COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд таныг зөвхөн ойр дотнынхон чинь хүрээлдэггүй

2019 оны 2 сарын 11

Бид Faceboook, Twitter, Instagram, Linked-In, YouTube, and Google+  гэх мэт нийгмийн сүлжээнд олон цагийг өнгөрүүлэх болов. Ингэснээр мэдээллийг шуурхай авах гэх мэт олон давуу талтай. Энэ хандлагыг соргогоор ажигласан банкууд бүгд аппликэйшнтэй болж, цахим, дижитал банк гэх мэтээр шинэ үйлчилгээгээ нэрлэв. Хэрэглэгчид банкны аппликэйшнийг гар утсандаа татсанаар харилцаа холбооны хэрэгсэл, зургийн аппаратын үүргийг ядах юмгүй гүйцэтгэж буй гар утас бидний цахим хэтэвч болж, бид дансаа алсаас удирдаж байна. Сар бүр тогтмол хийдэг төлбөрийг таны өмнөөс програм хангамж шилжүүлэх гэх мэтээр хэрэглээг улам хялбаршуулж байгаа тул иргэд түрүүвч цүнхлэх шаардлага улам буурсаар.

Гэвч сайны хажуугаар саар зүйл байдгийн адил цахим банкны хэрэглээ өсөх хэрээр ЭРСДЭЛ ч дагаад өслөө. Ямар эрсдэл байдаг билээ гэж үү? 

Иргэд хувийн мэдээллээ гэмт хэрэгтнүүд, хакеруудаас хамгаалж чадахгүй байгаагаас бусдад дансандаа нэвтрэх эрхийг найр тавин олгосоор байна. Банкууд гэх мэт санхүүгийн байгууллагаас мэдээлэл авах хэцүү, олон давхар хамгаалалттай тул гэмт хэрэгтнүүд иргэдийг онилох болжээ. Ингэхдээ таны олон нийтийн сүлжээнд байршуулж буй мэдээллийг анхааралтай ажиглан, бай нь мөн эсэхийг судалдаг.  Тэгвэл яаж, ямар аргаар өөрийгөө болон хувийн мэдээллээ тэднээс хамгаалах вэ?

  • Гэнэтийн төлбөр, таны хувийн мэдээлэл зэргийг асуусан хүсэлтэд хариу өгөхгүй байх хэрэгтэй.
  • Хамгийн түрүүнд та ашиглаж буй цахим сүлжээнийхээ аюулгүй байдлын тохиргоог шалгаарай. Аль болох нууцлал өндөртэй байхаар тохируулах нь зөв. Хэн таны сэтгэгдэл, зургийг үзэх боломжтойг бодолцон, тохируулаарай.
  • Мэдээлэл оруулах бүртээ өөрийн болон бусдын ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ашиглахгүй байх хэрэгтэй.  
  • Зарим хүн пост оруулах бүртээ хаана байгаагаа мэдэгдэн, байршлаа заадаг. Check-in тохиргоог хэзээ ашиглах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.
  • Аяллын болон ажлын төлөвлөгөөгөө урьдчилан нийтлэхгүй байхыг зөвлөж байна. Хаашаа, хэзээ, хэнтэй явах, ямар хугацаагаар аялахаа ойр дотны хүндээ л хэлэх нь зөв. 
  • Интернет кафе, зочид буудлын нийтийн компьютерийг аль болох хэрэглэхээс татгалзаарай. Зайлшгүй шаардлага гарч, ашигласан бол эрхээсээ заавал гарч (log out) хийж хэвшээрэй.
  • Төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ ил тавьж болохгүй.
  • Мөн та ашиглаж буй төхөөрөмждөө вирусийн эсрэг програм заавал суулгасан байх, тэр програм ажиллаж байгаа эсэхийг хянадаг байх хэрэгтэй.

Олон нийтийн сүлжээнд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэлээ. Харин одоо төлбөр тооцооны аппликэйшнийг яаж илүү үр дүнтэй хэрэглэх талаар зөвлөе.

  • Аппликэйшнээр гүйлгээ хийсний дараа дансныхаа орлого, зарлага гэх мэт гүйлгээний урсгалаа тогтмол шалга.
  • Хэрвээ ямар нэг сэжигтэй, алдаатай байвал цаг алдалгүй банканд хандана.  
  • Утасныхаа үйлдлийн систем, аппликэйшнээ цаг тухайд нь шинэчилж, үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтийг тухай бүрт нь хийж бай.
  • Зөвхөн баталгаатай эх сурвалжаас апп татаж суулга.
  • Шинэ апп суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг шалган, тухайн аппликэйшныг суулгаснаар хувийн мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаар.
  • Задгай, олон нийтийн WIFI сүлжээ ашиглахдаа болгоомжлох. Учир нь таны бүх мэдээлэл WIFI цацсан этгээдээр дамждаг. Нийтийн сүлжээ хэрэглэсэн бол хэрэглэгчийн нэр, нууц үгийг санах хэсгийг хүчингүй болгон, хандалтын түүхийг устгах хэрэгтэй.
  • Шаардлагагүй үед ‘Bluetooth’ тохиргоог унтраа.

Олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ бид цахим хаягаа давхар бүртгүүлдэг тул бидний мэйл хаягийг олж авах амархан болов. Тан руу төрөл бүрийн мэйл илгээн, хувийн мэдээллийг тань олж авах оролдлого одоо ч үргэлжилсээр байна. Иймд дараах зөвлөгөөг хүргэе.  

  • Гүйлгээ хийсэн, мөнгө хүлээн авсан, нууц үг сольсон талаарх мэйлийг уншсан даруйд устгаж бай.
  • Банк, хууль сахиулах байгууллага хэзээ ч таны дансны мэдээлэл эсхүл өөр данс руу мөнгө шилжүүлэх талаар танаас утсаар болон и-мэйлээр урьдчилан асуухгүй.
  • Шагнал, сугалаанд хожлоо зэргээр их хэмжээний бэлэн мөнгө амласан сэжиг бүхий и-мэйлд битгий хариулаарай. Мөн тэр хаягийг бүр мөсөн хаахыг (Block, Block sender) санал болгож байна.  
  • Танихгүй, сэжигтэй этгээдэд мэйл хаягаа өгөхгүй, олон нийтийн вебсайтад хаягаараа бүртгүүлэхгүй байх нь зөв.
  • Цахим шуудан илгээгч хуурамч биш эсэхийг нягтлахад илүүдэхгүй. Тантай байнга харилцдаг хаягны нэг л үсгийг өөрчлөн, мэйл явуулахад анзаараагүй тохиолдол их. Ялангуяа мөнгө гуйвуулах хүсэлт илгээсэн бол маш анхааралтай байх ёстой.  
  • Спам буюу хуурамч и-мэйл хүлээж авсан бол битгий нээ. Илгээгч найдвартай эсэхийг баталгаажуулах боломжгүй бол ямар нэгэн хариу үйлдэл, “unsubscribe” хийхгүй байх.

Хуурамч и-мэйл дараах шинжтэй:

  • Илгээгчийг тодорхойлох мэдээлэл байхгүй, хаяг, нэр, дугаар дутуу,
  • Нийтлэг мэндчилгээ, үг ашигласан, таны нэрийг дурдалгүй “Хүндэт хэрэглэгч танаа” гэж эхэлсэн,
  • Танихгүй хүн болон байгууллага агентлагаас илгээсэн,
  • Үг, өгүүлбэр, найруулгын алдаатай,
  • “Энд дарна уу”, “Дэлгэрэнгүйг эндээс” гэх мэтээр холбоос буюу өөр хуудас руу шилжих хэсэг агуулсан,
  • Яаралтай мэдээллээ өөрчлөхийг сануулах, мөнгө шилжүүлүүлэх, мэдээлэл авах авах зорилго агуулсан.
  • Танд их хэмжээний бэлэн мөнгө санал болгосон,
  • Спам/spam/ болон Junk мэйл гэж тодорхойлсон.

Төгсгөлд нь хэлэхэд цахим халдлага, цахим луйвар үйлддэг гэмт хэрэгтнүүд танаас ямагт нэг алхам өмнө явааг битгий мартаарай.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600077
0 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up