COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 5: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

2020 оны 7 сарын 09

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia  Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. АЛТАЙ ТАВАН БОГД

Arslan.mn

Манай оронд Таван Богд, Цамбагарав, Мөнххайрхан, Сутайхайрхан, Хархирааны цагаан дэглий зэрэг 5 оргил байдаг ба эдгээрийг нийтэд нь Монгол Алтайн Таван Богд гэж нэрлэдэг. 
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг. Хүйтэний оргил нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшинээс дээш 4374 метр. 

2. АЛТАН ХӨХИЙ

Arslan.mn

Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм.
Дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж бараг хэлж болох сайхан хайрхан.
Анх Н. Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2004 оны 3дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот зарлиг гаргаж энэ хайрханыг төрийн тахилгатай болгожээ.

3. ХӨГНӨ ХАН

Arslan.mnЭлсэн тасархайн зүүн хойд талд Хөгнө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана. Булган аймгын Гурванбулаг Рашаант сумын нутагт орших сүрдэм хайрханы нэрний үүсэл олоон жилийн өмнө, Халхууд Манжид дагаар орох тэр үед болжээ. 
Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв. 
Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ. 
Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.
Өглөөний ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагджээ.Тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ. 
Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ. 
Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.
Ойрдын цэргүүд лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.
Хөгнө Хан уулнаас хамаагүй юм түүж мод огтолж болдоггүй догшин хайрхан гэж нутгийнхан ярьдаг.
Бас орой тагт дээрээ жижиг нууртай, нууранд нь алтан загас байдаг гэсэн домог яриа бий.

4.ТҮРГЭНИЙ УУЛС

Arslan.mn

Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг.
Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул 4037метр /далайн төвшнөөс дээш/, Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул 3965 метр /далайн төвшнөөс дээш/ юм. 
Хархираа Түргэний уулс нь Хархираагийн даваа гэсэн хөтлөөр хоорондоо тусгаарлагддаг байна. 
Хархираа, Түргэний уулсад мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд Монгол орны уулсын мөнх цас, мөстөлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг ажээ. Олон нуурын хөндий гэж Хархираа, Түргэний уулсын дунд орших байгалийн үзэсгэлэн тэгширсэн, эргэн тойрон цаст уулсаар хүрээлэгдсэн тэгш тал газар бий. 
Уг хөндийд олон жижиг нууртай бөгөөд уулын хадархаг хэсгээр Монголд ховор вансэмбэрүү цэцэг ургадаг. 

5.ХОРЬДОЛ САРЬДАГ

Arslan.mn

Хорьдол сарьдаг түмэн өнгөөр хувилах буман уулсын дундаас мөнх цасан дуулгаа мөнгөрүүлэн шовх тэргүүнээ огторгуй өөд өргөн, ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйяа цаатны бяцхан урц бэлийг нь бараадан торойх нь ханхар эцгийнхээ өвөрт хоргодсон хүүхдийг санагдуулна.

6.УРАН УУЛЫН ТОГОО

Arslan.mnУран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. 
Уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Уран уул нь далайн төвшнөөс дээш 1686 метр өндөрт оршдог бөгөөд орой хэсэгтээ 50-60 метр гүн галт уулаас үүссэн тогоотой юм. 
Тогоон дотор дугуй хэлбэрийн нуур тогтсон ба нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. 
Үржил шимт эл уул нь хар шороон хөрстэй тул хээрийн ба ойт хээрийн ургамал ихээхэн ургадаг байна. Тухайлбал, Шинэсэн ой голлож, улиас, улиангар, хус ургана. Мөн цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, далан түрүү, үхэр гоньд, хунчир зэрэг олон төрлийн эмийн ургамал ургадаг.
Уран уулыг 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтад авчээ.

7.ИХ ГАЗРЫН ЧУЛУУ

Arslan.mn

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм.
Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. 
Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг.

8.ХЭРМЭН ЦАВ

Arslan.mnӨмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай өвөрмөц тогтоцтой мөргөцөгийг Хэрмэн цав гэнэ. 
Хэрмэн цав нь нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болсон бөгөөд огт усгүй, хүн амьдардаггүй, үлэг гүрвэлийн олдвороор баялаг нутаг юм. 

9. ХАЛХ ГОЛ

Arslan.mn

10.АЛТАН ОВОО

Arslan.mnМонголын эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. 
Далайн түвшнөөс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул бөгөөд түүний илэрхийлэл болсон хүрмэн чулуу элбэгтэй.
Алтан овоо уулыг 1700-гаад оны үеэс нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгож, нэг хэсэг завсардаж байгаад 1990 оноос дахин сэргэж, 1998 онд улсын хамгаалалтанд орсон юм. 
Алтан-Овоонд бүсгүй хүн гарахыг цээрлэдэг бөгөөд бэлийг нь тойрон гороолж, хүслээ даатгадаг ёсон бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603083
33 эможи

keyboard_arrow_up