COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зовлонгоо бусдад бүү тооч

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Хүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой. Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй. Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг “зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах атал тэр хүний дотоод сэтгэлийн амар амгаланг үл мэдрэх. Учиргүй баян нэгнийг “жаргаж байна даа” хэмээн битүүхэн атаархаж харах атал түүний дотоод сэтгэлийн айдас түгшүүрийг бид үл мэдрэх. Ингээд харах ахул бид алив зүйлийг хэрхэн үнэлж, хэрхэн ойлгож байгаагаас шалтгаалж зовлон хэмээгч оршиж буй мэт. Бүх л зүйл юмс хоёр талтай байдаг лугаа, бидний амьдралд жаргал зовлон ээлжлэн оршиж байдаг аж. Нѳгѳѳ талаас нь бодох ахул хүний дотоод сэтгэл дэх зовлон нь жаргалаа тодотгож, жаргал нь бас зовлонгоо оршоож явах аж.

Хүмүүс ѳѳрийн зовлонгоо дотно хүндээ л учирлаж, сэтгэлээ хуваалцдаг. Ингэж ярьснаараа сэтгэлийн доторхи буглаасаа гадагшлуулан тайвширдаг нэгэн байхад, сэтгэлийн гүн рүүгаа шингээж ѳѳрѳѳ ѳѳртэйгээ хүүрнэн аргадаж тайвширдаг нэгэн байна. Ѳѳрийн зовлонгоо хэнд ч хамаагүй зарлаж, бусдад түгээж явдаг хүмүүс байдаг. Бусдын зовлонгийн тухай огт эргэцүүлэхгүйгээр зѳвхѳн ѳѳрийн зовлонгоо л тоочиж, бусдаар ѳрѳвдүүлэх гэж боддогийнх байх л даа. Цахим орон зай хѳгжсѳн ѳнѳѳ цагт ѳѳрийн зовлон гэж бодсон бүхнээ олон нийтэд дэлгэн, бусдад түгээж хуваалцахыг хүсэгчид олширч байна даа. Заримдаа энэ нь цахим орон зайн хэрүүлийн шалтгаан болох нь бий. “Чи наад асуудлаа ѳѳрѳѳ шийд л дээ” хэмээн уцаарласан нэгнийг “бусдын зовлонг ойлгодоггүй, хүн чанаргүй” хэмээн ѳмнѳѳс нь харааж зүхэгсэд гарч ирнэ. Хийх ажилгүй, их л завтай хүмүүс мэт. Ийм байдал хэт даамжраад ирэхээрээ л бусдад зовлон болон хувирна, халдварт ѳвчин мэт.

Уг нь байна шүү дээ, чиний тоочиж буй зовлон хүн бүрт л байгаа. Хүн хүнд оногдсон үйл болохоор ѳѳрѳѳ л эдлэх учиртай. Бас ѳѳрийн зовлонгоо ѳѳрѳѳ л шийднэ, ѳмнѳѳс тань хэн ч шийдэхгүй. Энэ ертѳнцѳд эдгэшгүй ѳвчин, эргэж ирэхгүй үхэл хоёр л хамгийн хэцүү зовлон. Энэ үед хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжин, сэтгэлийг нь түшдэг. Бусад нь тийм ч хэцүү биш ээ. Зовлон заримдаа хэн нэгнийг шалгах гэж ирдэг байж болох. Зовлон бас хэн нэгнийг хатуужуулах гэж ирдэг байж болох. Зовлон хааяадаа хэн нэгнийг зоригжуулах гэж ирдэг байж болох. Зовлонг ѳѳрийн боломжоо шавхан байж давж гарсан тохиол бүр нь чамайг ухааруулж, чамайг хүчирхэг болгодог. Тэгэхээр заавал бусдад түгээж, аврал эрэх хэрэггүй дээ. Тэр хэрээрээ чи бусдад болон ѳѳртѳѳ улам л арчаагүй байдлаар үнэлэгдэнэ. Хүн болгонд ѳѳрийн гэсэн зовлон байдгийг мартаж болохгүй, тэд чам шиг ил гаргаж зарлахгүй байгаа болохоос. Ирж буй шинэ он болгон хүн бүрт жаргал зовлон аль алийг нь авч ирдэг.

Жаргалаа зовлон болгох, зовлонгоо жаргал болгох нь таны л ухаан юм шүү дээ. Бас таны сонголт. Амьдрал дэндүү сайхан шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593867
1 эможи

keyboard_arrow_up