COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Юу ч бодохгүй байх үед шинэ санаа орж ирдэг

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

КОМПАНИЙН ЗАХИРАЛ НОЁН ТАРХИ

Хүний бие эрхтэн дундаас онцгой нь тархи гэж хэлж болно. Хүний биеийг нэгэн том компани, корпораци гэж зүйрлэвэл тархи тэрхүү компанийн захирал нь билээ. Танин мэдэх үйл явцыг бид харж, сонсож, үнэрлэж, амталж, хүрэлцэж байж олж авдаг. Тэгвэл харах үйл явц дээр жишээ авья. Та нүдээрээ энэ хорвоо ертөнцийг хардаг гэж бодож байна уу? Тэгвэл итгэлтэйгээр шууд үгүй гэж хэлье.

Нүдээрээ хардаггүй тархиараа хардаг. Нүд бол байгаа юмс үзэгдлийг гэрлийн нөлөөгөөр мэдэрч хүлээн авч тархинд дамжуулдаг хүлээн авагч эрхтэн юм. Харин нүдээр дамжиж ирсэн тэрхүү юмсын талаарх мэдээллийг тархин дахь харааны төв хүлээн авч боловсруулалт хийж хардаг. Энэ бол нэг л жишээ. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх гэх мэт таван мэдрэхүйн танин мэдэх процесс тархинд өрнөнө. Тэгэхээр тархи маш их ачаалалтай ажилладаг нь тодорхой. Тархины 100 тэрбум мэдрэлийн эс хоорондоо маш нарийн зохион байгууллалт бүхий мэдээлэл дамжуулах сүлжээ үүсгэн ажиллана.
Мэдрэлийн эс хоорондоо холбогдох хэсгийг синапс гэж нэрлэдэг ба нэг эсээс нөгөө эсэд цахилгаан сэрэл мэдээлэл дамжихын тулд энэхүү синапс хооронд мэдээлэл дамжуулдаг бодисууд ялгардаг. Шинжлэх ухаан одоогоор 100 орчим төрлийн тархинд мэдээлэл дамжуулагч бодис байдаг гэж үзэж байна.

Энэхүү мэдээллэл дамжуулагч бодисоос цухас дурдвал амттан идэх, кофе уух, тамхи татах, архи уух зэрэгт үүсдэг допамин, ходоодноос ялгарч тархинд очиж өлсөх мэдрэмж өгдөг грелин, өөхний эсээс ялгарч тархинд очиж цадах мэдрэмж үүсгэдэг лептин даавар гээд нэрлэж болно. 100 орчим мэдээлэл дамжуулагч бодисуудаар дамжин 100 тэрбум мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжих үйл явц өрнөхийг төсөөлөөд үзье. Яг л он солигдох мөчид буудуулдаг салютийг тасралтгүй буудуулах мэт тийм хэмжээний цахилгаан мэдээлэл тархинд өрнөнө.

21-р зууныг мэдээллийн эрин зуун хэмээн нэрийдэж байна. Аргагүй юм хүн өдөрт хэдэн зуу, хэдэн мянган төрлийн мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал медиа хэрэгслэлээр дамжуулан авч байна. Тархи энэ болгонд ачааллана. Энэ эрин үед тархинд хүлээн авах процесс нь ихсээд эргэцүүлэн бодох, дүгнэлт хийх процесс нь багасч байна. Тархи ийм төлөв байдалтай үед хэт их ачаалалд орж стресс, мэдрэлийн ядаргаанд ордог. Иймийн учир тархиа амрааж байх хэрэгтэй.

ШҮРШҮҮРТ ОРЧИХООД САЛХИНД ГАРЧ АЛХ

Америкийн эрдэмтэн, нейросайнс судлаач Жонс Күниос профессорын баг олон жилийн судалгааныхаа үндсэн дээр “Юу ч бодохгүй байх нь шинэ санаа бий болоход маш чухал нөлөөтэй” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Шүршүүрт орох, салхинд алхах гэх мэт үед хүний тархинд “default mode network” буюу тайван төлөв байдалд ордог байна. Энэ төлвийн үед тархины их гадарт хадгалагдах ой санамжийн мэдээллүүдийн хоорондох сүлжээ идэвхжиж шинэ санаа үүсдэг ажээ.
Монгол ардын зүйр үгэнд “Суусан сэцнээс явсан тэнэг дээр” гэдэг нь хүний туршлага дээр шинэ санаа үүсэх үндэслэлтэй ажээ. Шүршүүрт орчихоод гараад салхинд алхаад байж дээ. Гэнэт түс хийсэн шинэ санаа орж ирээд тэр нь Нобелийн шагналын эхлэл байхыг үгүйсгэх аргагүй юм. 2012 оны Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар Японы эрдэмтэн Шиня Яаманака тодорсон юм. Түүний нээлт бол хүний биеийн аль нэг төрлийн эсийг эргэн програмчлах загвараар үүдэл эс гарган авах нээлт байсан юм. Өөрөөр хэлбэл таны амны салстын эсийг хувирган элэг, бөөр, зүрх гэх мэт өөр эрхтний эсийг ургуулах нээлт юм. Нобелийн шагналт эрдэмтэн Шиня Яманака анх маш олон судалгааны өгүүлэл, диссертаци уншаад уншаад судалгааны чиглэлээ нэг л сайн чиглүүлж чадахгүй байжээ. Тэгээд нэгэн өдөр шүршүүрт орж байхад нь нэгэн санаа орж ирсэн нь түүний нобелийн шагнал хүртсэн нээлтийн эхлэл болсон юм хэмээн дурсан ярьжээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/tsahimemch

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58711
1 эможи

keyboard_arrow_up