нь өнөөх гэр бүлийн дотно уур амьсгалтай шууд холбоотой аж. Оройн хоолоо цуг иддэг гэр бүлүүд илүү дотно, дулаан уур амьсгалтай болж, гэр бүлийн гишүүд нээлттэй, илэн далангуй харилцаатай байдаг нь энэ илбэ шидийн гол түлхүүр гэнэ. Үнэхээр ч судалгаанд оролцогч өсвөр насныхны хариулснаар үдийн зоогоо хоолны ширээний ард тухлан, өдрийн адал явдлынхаа тухай хүүрнэн ярилцдаг хүүхдүүд оройн хоолыг хүссэн үедээ дуртай газраа хүртчихдэг өсвөр наснынхнаас гурав дахин илүү аавтайгаа нээлттэй харилцаатай байдаг гэнэ. Ээждээ итгэх байдал ч мөн л ийм дүн үзүүлсэн байх юм. Аав ээжтэйгээ зэрэгцэн суугаад хооллодог өсвөр насныхны олонх нь буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллодоггүй хүүхдүүдээс хоёр дахин олон хүүхэд “Аав, ээж хоёр маань сайн сонсогч. Тиймээс тэдэнд өөрт тохиолдсон элдэв асуудлууд, бэрхшээлийг илэн далангуй хэлж, ярилцдаг” гэж хариулсан байна.

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

Түүнчлэн болзоонд дуртай аав, ээжүүдийн хүүхдүүд пицца, бургер гэх мэт тэжээллэг багатай чанаргүй хоолоор гэдсээ дүүргэх нь түгээмэл. Түргэн хоол идэхдээ тоглож, зурагт үзэж байх үздэг нь ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Одоогоор нарийн судалгаа хийж дуусаагүй байгаа ч, хооллох тав тухтай нөхцөл бүрдүүлж, ширээний ард хооллох нь хоолондоо анхаарал төвлөрүүлэн, хоол боловсруулах эрхтнийг бэлдэж, хоолны шингэцийг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Танд болзоогоо түр хойшлуулан хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, гэр бүлийнхний тань харилцааг нээлттэй, дотно болгох ач тустай оройн хоолоо өөрөө бэлдэхийг зөвлөе. Барууны орнуудад хоолны ширээг чухалчилдаг нь ч үүнтэй холбоотой. Гоё чамин, тансаг, үнэтэй байх нь чухал биш. Хоолны ширээ гэдэг гэр бүлийнхний тань харилцаа болон хоол боловсруулах эрхтний урьдчилан сэргийлэх тарилга болохыг эрдэмтэд сануулж байна. Тиймээс хоолны ширээ гэх чухал бүтээгдэхүүнийг тавилгынхаа тооноос хасчихсан эзэгтэй нар маань дэлгүүр рүү яарах хэрэгтэй боллоо.

Оройн хоолоо хамт идэх нь эрүүл мэндэд тустай

Харин дараа нь ажлын цагаа зохицуулах томоохон асуудлыг зохицуулаарай. Олон нийтийн цахим сүлжээний “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг ямар ч ажилтай байсан 17.30 цагт ажлын байраа орхих хэв маягийг бүсгүйчүүдэд уриалж буй.

Хүчирхэг, ажил хэрэгч эл эмэгтэй энэ шинэ хэв маягаа сурталчилсан бичлэг хийлгэж, нийтэд тарааж буй. Тэрбээр энэ тухайгаа “Би өдөр бүр ажлаасаа 17.30 цагт гардаг. Тэгснээр оройн хоолоо 18.00 цагт хүүхдүүдтэйгээ хамт идэх боломжтой болдог юм. Сонирхолтой нь би хүүхэдтэй болсныхоо дараа л амьдралын зөв хэв маяг гэж ямар чухал болохыг ухаарч ийм шийдвэр гаргасан” гэжээ.

Тэрбээр олон нийтийг уриалсан бичлэгтээ “Бид яагаад ажлаа гэр бүлээсээ илүү дээгүүр тавьдаг юм бэ? Ажлаа алдахаас айсандаа тэр үү? Эсвэл өөрийнхөө ямар чадварлаг болохыг батлах гэсэн хэрэг үү? Бусдыг дуурайсандаа л тэгдэг юм болов уу? Нөгөө талаас нь харвал бид асрагч нарт хүүхдүүдээ хооллох ажлаа даатгахыг үнэхээр хүсдэг гэж үү? Тэгээд гэрийнхээ хаалгаар нойрсож буй бяцхан үрийнхээ хацран дээр үнсэх гэж л ордог хэрэг үү?” хэмээжээ.

“Facebook”-ийн гүйцэтгэх захирлын эл уриалга тун удахгүй дэлхийн олон орнуудад хэрэгжих нь гарцаагүй. Анхдагчдын нэг нь яагаад та байж болохгүй гэж.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604538
0 эможи

keyboard_arrow_up