COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Туул: Нүүрний булчингуудыг дасгалжуулснаар арьс чангарч, хаван арилж, үрчлээс тэнийж, арьсны уян хатан, жигд толигор болдог…

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш бие, нүүр царайны залуу сайхан байдлаа хадгалж үлдэх арга замыг эрэлхийлж ирсэн түүхтэй. Эдгээр арга замыг улс орон үндэстэн ястан бүр өөр өөрийн онцлогт тохируулан уламжилж ирсэн. Даяаршлагдаж буй өнөө цагт хүн төрөлхтөн тэр чигээрээ иог, бясалгалд шамдан суралцаж эрүүл зөв амьдрах арга замыг бий болгож байна. Энэ удаагийнхаа зочноор бид “Бадамлянхуа” иогийн төвийн захирал Б.Туулыг урилаа. Кино найруулагч мэргэжилтэй энэ бүсгүй гурван жилийн өмнөөс иогийн арга ухаанд шимтэж Энэтхэг, Тайланд, Сингапур, Англи, Монгол улсдаа суралцаж мэргэжлийн багш иогч болжээ. 2017 онд Английн “Danielle Collins Face Yoga Method” болон Advanced, Supertraining сургалтыг дүүргэсэн. Английн “Danielle Collins Face Yoga Method” –ийн монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрх бүхий багш нарыг бэлтгэж байна.

Нүүрний иогийг сонгосноор эрүүл, эрсдэлгүй байгалийн аргаар арьсны хөгшрөлтийн асуудлыг цогц байдлаар шийднэ..

-Нүүрний иог гэж юу вэ? Үүнээс яриагаа эхэлье?

-Иогийн үүсэл гарал бол 5000 түүнээс ч олон жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг. Эртний гэгээнтэн, мэргэд амьдралын утга учир, үнэнийг хайн даяанчилж, бясалгасаар орчлонгийн бүх зовлонгоос ангижран, эрүүл энх, аз жаргалтай, амар амгалан амьдарч болох нууцыг тайлсан нь иог байжээ. Орчин үед иогийн олон урсгал чиглэл хөгжиж ирсний нэг бол нүүрний иог юм. Нүүрний иог олон жилийн турш зөвхөн нүүрний хөдөлгөөн, булчингуудын дасгал гэж явж ирсэн. Тухайлбал МЭӨ 69-30 оны хооронд амьдарч байсан Египетийн үзэсгэлэнт хатан хаан Клеопатра, Эртний Хятадын хатад нүүрнийхээ залуу байдлыг хадгалахын тулд дасгал хийдэг байсан түүхэн баримт бий. Өөр түүхэн баримт ч олон байдаг. Ингээд хүн төрөлхтөн хөгжин дэвшиж амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөд ирэхээр нүүрний дасгалыг иогтой хослуулан амьсгалын техник, оюун ухааны төвлөрөлтэй хавсран хийж эхэлсэн байна. Бидний нүүрэнд 57 булчин байдгаас өдөр тутам идэвхитэй ажилладаг 20 гаруй булчин байдаг. Үлдсэн 30 гаруй булчин төдийлөн идэвхитэй ажилладаггүй. Эдгээр булчин идэвхтэй ажиллахгүй хөшиж суларснаас шалтгаалан нүүрний арьс унжиж, үрчлээ нугалаа үүсэн, хэлбэр төрх нь өөрчлөгддөг. Тиймээс өдөр тутам эдгээр булчингуудыг ажиллуулж дасгалжуулснаар арьс чангарч, хаван хуян арилж, үрчлээсүүд тэнийж, арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсны гадаргуу жигд толигор болдог.

– Бид нүүрэндээ гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээтэй бүтээгдхүүнүүдийг хэрэглэж байна. Үр дүнгийн хувьд нүүрний иог үүнээс илүү юу?

-Нүүрний иогийн дасгалууд нь арьсны өнгөн хөрс төдийгүй жинхэнэ арьс, доорх өөхөн давхраанд хүртэл нөлөөлдөг онцлогтой бөгөөд цус, тунгалагийн эргэлтийг сайжруулан арьсны хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлдэг. Ингэснээр насжилттай холбоотой өөрчлөлтүүд багасаж нүүр зөв хэлбэртэй болж залуу байдлаа хадгалан үлдэх боломжтой. Нүүрний иог нь зөвхөн нүүрэнд төдийгүй бие махбод, сэтгэл санааг тайвшруулах өндөр ач холбогдолтой. Орчин үед бүсгүйчүүд маань маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэс ажилбарыг сонгох болсон. Гэхдээ нүүрний иогийг сонгосноор эрүүл, эрсдэлгүй байгалийн аргаар арьсны хөгшрөлтийн асуудлыг цогц байдлаар шийдэх боломжтой. Адаглаад эрүүл мэндэд эрсдэлгүй бас санхүүгийн хэмнэлттэй шүү дээ. Тусгай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл шаардлагагүй зөвхөн өөрийнхөө 10 хурууны тусламжтай дасгалуудыг гүйцэтгэх боломжтой. Биеийн дасгал хөдөлгөөн, фитнесс иог хийгээд хүний биеийн галбир өв тэгш байж болдогтой ижил нүүрний булчингуудыг ажиллуулж дасгалжуулаад байвал залуугаараа байх бүрэн боломжтой юм.

-Нүүрний иогоор хэн хэн хичээллэж болох вэ, хэн үр дүнд хүрэх вэ?

-Насны хязгаар гэж байхгүй. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүх хүнд зориулагдсан. Нүүрний иогоор эрт хичээллэх тусам арьс, булчингийн хөгшрөлтийг удаашруулж залуу сайхан төрхөө хадгалж үлдэнэ. Та 30 наснаасаа биеийн болон нүүрний иогоор хичээллэж эхэллээ гэхэд таны бие, нүүрний арьс үргэлж л 30 настай үеийнх шигээ тогтоно гэсэн үг.

Иог бол эрүүл амьдарч гоо үзэсгэлэнд хүрэх цорын ганц арга зам…

-Бадамлянхуа” иогийн төв өнөөдөр ямар ямар чиглэлээр сургалт явуулж байна вэ?

-Хатха иог (уламжлалт иог), агаарын иог, нүүрний иог, зөөлөн иог, жирэмсэн үеийн иогийн сургалт явуулдаг. 2017 оны дөрөвдүгээр сараас Английн “Danielle Collins Face Yoga Method”-ийн нүүрний иогийн арга барилыг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байна. Иогийн тэргүүлэх мэргэжилтэн Danielle Collins нь иогийн дасгал хийж, зөв хооллож, сайн сайхан тэмүүлэх нь эрүүл амьдарч гоо үзэсгэлэнд хүрэх цорын ганц арга зам гэж үздэг. Тэрээр Нүүрний иогийг дэлхийн түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, одоо дэлхийн өнцөг булан бүрт өөрийн 300 гаруй багшийг бэлтгэн гаргасан хүн юм. Миний хувьд 2017 онд DCFYM-ийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч багш болоод Монголдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 16 нүүрний иогийн багш бэлтгэн гаргаад байна. Энэ сургалт нь Английн анагаах ухааны коллежоор магадлан итгэмжлэгдсэн, DCFYM байгууллагаар сургалтын хөтөлбөр, гарын авлага нь батлагдсан сургалт юм. Хамгийн гол нь Английн төвөөс сертификат нь олгогддогоороо онцлогтой.


-Иогийг судалж буй хүмүүс олон байгаа. Юунаас эхлэх нь чухал юм бэ?

– Иог бол хүн төрөлхтөн эрүүл, аз жаргалтай амьдрах амьдралын арга ухаан, амьдралын эртний мэдлэг юм. . Ихэнх хүмүүс иог гэхээр уран нугаралт, акробат, хүнд элементийн дасгал хөдөлгөөн хийж зурагаа авахуулсан сайхан бүсгүйчүүдээр төсөөлдөг. Энэ бол ташаа ойлголт. Асана- дасгал хөдөлгөөн бол Иогийн нэг жижигхэн хэсэг. Энэтхэгийн эртний мэдлэг иогийг түгээх зорилгоор 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеэс Энэтхэгийн мастер багш нар европ руу түгээж эхэлсэн. Гэхдээ үүнийг буруу ойлгох буюу шашин гэж хүлээн авах вий гэсэн болгоомжлолоор зөвхөн асана- дасгал хөдөлгөөнийг зааж эхэлсэн бөгөөд одоо ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дасгал хөдөлгөөн төдийхнөөр хувьсан хөгжсөөр байна. Манайд одоо иогийн төвүүд олноор бий болж, иогийн өлгий нутаг Энэтхэгт багш нар боловсорч массын ойлголт эерэг болж байгаа нь сайшаалтай. Иог гэдэг нь бие махбодь, оюун бодол, сэтгэл санааг нэгтгэх арга зам гэж үздэг. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг эрж хайж, түүн рүү тэмүүлсээр байдаг. Хүмүүс үүнийг энд тэндээс хайдаг. Зарим нь мөнгө, эд хөрөнгөнөөс, зарим нь хайр дурлалаас. Гэвч энэ бүгд материаллаг зүйл, хүний хүсэл тачаал шуналтай холбоотой бөгөөд энэ бүгд хүн төрөлхтөнд аз жаргал авчрахаасаа илүү зовлон шаналал, муу бүхнийг авчирдаг гэдгийг бид төдийлөн ойлгодоггүй. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан бөгөөд энэ нууц нь “Иог” байжээ. Иогийн гол зорилго бол маш их баяр жаргалыг мэдрэх юм. Хүний оюун бодол сармагчин шиг байнга тэнэж явдаг. Үүнийг сахилга баттай болгохын тулд төвлөрөл, бясалгал, амьсгалын техникүүд маш чухал. Хүн маш сайн төвлөрч амьсгалаа зөв хуваарилж дасгалаа хийж сурах нь иогийн арга ухааны хаалгыг татлаа л гэсэн үг. Хатха гэдэг нь уламжлалт иог. Анхлан суралцаж байгаа хүмүүс Хатха иогоор хичээллэхэд тохиромжтой байдаг. Дараа нь иогийн ямарч төрлийг сонгож хичээллэж болно.

-Иогоор хичээллэхэд хоолны дэглэм барих уу?

-Хүн эрүүл зөв аж төрөх таван зарчим байдаг. Зөв амьсгалах, зөв хооллох, зөв дасгал хөдөлгөөн хийх, зөв амрах, эерэг бодол бодох. Зөв амьсгалах. Бид нар өдөр тутмынхаа амьдралд уушгиныхаа 30 хувийг л ашиглаж амьсгалдаг. Насанд хүрсэн хүний хувьд 30 хувь гэдэг харамсалтай үзүүлэлт. Тийм учраас зөв амьсгалж сурах хэрэгтэй. Энэ нь гэдэс хэвлийгээрээ амьсгална гэсэн үг. 5 сек амьсгалаа авч байвал 10 сек амьсгалаа удаанаар яаралгүй гаргана гэсэн үг. Зөв амьсгал бол эрүүл амьдралын эхлэл юм. Зөв хооллолт. Хүн амьдрахын төлөө хооллодог уу? Хооллохын төлөө амьдардаг уу? Ихэнх хүмүүсийг харахад хооллохын төлөө амьдардаг. Гэтэл иогийн ухаанаар амьдрахын төлөө хооллох ёстой. Иогийн дүрэмд өглөө хаан шиг, өдөр хатан шиг, орой гуйлгачин шиг хоолло гэдэг. Иогийн зарим мастерууд өдөрт хоёрхон удаа хооллодог. Зөв хооллолт бидний биеийг эрүүл, оюун бодол тайван, амар амгалан амьдрахад тусладаг. Дараа нь зөв дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зарим хүмүүсийг харахад зөв амьсгалаад, зөв хооллоод байгаа мөртлөө эрүүл мэндийн асуудалтай л байдаг. Энэ нь дасгал хөдөлгөөн хийхгүйтэй нягт холбоотой. Заавал иог гэхгүйгээр фитнесс хий, алх, гүй, бүжиглэ, ууланд авир. Та ямар хөдөлгөөн спортоор хичээллэх сонирхолтой байна. Түүгээрээ хичээллэ. Ингэснээр таны биеийн цусны эргэлт сайжирч, эрч хүчтэй болж, биеийн тэнцвэрийг бий болгодог. Ихэнх хүмүүс турмаар байна, илүүдэл жингээ хаямаар байна гэдэг. Биеийн тэнцвэр алдагдчихсан учраас жингээ хаяхгүй байгааг төдийлөн ойлгодоггүй. Тиймээс эхлээд биеийн тэнцвэрийг бий болгож дотроосоо эрүүлжээд дараа нь аяндаа хүссэн үр дүндээ хүрнэ. Хүн байгалийн жамаар өдөр ажиллаж шөнө унтах ёстой. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны өөрчлөлтөнд ордог. Тиймээс унтаж амрахаа тохируулах нь гоо сайхан, эрүүл, залуу явах ач холбогдолтой. Зөв цагтаа унтаж зөв цагтаа босох хуваарийг чандлан сахих нь чухал. Дээрх 4 зүйлийг барилталдаг байлаа гэхэд оюун бодол сөрөг байж болохгүй. Тэгэхээр таны амьдралд xандах xандлага, аливааг үзэx үзэл өөрийг чинь xэн бэ? гэдгийг xаруулна гэсэн үг. Xүний эерэг бодол xүнийг цэнэглэж амжилтад xүргэж аз жаргалтай сайхан байлгадаг бол сөрөг бодол туxайн xүнийг доройтуулж өвчлүүлж байдаг. Чи өөрийнхөө xүссэн амьдралаар амьдарч чадаx уу гэдэг та xэр зэрэг өөдрөгөөр сэтгэдэг xүн бэ гэдэгтэй шууд xолбоотой. Тиймээс сайхан зүйл бодож, мөрөөдөж, төсөөлж, ярьж, бүтээхийг хүссэн зүйлээ бүтсэнээр бодох хэрэгтэй. Хэрэв аз жаргалыг олохыг хүсвэл эдгээр таван зарчимыг тэнцвэртэй байлгах ёстой юм.

-Таны ярианаас бид эхлээд зөв амьсгалж, оюун ухаанаа сайн төвлөрүүлж авах ёстойг ойлголоо. Төвлөрч сурахын тулд юунаас эхлэх вэ?

-Ер нь энэ бүхэн өөр хэнээс ч биш зөвхөн хувь хүн танаас өөрөөс чинь шалтгаална. Бид сэтгэлийг ямар нэг зүйлд дасгая гэвэл тогтмол дадлага хэрэгтэй. Төвлөрлийг бий болгож байж бясалгана. Төвлөрлийг бий болгох олон аргууд бий. Хамгийн эхний арга бол биедээ эвтэйхэн байрлалаар нуруу цэх суугаад ( завилж, хөлөө жийж, сандал гэх мэт аль нь ч байж болно) нүдээ аниад яг амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж хамраар орж гарах амьсгалыг мэдрэх. Хамраар орж буй амьсгал хүйтэн, гарахдаа халуун болдог. Эсвэл хоёр хөмсөгнийхөө голд, эсвэл хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлж тэр цэгээ алдахгүй барьж анхаарч бас болно. Хамгийн гол нь бодол саринаж умбах үед мэдэж буцаах, эсвэл бүүдийж нойрмогловол өөрийгөө сэрээх. Гэхдээ өдөр болгон 20 минут хийгээд байхаар аяндаа дадал болж сариналт багасаад ирнэ. Лаа асаагаад дөлийг нь харж төвлөрөх арга ч бий. Хэрвээ та 90 өдөр үүнийг хийхэд танд төвлөрөл өөрөө бий болж өөрлөгдөж эхэлнэ. Сэтгэлийн түгшүүр , сөрөг муу бодлууд арилаад ирэхээр өөрийг танин мэдэх боломж нээгдээд Би хэн бэ? Би энэ амьдралдаа юу хийж чадсан бэ? Юуны төлөө амьдарч байгаа? гэх мэтээр Өөрийгөө хянаж таньж эхэлдэг. Ганцхан бидний биед бус ажил төрөл амьдралын бүхий л зүйлд төвлөрөл бий болж эхэлдэг. Таны ажил бүтэмжтэй болж өөрөө дэвжээд дэвшээд ирнэ.

-Юу ч бодож болохгүй гэсэн бодол ч гэсэн тэр үед төрдөг тухай хичээллэгсэд ярьж байсан. Энэ үед яах вэ?

-Бясалгал төвлөрөл гэдэг чинь угаасаа бодолгүй байх оюун ухааныг хоослох гэсэн утгатай. Анхлан хийж байгаа хүмүүсийн бодол сэтгэл эмх замбараагүй, тэнэмэл байдаг. Төвлөрч суух үед тэнээд яваа бодлоо буцаагаад л авчрана. Ингэсээр 90 хоногийн дараа огт өөр түвшинд амьдарч бясалгал руу өөрийн эрхгүй уусдаг.

Зүгээр л хүрээд ир, заавал мөнгөө төлөөд ороод ир гэхгүй…

-Монгол хүмүүсийн суралцах чадварын тухайд?

-Болохгүй, бүтэхгүй зүйл гэж ер байдаггүй. Болохгүй бүтэхгүй гээд суух нь хүсэхгүй байгаагийн шинж. Хүмүүс анх ирэхдээ би мод шиг, хөшүүн чадахгүй байх гэдэг. Бид нар өнөөдөр энд таны тэр мод шиг гээд нэрлээд байгаа хөшсөн биеийг аажим аажмаар уян хатан, эрүүл гоолиг болгож дотоодоос эрүүлжүүлж, сэтгэл санааны амгалан тайван байдалд хүргэх гэж өөрсдийнхөө мэдлэгийг зарж ажиллаж байгаа. Хүн гэдэг амьтан гурван төлөвтэй. Салхин мах бодьтой хүнийг иогийн хичээлд урихад тэгий гээд шууд ирнэ. Гал махбодьтой хүнийг урихад олон асуултаар булна. Тэгсэн ч гэсэн ирдэг. Усан махбодьтой хүн болохгүй талаас нь хардаг. Найз нь дараа жилээс болий, би чадахгүй гэдэг ч юмуу.

-Та өөрөө хэдийнээс хэрхэн яаж эхлэв?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Иогийг анхлан суралцахдаа Энэтхэгт суралцсан багшаар сууриа зөв тавиулсан юм. Дараа нь Энэтхэг багшаас багшийн эрхээ авсан. Иогоор хичээллэсэн эхний өдрөөсөө л асар их ер бусын хүчийг мэдэрч миний хайгаад байгаа орон зайгаа энэ мөн гэж бодсон. Хичээллэхээс өмнө амархан ядардаг, стресстдэг, сөрөг сэтгэлийн илэрхийлэл бодолтой, унтаад сэрсэн ч амраагүй юм шиг байдаг байсан маань аажмаар арилж маш их эрчим, энергийг мэдэрч хийж бүтээх хүсэл зорилго ихтэй болчихсон. Бага байхын л сул улбагар арьстай таргалах дуртай биетэй байсан маань гоё өв тэгш болоод илүүдэл жин арилж булчинлаг болсон. Хамгийн гол нь алдагдсан энерги маань нөхөн сэргээгдэж байгааг оношилгооны аппаратын тусламжтайгаар мэдэж авсан юм. Иогийн багш болох зорилго тавьж зургаан сарын дараа багш болсон доо. Болно бүтнэ гээд зорьсон зүйл их амархан бүтдэг. Хамгийн гол нь би ээждээ иогийг зааж өгөх хүсэл их байлаа. Миний ээж ангинаас үүссэн үе мөчний хэрх өвчтэй, нурууны суулттай үүнээсээ болоод их зовиуртай байсан юм. Судлаад үзэхнээ энэ өвчнүүдэд таарсан эмчилгээ өвчин намдааж түр аргалах төдийхөн байсан нь иогоор хичээлүүлэхэд аажимдаа өвчин анагаагдах байх гэдэгт итгэсэн хэрэг. Одоо бол миний ээж өвчиндөө зовиурлаж хэвтэх нь битгий хэл бас иогийн багш болж манай зөөлөн иог, жирэмсний иогийн хичээлийг заадаг миний хамгийн том туслах, зааварлагч болсон. Энэ миний хамгийн том зорилго байлаа даа. За тэгээд урам зоригоор дүүрэн өөртөө итгэлтэй болсон ч толинд харахаар царай нэг биш, үрчлээ нэмэгдээд арьс сулраад эхэллээ. Тэгээд хүний бие дасгал хөдөлгөөнөөр ингэж гоё сайжирч болж байгаа юм чинь нүүр ч болно гээд судалж эхэлсэн. Яг энэ үед Япон, Англи, Америкт нүүрний иог ид цэцэглэн хөгжиж байснаас судлаад хөгжих боломж илүүг харгалзан үзэж Английн сургалтыг сонгосон доо.

-Нүүрний иогийн үр дүнгээсээ хуваалцаач?

-Миний үр дүн зурагнаас маань сайн харагдана. Дөрвөн сарын хугацаанд гарсан өөрчлөлт энэ. Ер нь нүүрний иог 14 хоногийн дотор анхны өөрчлөлтүүд үзэгдээд 2-4 сарын дараа нилээн том өөрчлөлт мэдрэгддэг. Миний нүдний хажуу талын сарвуу үрчлээ, доод зовхины уутанцар арилж үрчлээтэж суларсан нь засарсан. Арьс чангарч өргөгдсөн. Духны үрчлээс арилж, нүүр V line хэлбэрт орсон. Нүүрний иог мэдрэлжилтийг маш сайн сэргээж өгдөг. Стресс ядаргаанаас болоод нүүр нь муруйдаг, нэг тал нь унждаг хүмүүст маш өндөр үр дүнтэй.


-Хандаж байгаа хүмүүсийн сэтгэгдэл. Хэр хугацаанд үр дүнд хүрдэг вэ?

-Би анх нүүрний иогийн сургалтаа үр дүнг нь харах гэж 10 хоногоор хийсэн. Үр дүн харагдаж суралцагч нарт том өөрчлөлтүүд гарсан. Хамгийн эхлээд нүүрний хаван арилдаг. Дараа нь нүүрэнд үүссэн жижиг үрчлээсүүд маш сайн тэнийнэ. Доод зовхины уутанцар, сарвуу үрчлээ, духны үрчлээ хөмсөг хоорондын босоо үрчлээс арилж завьжны унжсан байдал өргөгдөж сэргэг болно. Яг 10 хоногт илт өөр болдог. Одоо бол тав хоногийн сургалтуудаа хийж байна. Мөн “Нүүрний иог” номтойгоо 2-3 хоногийн сургалт хийхээр төлөвлөж байгаа.

-Цогц сургалт эхэлсэн гэлээ. Тодруулбал…?

-Биеийн болон нүүрний иог хосолсон сард 12 удаа хичээллэх анги эхэлж байна. Өглөө өдөр оройн ангиудаас өөрөө сонгоод хичээллэх боломжтой. Биеийн иог, нүүрний иогийг хослуулан хийх сонирхолтой суралцагчид маань энэ ангид хичээллэхэд давхар давхар хүслээ биелүүлэх ашигтай гэж хэлж болно.

-Багшийн сургалтад заавал иогийн багш нар л хамрагдах юмуу?

-2017 онд багш бэлдэх сургалтаараа дандаа иогийн багш нарыг сургасан. Гэтэл би иогийн багш биш гэхдээ багшийн хэмжээнд суралцах шаардлага байна гэсэн хүсэлт маш их ирж байгаа учраас энэ оноос ямар нэг босго тавихгүйгээр бэлдэж эхлэх бодолтой байна. Ирэх гуравдугаар сард 3 дахь удаагийн багшийн сургалтыг зарласан байгаа.


-Хүмүүс үр дүнгийн талаарх сайхан мэдээлэл сонсож зураг, тухайн хүнийг нүдээрээ харсан ч өөрөө эхлэхдээ хойрго байдаг. Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна?

-Хүмүүс буруу ойлголтоос болдог юмуу өөртөө итгэлгүй сэтгэхүйгээр хаалт хийчихдэг. Би чадахгүй байх гээд л. Гэтэл үгүй. Иогоор хөгшин, залуу, тарган, туранхай бүгд хичээллэж болно. Иог эхний ээлжинд тэнцвэр бий болгоно. Үүний дараа бие эрүүлжиж эхэлдэг. Турах зорилготой хүмүүс их ирдэг. Сар яваад жин дээр биеийн жин хасагдахгүй хирнээ хүмүүс турчихаж гээд байна гэцгээдэг. Учир нь иог эхлээд дотор өөхийг шатааж дотроос эрүүлжүүлж эхэлдэг. Тэгээд өөхөн давхарга булчингийн масс болж хувирдаг. Булчин өөхнөөс хүнд жинтэй учраас турж галбирсан ч жингийн өөрчлөлт ажиглагдахгүй байгаа юм. Иогийн багш нар бүгд их өв тэгш галбирлаг биетэй, булчинлаг байдаг. Хэн ч зорилго тавиад тууштай хичээллэх юм бол тийм болох боломжтой. 4-6 сар, 1-2 жил гэхээр сонсоход урт хугацаа юмшиг санагдавч бид нар турна гээд 5-6 жилийг хий дэмий өнгөрүүлдэг биз дээ. Одоо хүн төрөлхтөн эрүүл зөв амьдралыг сонгож байна.

-Эрт эхлэх тусам илүү ихийг олж авах юм байна?

-Зүгээр л хүрээд ир. Заавал мөнгөө төлөөд ороод ир гэхгүй. Эхлээд нэг удаа үнэ төлбөргүй суугаад үз. Таны хүсэл сонирхолд нийцэх нь үү, та чадах нь уу, таны биед хэрэгтэй эсэхийг ойлго. Дараа нь та маш их зүйлийг ойлгоно. Та хэдэн настайгаасаа хичээллэж эхэлнэ яг тэр насаа хадгалаад цаг хугацаа зогсоно гэсэн үг.


-Манайхан аливаа үйл ажиллагаа, үйлчилгээг нэг л хүнээр хүлээж авдаг. Жишээ нь танай төвд хандвал Туул багшийн сургалтад л суумаар байна гэнэ. Багш нарынхаа тухай?

-Манайх чадварлаг сайн багш нартай. Энэтхэг арга барилаар бүх сургалтуудаа явуулдаг онцлогтой. Манай бүх төрлийн иогийн сургалт төвлөрөл бясалгал, амьсгалын техникүүд, бие халаах дасгал, иогийн үндсэн асана-дасгалууд, амраах дасгал, эрүүл амьдрах зөвлөгөө гэсэн дарааллаар явагддаг. Манай багш нар бүгд өөр өөрийн гэсэн арга барилтай мэргэжлийн хүмүүс. Мөн Багшийн эрх олгох 2-3 сургалтанд хамрагдсан байдаг. Жишээ нь жирэмсний багш маань тусгай жирэмсний сургалтад сууж мэргэшсэн байх жишээтэй. Бас заавал манай дээр ир гэхгүй. Өөртөө ойрхон газараа очоод хичээллэ. Энэ сайхан зүйлийг эртхэн мэдэр. Та аз жаргалтай өөртөө итгэлтэй эрч хүчтэй амьдрахад нэг алхам урагшлах болно.

-Эрүүл зөв дадалтай өөртөө итгэлтэй сайхан амьдрахад өдөрт хэр хугацаа шаардлагатай вэ?

-Нүүрний иогийг 7 хоногийн 6 өдөр өдөрт 10-20 минут хийнэ. Биеийн иогийг долоо хоногт 3 удаа танхимд хичээллэж болно. Хамгийн энгийн Нарны мөргөл 12 тоот дасгалыг танхимаар суралцаад гэртээ өдөр бүр хийгээд байхад та жингээ барина, уян хатан байдал нэмэгдэнэ, сахар болон зүрх судасны өвчлөлд өртөхгүй, үе мөчний өвчин нурууны асуудал үүсэхгүй, дотроосоо эрүүлжиж адаглаад сөрөг бодолгүй амар амгалан байх боломжтой юм шүү. Цаг хугацаа хэзээ ч оройтохгүй Зөвхөн эхлэх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: AMJILT.NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52411
4 эможи
keyboard_arrow_up